Нидерландын засгийн газрын буцалтгүй тусламжаар 2012 оноос хойш хэрэгжүүлж буй “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд манай улсад 29 усны сав газар батлагдаж сав газар тус бүр захиргаатай болжээ. 19 аймгийн төв, найман суманд Сав газрын захиргаа байгууллагдсан юм. БОНХЯ-ны шууд харьяан дор ажиллах дээрх Сав газрын захиргаанд дунджаар 6-15 ажилтантай аж. Эдгээрээс хамгийн том нь Туул голын сав газрын захиргаа 24 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Манай улсад 29 усны сав газар батлагдаж сав газар тус бүр захиргаатай болжээ
Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Х.Сэвжидмаа “Сав газрын захиргаа байгуулагдсанаар хариуцах эзэнгүй байсан гол, мөрнүүд хамгаалах эзэнтэй болсон гэж хэлж болно.Төрийн хамгаалалтад байдаг гэж заасан байдаг ч манай ард иргэдийн дунд гол мөрнөө хамгаалах сэтгэлтэй хүн цөөхөн байдаг. Гэтэл дийлэнх нь гол, мөрөн усаа бохирдуулахын төлөө байгаа юм шиг үйлдлүүдийг санаатай болон санамсаргүйгээр хийсээр байдаг. Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар дөрвөн жил тутамд хийдэг байсан усны тооллогыг жил бүр явуулахаар болсон. Ингэснээр сав газартаа тулгамдаж байгаа асуудалд анхаарал хандуулснаар гол, мөрөн, усны чанар аюулгүй байдалд анхаарч эхлэх юм. Устай холбоотой асуудал эзэнгүй байсан бол одооноос эзэнтэй болж байгаа гэсэн үг” хэмээв. Улсын төсөвт жилдээ ус ашигласны төлбөр хэмээн 40 гаруй тэрбум төгрөг төвлөрдөг. Тэгвэл 29 сав газрын захиргаа нийлээд жилдээ улсаас 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг юм байна.
Сав газрын захиргаа байгуулагдсанаар хариуцах эзэнгүй байсан гол, мөрнүүд хамгаалах эзэнтэй болсон гэж хэлж болно
Сав газрын захиргааны ажилтнуудын хувьд гол бохирдуулж байгаа этгээд дээр үйлдэл дээр нь очоод таслан зогсоох эрхгүй, хууль эрх зүйн орчин дутагдалтай байгаа ч бохирдуулж байгаа этгээдэд шаардлага тавьж гомдол гаргагчаар шүүхэд өгөн, хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа ажээ.