m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.23 04:20
173
Төмөр замын чиглэл, царигийн асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбатаар танилцуулсан. үүний дараа гишүүд асууландаа хариулт авч санал хураалт эхэлсэн. Ингээд байнгын хорооноос гарсан зарчимын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулсан.

Төсөл эцсийн байдлаар чуулганд орж ирэхдээ Тавантолгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь – Эрдэнэт, Тавантолгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барихаар болж буй аж.

О.Баасанхүү: “Ингэж салгах хэрэгтэй юу. Ингэхээр чинь Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлоготой чинь харшлаад байгаа юм биш үү. Хоёрдугаарт, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусаагүй, шинэ маршрут орж ирсэн учраас өөрчлөлт оруулъя гэх нь ойлгомжгүй болгоод байна" гэв.

 

Үүнд, 1. Тогтоолын төслийн нэг дэх заалтыг хасах юм. Хассан заалт нь транзит тээврийн тухай байсан бөгөөд үүнийг хөрш орнуудтай хэлэлцэж шийдэгдэж байгаа учраас ийнхүү хасч байгаа аж. 

2.Тогтоолын төслийн хоёр дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулах саналыг УИХ-аар яг одоо хэлэлцэж байна. Тавантолгой -Гашуунсухайт, Сайншанд - Ханги, Хөөт-Бичигт, Нарийнсухайт -Шивээхүрэн чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай,  Арц суурь -Эрдэнэт, Тавантолгой -Сайншанд -Баруун - Урт -Хөөт- Чойбалсан, Хөөт -Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай" гэсэн заалтууд юм.

С.Баярцогт гишүүн байнгын хорооноос гаргасан энэ хоёр санал нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төмөр замын бодлоготой зөрчилдсөн гэдгийг хэлээд хэрэв дээрх хоёр чиглэлийг батлах талаар санал хураах юм бол хууль бус болно гэсэн юм.

Хуралдааны төгсгөлд С.Баярцогт гишүүний гаргасан саналын дагуу УИХ-ын гишүүд Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан дээрх чиглэлийн замуудыг батлахыг дэмжилгүй буцаалаа. Ингэснээр Эдийн засгийн байнгын хороо дахин хуралдаж дээрх нэмсэн хоёр чилэлийн царигийн асуудлыг хасаад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы хуралдаанд оруулж ирэх үүрэг хүлээлээ.