Завхан аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн ажлын байртай танилцлаа. Өмнө нь гар урлал, оёдлын цехүүдийн үйл ажиллагаа, ногоочдын ажлын байртай танилцаж байсан. Харин энэ удаад талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн ажлын байртай танилцсан юм. Өнөөдрийн байдлаар тус аймагт 12 газар талх, нарийн боов үйлдвэрлэж байгаа бөгөөд хамгийн ууган нь Завханбаялаг ХК юм. Аймагтаа л томд тооцогддог тус үйлдвэрийн талх нарийн боовны цех нь 10 гаруй ажилтантай. Энэ үйлдвэрийн иоджуулсан давс, дөрвөн төрлийн чихэр, жимсний чанамалууд нь хэрэглэгч олонтой байдаг бол талх, нарийн боовны хувьд иргэдийн хэрэглээ бага байдаг тухай хэлж байлаа.
Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг талх, нарийн боовны цехүүдийн хувьд ажлын байрны нөхцөл шаардлага хангадаггүй, мэргэжлийн боловсон хүчин дутмаг, техник тоног төхөөрөмжийн хувьд хоцрогдсон байдал нийтлэг байсан юм. Гэхдээ энэ төрлийн үйл ажиллагааг хувийн байгууллагууд гүйцэтгэж байгаа учраас бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэж буй тоо ширхэг, ажиллах нөхцөл харилцан адилгүй байв. Хамгийн гол нь зориулалтын байрны асуудал нэлээд хүнд байгааг тэд онцолж байсан. Ихэнх нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг ч стандарт шаардлагыг хангаж байгаа нь тун цөөн. Тиймээс талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн ажлын байртай танилцсан аймгийн ИТХ-ын дарга ажиллах орчинг нэн яаралтай сайжруулах хэрэгтэйг тэдэнд зөвлөлөө. Мөн энэ төрлийн үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдсан асуудлаар Иргэний танхимд хэлэлцүүлэг хийж тулгамдсан асуудлаар холбогдох хүмүүсийг оролцуулан нээлттэй ярилцах хэрэгтэйг хэлсэн байна.