Энэ асуултыг хүмүүст тавихад янз бүрээр хариулах ажээ. Тэр нь манай аймгийн анх байгуулагдсан түүхэн цаг хугацааг буруу тооцож ирснийг илтгэх бөгөөд иргэдийн дунд нэгдсэн ойлголтгүй байгааг харуулж байна. Түүхийн хуудсыг сөхөж харахад, эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээлүүдийг анхааран үзэж байхад аймаг байгуулагдсан цаг хугацаа, он тооллын түүхийг нэгэн мөр болгох шаардлага өнөөгийн бидний өмнө зүй ёсоор тавигдаж байна. Учир иймд энэ сэдвээр эрдэмтэн, судлаачид, иргэд, олон нийтийн саналыг нийтлэн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа бөгөөд МУСГЗ зохиолч, ШУ-ны доктор профессор С.Лочингийн бичсэн нэгэн өгүүллийг хүргэж байна.
ЗАВХАНААС ГОВЬ-АЛТАЙ “ТӨРСӨН” ҮҮ? ГОВЬ-АЛТАЙГААС ЗАВХАН “ТӨРСӨН” ҮҮ?
Асуудал маш энгийн юм л даа. Би урьд өмнө хэлж байсан өөрийн саналыг товчлон өгүүлсүгэй.
1. Засагт хан аймгийн түүхийг бүр манжийн үеэс биш Богд хаант монгол улсын үеэс хөөн үзэхэд л халх дөрөв, шавь таван аймаг, Ховд, Хөвсгөлийн хязгаарт хуваагдаж байх үед Засагт хан аймаг, одоогийн Говь-Алтай аймгийн нутаг бүтнээрээ, Завханы нутгийн ихэнх нь /Улиастай хавийг Сайн ноён ханы нутагт багтаасан байдаг/ Хөвсгөл, Баянхонгор, Ховд, Увс аймгийн зарим нутгийг багтаасан Халхын хамгийн их газар нутагтай аймаг байлаа. Тэр үед Засагт хан аймгийн чуулган Арын болон Өврийн хүрээг даган байрлаж Засагт хан ч өөрөө тэр хавиар хөдөөлдөг байлаа. Энэ үед Улиастай хот нь Засагт хан аймагт ямар ч хамаагүй, манжийн дарлалын эхэн үед Манжийн хамгийн том амбан суудаг хот буюу засаг захиргаа тусдаа нэгж байлаа.
Гэхдээ Сайн ноён ханы нутагт харъяатай байсан аж. Сүүлдээ их амбан Нийслэл хүрээнд суух болж Улиастайд Хүрээний амбанд захирагддаг төлөөний амбанд суудаг болжээ. Ингэхлээр Засагт хан аймаг Улиастайд ямар ч хамаагүй юм. Улиастай Засагт хан аймгийн хилийн гадна, Сайн ноён хан аймгийн хилийн дээсэн дотор газрын зурагт тэмдэглэгдсэн байдаг юм.
2. 1921 оны ардын хувьсгалын дараагаар 1923, 1924 онд орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт хийх үеэр Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг болгон өөрчилсөн. Аймгуудыг тухайн нутгийн алдартай уул нуруудаар нэрлэж байсан бөгөөд Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг гэж нэрлэсэн болохоос биш Отгонтэнгэр хайрханы аймаг гэж нэрлэсэнгүй. Хантайширын нуруу хаашаа ч нүүгээд явчихсангүй, одоо ч Говь-Алтай аймгийн нутагт дүнхийсээр байдаг юм. Энэ юуг харуулж байна гэвэл Засагт хан уулын аймаг нь Говь-Алтай аймагт төвтэй байсныг харуулах хөдөлшгүй баримт. Хэрвээ Улиастайд байсан юм бол Отгонтэнгэр хайрханы аймаг гээд нэрлэх шиг амархан юм байхгүй байсан биз ээ.
