m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.21 14:31
113
Н.Батбаатар: Гэмт хэргийн гаралт өссөн ч илрүүлэлт нэмэгдсэн

MASS.MN сайтын хамт олон төрийн байгууллагыг иргэдэд таниулах, үйл ажиллагааг нь олон нийтэд хүргэх зорилго бүхий ажлыг эхлүүлж байна. Манай кампанит ажлын эхний байгууллагаар Цагдаагийн ерөнхий газар болон харьяа газар, хэлтсүүд оролцохоор боллоо. Хууль зүйн шинэчлэлийн хүрээнд цагдаагийн бие бүрэлдэхүүн өөрчлөгдөн, хэлтсүүдийн тоо нэмэгдэн, байршил нь ч солигдсон. Олон нийтийн тусын тулд бид энэ бүх мэдээллийг та бүхэндээ хүргэх болно.

Энэ удаа Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа  Н.Батбаатартай уулзаж ярилцлаа.

-Танай хороо аль хэсгийг хариуцдаг вэ.  Ямар онцлогтой вэ?

-Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтэст төвийн бүс болох 1-9 дүгээр хороо багтдаг. Гурван хороо нь гэр хороолол бусад нь хотын төвд хамаарагддаг. Аж ахуй нэгж байгуулагууд, үйлчилгээний газрууд нэг дор олноороо төвлөрсөн. Явуулын зорчигч ихтэй. Энэ нь эргээд халаасны хулгай, гудамж талбайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэхэд нөлөөлдөг.

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтэст төвийн бүс болох 1-9 дүгээр хороо багтдаг.

-Гарч буй гэмт хэргүүдийн дийлэнхийг нь ямар гэмт хэрэг эзэлж байна?

-Ер нь бол ихэнх хороодоор эзэнгүй хулгайн гэмт хэрэг ихээр гардаг. Мөн гэртээ архидан согтуурсан, танхайрсан, бусдын эрх чөлөөнд халдсан гэмт хэргүүд голчлон гардаг. 

-Танай хэлтсийн хувьд авч хэрэгжүүлж байгаа ямар арга хэмжээ байна вэ?

-Жилдээ 4-5 удаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэмт хэргийг илрүүлэх, гарсан гэмт хэргийг шуурхай илрүүлэх, сэжигтэн яллагдагч нь оргон зайлсан гэмт хэргийг илрүүлэх, шийдэх, шийдвэрлэх нэгдсэн арга хэмжээг тогтмол явуулдаг юм. Хэсгийн байцаагчийг явган болон авто эргүүлүүдийн хамт ажиллуулж байна. Саяхан аравдугаар сард олон нийтийн цагдаа гэх шинэ албан тушаалд хүмүүсийг ажиллуулж тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

-Иргэдийн аюулгүй байдлыг хангах талаас ойрын болон хэтдээ төлөвлөгдсөн ямар арга хэмжээ байна?

-Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг цаг үеийн байдлаас шалтгаалаад явуулдаг. Одоо авч байгаа арга хэмжээ бол түтгэлзүүлсэн хэргүүдийг илрүүлэхээр ажиллаж байна. Мөн захиргааны хяналтанд байдаг хорихоос өөр ял шийтгэлтэй иргэдтэй ажиллах ажиллагааг эрчимжүүлж байна. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдийг хяналтандаа авах, зөвшөөрөлтэй эсэхийг нь шалгах  ажиллагаанд  онцгой анхаарч ажиллаж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар зарим нэг их, дээд сургуулиудтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлэээр сургалтуудыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт улс орон даяар цэрэг татлагын арга хэмжээ зохион байгуулж өнгөрлөө. Үүнтэй холбоотойгоор цэргийн насны залуучуудад зарлан дуудах хуудас өгч, үүргээ гүйцэтгэхээс татгалзсан болон зайлсхийсэн иргэдийг эрж олох тал дээр хороодын засаг дарга, дүүргийн цэргийн хэлтэстэй хамтраад ажилласан.

Мөн өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлынхантай хамтарч гамшгаас сэргийлэх сургалт, арга хэмжээ зохион байгуулсан.

-Хэв журмын нөхцөл байдал хэр байгаа вэ?

-Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хэлтэс үйл ажиллагаа явуулж байгаа. Манай хэлтэс бол 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэв журмын тасгаас тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа.

Дүүрэгт үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарч байгаа гэмт хэргүүдийг цаг алдалгүй илрүүлэх, таслан зогсоох, халуун мөрөөр нь хойшлуулшгүй ажиллагаа явуулах, хариуцсан хороодуудад гэмт хэрэг болон захиргааны зөрчлийн дуудлага мэдээллийг хүлээж авч газар дээр нь хурдан шуурхай шийдвэрлэх чиглэлээр ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Энэ онд гарсан гэмт хэргүүдийн статистик үзүүлэлтийг харахад  ихэвчлэн гудамж талбайд үйлддэгдсэн гэмт хэрэг, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүд байна. Энэхүү тоон үзүүлэлтэд анализ хийгээд үзэхэд  согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг бууралттай байгаа юм. Архидан согтуурахтай тэмцэх тодорхой ажлуудыг явуулж, цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан газруудад арга хэмжээ авч байгаа.

Мөн дүүрэгт архидан согтуурсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдэд хяналт тавьж цагийн хуваарийг мөрдүүлсэн. Зарим нэг архаг архичид, удаа дараа эрүүлжүүлэхэд орж байсан иргэдийг арга хэмжээнд хамруулсан. Мөн хэлтсийн зүгээс гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэргийн гаралтыг бууруулах талаас нь явган эргүүлийг ажиллуулж байна.

Ийм ажлууд явуулсаны үр дүнд гэмт хэргийн тоон үзүүлэлт бууралттай гарсан. Гэмт хэрэгт нөлөөлж байгаа учир шалтгаан юу байна вэ гэдэгт үндэслэн хаагуур гэмт хэрэг их гарч байна гэдэг талаас нь дүгнэлт хийж байгаад эргүүийнхээ ажлыг зохион байгуулж байгаа.

-Чингэлтэй дүүрэгт хамаарагддаг аль хороонд гэмт хэргийн гаралт их байдаг вэ?

-Нутаг дэвсгэрийн хувьд долдугаар хороо хамгийн том хороо юм. Том нутаг дэвсгэрийг хамардаг, олон хүн амьдардаг. Ийм учраас энэ хороонд хамгийн их гэмт хэргүүд гарч бүртгэгддэг.

-Эзэн холбогдогч нь тодорхойгүй, илрээгүй гэмт хэрэг хэр их байдаг вэ?

-Ер нь бол байгаа. Гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеэс гаралтын хувьд өссөн үзүүлэлтэй байгаа. Мөн үүнийг дагаад илрүүлэлт тодорхой хувиар нэмэгдсэн.

Манай хэлтсийн хувьд төвийн дүүргийн нутаг дэвсгэр учраас дамжин өнгөрөх иргэд маш  их байдаг. Бөмбөгөр, Их дэлгүүр, Тэди төв, Тусгаар тогтнолын талбай, Тэнгис кино театр, гэх мэтчилэн үйлчилгээний томоохон цэгүүдээр үйлчлүүлж байгаа иргэдийн хөдөлгөөн их байдаг.

Манай хэлтсийн хувьд төвийн дүүргийн нутаг дэвсгэр учраас дамжин өнгөрөх иргэд маш  их байдаг.