
Хэдэн зууны тэртээ илэрсэн, гэхдээ өдий болтол яагаад, юунаас гэдэг шалтгааныг нь тодруулж чадахгүй байгаа нэг төрлийн эмгэг бол аутизм. Анагаахын нэр томьёонууд, олон эрдэмтний онол, оношийг тайлбарлахын оронд хамгийн энгийнээр энэ эмгэгийн талаар ойлголт авья гэвэл Оскар наадамд 13 төрлөөр нэр дэвшиж, зургаан төрөлд алтан баримал хүртсэн "Форрест Гамп" киног үзэхийг зөвлөх байна. Энэ кино бол аутизм эмгэгтэй хүний амьдрал, намтар.
Өнөөдөр дэлхий дээр аутизм эмгэгтэй 70 сая гаруй хүн байна, харин Монголд 80 гаруй хүүхэд (2-22 насны хооронд) бүртгэлтэй. Тэдний амьдрал "Форрест Гамп" кино шиг байдаггүй нь харамсалтай. Манайд энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүдийг албан ёсоор бүртгэж чадаагүй. Харин эцэг, эхчүүд нь хоорондоо холбогдож, ярилцсаар Монголын аутизмын холбоог байгуулан ажиллаж байна.



Монгол Улсын эд эс болсон эдгээр хүүхдүүдийн сайн сайхны төлөө нэгдэж, ар гэрийнхэнийх нь хүнд ачааг хуваалцахаар үйл ажиллагаа явуулдаг тус холбооныхон амралтын өдрөөр хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулсан. Энэ үеэр тус арга хэмжээнд оролцож буй Ардчилсан Хүчний Холбооны гүйцэтгэх захирал Т.Энхсайхантай ярилцлаа.
-Ардчилсан Хүчний Холбоо өнөөдрийн арга хэмжээнд хандивлагчаар оролцож байна уу?
-Манай холбоо нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажилладаг. Энэ үүднээсээ өнөөдөр хандивлагчийн хувиар энэ арга хэмжээнд оролцож байна.
Аутизм гэдгийн цаана тодорхой бүлэг хүмүүс байна. Тухайлбал, аутизмтай нэг хүүхдийн цаана гэр бүл, асран хамгаалагчдын асуудал яригдах нь гарцаагүй. Манайд ийм эмгэгтэй хүүхдүүд байгаа, гэхдээ Монгол Улс аутимзтай хүүхдүүдийнхээ тоог албан ёсоор гаргаж чадахгүй байна. Энэ хүмүүст хандсан халамж, үйлчилгээг төрөөс зайлшгүй явуулах ёстой ч одоогоор бүх ажил төрийн бус байгууллагын түвшинд хийгдэж байна. Тиймээс Ардчилсан Хүчний Холбоо зөвхөн энэ удаа хандив өргөөд өнгөрөхгүй, цаашид энэ асуудлыг төр засгийн бодлогын түвшинд тусгуулахаар ажиллах болно.
Аутизм эмгэгтэй хүмүүс сонирхсон зүйлдээ гайхалтай амжилт гаргах боломж байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Олон улсад суутнуудын эмгэг гэх нь бий. Нийгэм нь ойлгоод, эргэн тойрны хүмүүс нь дэмжиж, зөв чиглүүлснээр гайхалтай шүлэг туурвил, уран зураг, ая эгшиг бүтээдэг суут уран бүтээлчид ч төрж гарсан тохиолдлууд байна. Энэ нь аутизм эмгэгтэй хүн ганцаардмал, нийгмээс тусгаар, нэг зүйлд хэт анхаарал хандуулдаг зэрэг онцлогоос үүдэл байх магадлалтай гэсэн.
Дэлхий дээр аутизм эмгэгтэй 70 сая гаруй хүн байна, харин Монголд 80 гаруй хүүхэд (2-22 насны хооронд) бүртгэлтэй.
Тэгэхээр аль болох багад нь зөв оношилж, хөгжүүлэх ёстой. Харин Монголд дөнгөж жилийн өмнө ТББ байгуулагдаж, энэ эмгэгийн талаар таниулж, мэдээлэл өгч эхэлсэн. Монголчууд дөнгөж анхаарч эхэлж байгаа юм. Аутизм эмгэгт хөвгүүд өртөх магадлал илүү өндөр байдгийг ДЭМБ болон бусад судалгаа, баримтаас харж болно. Тэгэхээр Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ёстой хөвгүүдэд энэ төрлийн эмгэг бас тодорхой хэмжээний эрсдэл болж байгааг ч бодолцох ёстой. Тиймээс манай холбоо үүнд нэлээд анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажиллах болно.


Энэ үдшийн хандивын арга хэмжээннд Ардчилсан Хүчний Холбоо болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТББ, хувь хүмүүс, хандивлагчид оролцсон. Хандивын үдэш урлагийн тоглолт болон аутизм эмгэгийн талаар танилцуулга явагдсан. Үйл ажиллагааны дундуур Монголын аутизмын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Алтангэрэлтэй цөөн хором ярилцсан юм.
-Өнөөдрийн арга хэмжээнд хэр олон хүн оролцож байна вэ?