3. Засаг захиргааны хуваарийг дахин 1931 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Засгийн Газрын хамтарсан шийдвэрээр өөрчлөхдөө тэр үед байсан 5 аймгийг 13 аймаг болгосон юм. Үүнд: Дорнод, Хэнтий, Төв, Газар тариалангийн / Сэлэнгэ /, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дөрвөд, Ховд, Өмнөговь, Дорноговь, Алтай, Завхан гэсэн 13 аймгийг байгуулжээ. Эндээс харахад Засагт хан аймгийг Алтай аймаг / төв нь Хантайшир гэж заасан бий /, Завхан аймаг / төв нь Жавхлант гэж бий / 2 аймаг болгон хуваажээ.
Үүнээс өмнө хорвоо дээр “Завхан аймаг” гэсэн нэр томъёо хаана ч огтоос байсангүй. Харин “Завхан гол” гэсэн нэр бол байсан. “Завхан гол”, “Завхан аймаг” гэдэг чинь хоёр өөр юм байгаа биз дээ. Бүүр нарийвчилбал Завхан гол гэдэг чинь одоогийн газар нутгийн хуваариар цэвэр Завхан аймгийн ч гол биш, нэлээд хэсэг нь Говь-Алтайн нутгаар урсдаг Говь-Алтайн ч гол юм гээд зүтгэж бас болно шүү дээ. Ийнхүү урьд өмнө нь түүхэнд байгаагүй, хаана ч нэр дурьдагдаж байгаагүй Алтай аймаг, Завхан аймаг гэдэг шинэ нэр томъёо анх гарч ирсэн байна. Эндээс харахад эл хоёр аймаг нэгэн зэрэг байгуулагджээ.
4. Харин 1934 онд Алтай аймгийг Завхан аймагтай нэгтгэсэн юм. Үүнийг тухайн үеийн Завхан аймгийн удирдлага санаачлан хөөцөлдөж байгаад Гэндэнгээр зөвшөөрүүлсэн юм билээ. Гэвч Алтай аймаг Завханы хавсарга болсон нь Говь-Алтай аймаг үүсч байгуулагдсан түүхийг арчин хаяж байгаа юм биш ээ.
1923 онд байгуулагдсан гэдэг 4 аймаг бол Богд хан уулын аймаг, Хан хэнтий уулын аймаг, Цэцэрлэг мандлын аймаг, Хантайшир уулын аймаг билээ. 1923 онд байгуулагдсан 4 аймгийн удам залгагчаар Төв, Хэнтий, Архангай, Завхан аймаг тодорч энэ 4 аймаг 1923 онд байгуулагдсан хэмээн ойгоо тэмдэглэсээр өнөөг хүрлээ. Төв, Хэнтий, Архангай аймгийн хувьд маргаангүй. Харин Завхан аймаг 1923 онд байгуулагдсан гэдэг нь түүхэн үнэнийг гажуудуулж байгаа юм. Хантайшир уулын аймаг гэдэг чинь одоогийн Говь-Алтай аймагт төвлөрч байсан болохоор Хантайширын нуруу одоо ч гэсэн Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт багтаж байгаа болохоор Хантайшир уулын аймгийн “өв залгамжлагч” нь Завхан биш, Говь-Алтай аймаг байх ёстой юм. ЗСБНХУ задарсны дараагаар Оросын Холбооны улс л ЗХУ-ын “өв залгамжлагч” болон үлдсэн нь Москва нийслэлтэй байсантай ч холбоотой юм. Түүнээс биш Оросын бүх хотын эх / ээж / гэгддэг Киев нийслэлтэй Украин “өв залдгамжлагч” нь болоогүй юм. Алтай аймаг, Завхан аймаг хоёр гэдэг 1931 онд л зэрэг байгуулагдсан учир нутаг дэвсгэрийн хуваариар ч Говь-Алтай л Хантайшир уулын аймгийн “өв залгамжлагч” юм. Ийнхүү Говь-Алтайгаас Завхан “төрсөн” ажээ. Иймээс л Говь-Алтай аймаг 2010 онд 70 жилийн ойгоо тэмдэглэх биш 2013 онд 90 жилийн ойгоо тэмдэглэж байх ёстой юм л даа. Түүхийн үнэнийг сэргээж байгаа энэ цагт Говь-Алтай аймгийн удирдлага аймаг байгуулагдсан ойг 1923 оноос эхлэн тоолох талаар төр засгийн өндөрлөгүүдэд уламжилж түүхэн үнэнийг сэргээх ёстой юм.