Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцуулав. Тэрээр танилцуулгадаа өнөөгийн Макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлээд, ирэх оны мөнгөний бодлогыг эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг дунд хугацаанд нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, улмаар эдийн засаг дунд, урт хугацаанд тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглүүлэхээр зорьж буй тухай мэдэгдэв.
Мөн сүүлийн 2 жил орчмын хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад цэвэр актив тасралтгүй буурч, төсөвтэй адилтгах зарцуулалтууд дорвитой буурахгүй байгаа орчинд Монголбанк төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хадгалах зорилгоор 2015 онд инфляцийг 7 хувьд, цаашид энэ түвшинд нь тогтворжуулах зорилт тавьж байгаагаа ч дурьдав.
Түүний танилцуулгатай холбогдуулан гишүүдийн асуулт асуух ээлж болоход гишүүдийн зүгээс жил жилд л Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг батлаад явуулдаг. Гэсэн ч үндсэн чиглэлээ мөрдөж ажилладаггүй. Засгийн газрын зүгээс инфляцийн тогтворгүй байдлын буруутнаар Монголбанкийг гэдэг. Гэтэл танайх Засгийн газрын үйл ажиллагаанаас хамаарч инфляци тогтворгүй байна гэдэг. Иймээс ирэх оны мөнгөний бодлогоо Засгийн газрын үйл ажиллагаа, Төсөвтэй уялдуулан хэрэгжүүлэх шаардлагыг тавьж байв. Харин С.Дэмбэрэл, Д.Зоригт, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд, Монголбанк сүүлийн 2 жилийн хугацаанд амаргүй нөхцөл байдалд ажиллаж ирсэн. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн тухайд суурь үзүүлэлтүүдийг бодитой гаргаж тавьсан нь инфляцийг тогтворжуулах улмаар нэг оронтой тоонд оруулахад дөхөм болохоор байна хэмээн саналаа хэлж байсан.
Мөн А.Тлейхан гишүүний Сангийн яаманд хандаж тавьсан Оюу толгой төслийн явцын талаарх асуултад Сангийн яамны дэд сайд С.Пүрэв, төслийн гэрээ хэлэлцээрүүд явагдаж байгаа. Одоо хэлэлцээрийн асуудлуудаас хоёр гурван асуудал л үлдсэн байгаа хэмээн хариулсан. Ингээд тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр санал хураахад гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар С.Дэмбэрэл гишүүнийг санал нэгтэй батлав. Түүнийг мөн уг тогтоолын төслийн ажлын хэсгийн ахлагчаар томилсон.
Дараа нь Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл болон дагалдан гарах тогтоолын төслийн талаарх хэлэлцүүлгийг өрнүүлэв. Танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хийсэн. Уг хуулийн төслийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх, төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээг нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөмж болгосны дагуу боловсруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуултдаа хариулт авч саналаа хэлсний дараа санал хураахад гишүүдийн олонх дэмжиж чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.