m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.23 07:14
304
Говь-Алтай аймагт Их говийн тэмээний баяр, тэмээчдийн зөвлөгөөн болно

Говь-Алтай аймагт уламжлалт Их говийн тэмээний баяр, тэмээчдийн их наадам ирэх сарын 16-17-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд ес дэхь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Их говийн тэмээний баярыг энэ жил Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам хамтран зохион байгуулах гэж байна

Таван хошуу малын манлай эрдэнэ тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчид, тэмээчдийн туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод гадаадын зочид, жуулчдын сонирхлыг Говь-Алтай аймгийн тэмээнд суурилсан аялал жуулчлалд татах зорилготой энэхүү баяр Алтайн тэмээчдийн оролцож заншсан, хүсэн хүлээдэг арга хэмжээ болоод уджээ.

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачилан зохион байгуулснаас хойш уламжлал болон тогтсон юм. Их говийн тэмээний баярыг энэ жил Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам хамтран зохион байгуулах гэж байна. Энэ баярын үеэр аймгийн тэмээчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, тэмээн сүргийн тоо толгойг өсгөх чиглэлд ҮХААЯ-наас авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн талаар хэлэлцэж, тэмээчдийнхээ санал бодлыг сонсох ажээ.

Хүндэтгэлийн тэмээн жагсаалаар эхэлдэг Их говийн тэмээний баярын хүрээнд хурдан ат, торомны уралдаан, тэмээчдийн буухиа тэмцээнүүд явагдаж, сайхан тэмээтэй ганган хос болон үржлийн шилмэл ингэ буур шалгаруулдаг.                                          

Үүний зэрэгцээ тэмээний шилдэг ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэглэл шалгаруулах үзэсгэлэн худалдаанаас гадна  тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, ерөөл магтаалыг багтаасан урлагийн тэмцээн тэмээний баярын уламжлалт арга хэмжээнд багтдаг.        

Их говийн тэмээний баярын хүрээнд хурдан ат, торомны уралдаан, тэмээчдийн буухиа тэмцээн болно

Уралдаан тэмцээн тус бүрийн шалгаруулалтаас гадна шилдэг зохион байгуулалттай оролцсон эхний таван сумыг шалгаруулан шагнадаг. Мөн тэмээгээ жил дараалан тогтвортой өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэмээ маллагааны арвин баялаг туршлага хуримтлуулсан шилдгийн шилдэг нэг тэмээчнийг хүндэт өргөмжлөл, 10 лангийн мөнгөн буйл, шилдэг хоёр тэмээчнийг хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулдаг уламжлалтай.

Их говийн тэмээний баярын хүрээнд хөдөөгийн иргэд малчдадаа урлаг соёлын арга хэмжээг хүргэх ажлыг хамтатган хийж ирсэн. УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн урилгаар “Их говийн тэмээний баяр-2014” наадмын хүндэтгэлийн тоглолтод МУСТА Болд, Чулуунчимэг нар оролцож “Их говийн эгшиглэн” уран бүтээлийн тоглолтоо хүргэх юм. Мөн энэхүү баярын  үеэр УИХ-ын гишүүн Ц.Дашдорж Говь-Алтай аймгийн 18 сумын сургууль, цэцэрлэгүүдэд 10 төрлийн 30 багц бүтээгдэхүүнийг гардуулан өгөхөөр шийдвэрлээд байна.