-Монголын аутизмын холбоо ТББ-аас санаачлан хандивын үдэш зохион байгуулж байна. Энд хүрэлцэн ирсэн хүмүүс таксаар оролцоно. Таксны төлбөрийн тодорхой хувь болон шууд өгөх хандив манай холбоонд хөрөнгө болон цуглах юм.
Аутизм бол нэг төрлийн тархины эмгэг учраас эм уугаад ч юм уу, мэс засал хийгээд эдгээчих боломжгүй. Сүүлийн хэдэн жилд Монголд энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд нэмэгдэж байна. Шалтгаан нь оношлогоо сайжирч, хүмүүс энэ талын ойлголттой болсон шууд холбоотой. Аутизмтай хүүхдүүдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд багагүй цаг, хөдөлмөр шаардлагатай. Үүний тулд гэр бүл, эмч, багш гэсэн гурвалсан холбоо чухал.
Ирэх сард Сингапураас олон улсын зөвлөх багш ирж эцэг, эхчүүдэд гурав хоногийн турш аутизмтай хүүхэдтэй хэрхэн ажиллаж, хөгжүүлэх вэ гэдгийг заах юм. Тус сургалтын санхүүжилтийг энэ удаагийн хандивын арга хэмжээгээр шийдэх юм. Түүнчлэн манайд энэ төрлийн эмгэгийг оношлодог эмч байхгүй. Тэгэхээр ирэх тавдугаар сард Малайзад болох мэргэшил олгох сертфикаттай сургалтад дөрвөн эмчийг хамруулах юм. Тэдний зардал, төлбөрийг бас цуглуулах зорилготой. Тэр дөрвөн эмчийг мэргэшүүлчих юм бол үндэсний хэмжээнд аутизмыг оношлох мэргэжилтэнтэй болох юм. Цаашлаад тусгай сургуулийн багш, ахуй засалч, хөдөлгөөн засалч, хэл засалч гээд терапистын багш нарт сургалт явуулах төлөвлөгөө бий. Энэ мэт төлөвлөсөн олон ажлынхаа санхүүжилтийг босгох зорилгоор өнөөдөр хандивын үдэш зохион байгуулж байна.
Мэргэжлийн эмчтэй болох, аутизмтай хүүхдийн ар гэрийнхэнд сургалт явуулах зэрэг төлөвлөсөн ажлуудынхаа санхүүжилтийг босгохоор Монголын аутизмын холбооноос хандивын үдэш зохион байгуулжээ
-Монголын аутизмын холбоонд хэчнээн хүүхэд бүртгэлтэй байна вэ?
-Манай холбоонд 2-22 насны 70 орчим хүүхэд бүртгэлтэй байна. Гэхдээ 22 дээш насны аутизмтай хүн байхгүй гэсэн үг биш. Байсан хэрнээ оношилж чадаагүй учраас өөр оноштой явж байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн 20 жилийн хугацаанд оношлогдоод, манай холбоонд бүртгэлтэй байгаа нь л 70 орчим юм. Ерөнхийдөө хоёр настайдаа эхний шинж тэмдэг илэрдэг учраас эрт оношлох тусам нийгэмшүүлэх арга хэмжээг эртнээс авах боломжтой.
-Ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?
-Дэлхий нийтэд аутизмыг суутнуудын өвчин гэж нэрлэдэг. Энштейн, Бетховен, Моцарт, Вангог гээд суут хүмүүсийг намтар, түүхийг судалаад үзэхээр аутизмын шинж тэмдэг байдаг юм. Маш олон тохиолдлын тодорхой хувь нь ийнхүү суу билэг байдлаар илэрдэг ч цаана нь зөв хөгжүүлж, нийгэмшүүлж чадаагүй өнгөрсөн олон хүн бий.
Манай холбооны зүгээс аутизмын эмгэгийн анхны шинж тэмдгүүдийг танилцуулсан хуудсыг өрхийн эмнэлгүүдэд тараасан байгаа. Яг одоо дурдвал нэлээд урт жагсаалт гарна. Тэгэхээр хүмүүс анхаарч, сонирхож байвал энэ эмгэгийн талаарх мэдээллийг манай Autism Association of Mongolia фэйсбүүк хуудас болон бусад хаяг, утсаар холбогдон авч болно.
Дэлхий нийтэд аутизмыг суутнуудын өвчин гэж нэрлэдэг. Энштейн, Бетховен, Моцарт, Вангог гээд суут хүмүүсийг намтар, түүхийг судалаад үзэхээр аутизмын шинж тэмдэг байдаг юм.
-Халамж, анхаарал шаардлагатай нийгмийн нэг хэсэг болсон аутимзтай хүүхдүүдэд туслах хандивын аян болж байгааг мэдээгүй хүн олон байх. Тэгвэл өнөөдрийн арга хэмжээнд оролцож чадаагүй ч хандив өргөх хүсэлтэй хүмүүс хаана хандах вэ?
-Манай холбооны 99138914 утсаар холбогдох буюу Худалдаа хөгжлийн банкны TDB 463010334 дансанд хандив өгч болно. Бид цугласан мөнгөнийхөө зарцуулалтыг тухай бүрт нь хандивлагчдадаа танилцуулж байх болно.
