Ажил хийдэг эхчүүдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа юу вэ?
Ажил хийдэг ээжүүд хүүхдээ эрх, танхил болчихно хэмээн уйлуулан, уйлуулан өсгөдөг. Аль болох өөрөөсөө хол байлгасаар байтал хүүхэд ээжээсээ холдож, хөндийрч эхэлдэг. Харин ч эсрэгээрээ үүний үр дүнд хүүхэд юм л бол уйлагнаж, унжийж, юм бүхнийг эсэргүйцэж, эсэргүйцлээ илт илэрхийлж, унтах хэв маяг, тогтмол цаг нь өөрчлөгдөж, хоолны дуршил нь буурч, ээжийгээ үгүйсгэж эхэлдэг. Хүүхдийн энэ байдлыг үүсгэх нь маш буруу юм.
Иймэрхүү байдлын эцэст ээж нар яахаа мэдэхээ больж, хүүхдийг тусд нь унтуулах арга хэмжээг авдаг. Гэтэл 0-3 настай хүүхэд шөнө сэрээд ээжийгээ хайдаг, ээж нь түүний дэргэд байхгүй бол орноосоо босоод ээжийгээ хайж уйлна.
Иймээс хүүхдийг багаас нь тусд нь унтуулах нь өөрийнх нь хувьд сайн боловч хүүхдийн унтаж буй ор нь ээжтэйгээ ойрхон байх ёстой. Хүүхэд шөнө сэрээд уйлахад ээжийгээ мэдрэх хэмжээний ойр байхад хангалттай.
Ажил хийдэг эхчүүд хүүхэдтэйгээ цагийг яаж өнгөрүүлэх ёстой вэ?
Ажил хийдэг ээжүүд ажлаа тараад гэртээ орж ирэнгүүтээ хувцсаа солиод хүүхэд харж буй хүндээ “За, чи наадахаа түр авч бай, би хоолыг нь бэлдээдхэе” гэж хэлдэг. “За хоол нь бэлэн болчихлоо, энийг чи идүүлчих, би жаахан юм янзалчихаад дараа нь хүүтэйгээ тоглоно” гэж хойшлуулдаг. Энэ хандлага хамгийн буруу юм.
0-3 насны хүүхдийн ээж гэртээ ирэнгүүтээ хүүхдээ унтуулах, хооллох, живхийг нь солих, усанд оруулах гээд бүхий л арчилгааг нь өөрөө гардан хийх ёстой. Энэ бүх үүргээ гүйцэтгэхдээ хүүхдийнхээ тааваар, хөөр баясалтайгаар, хорвоогийн зовлон гунигийг умартсан мэт байх хэрэгтэй. Өчүүхэн бяцхан алаг үр тань таныг ажлаасаа ирэх хүртэл, орой болтол алаг нүдээ бүлтийлгэн ээжийгээ л хүлээсэн. Тэр энэ бүхнийг амсах, ээжтэйгээ цагийн сайхан өнгөрүүлэх бүрэн эрхтэй билээ.
Хүүхдийнхээ хүслээр бай
Сүүлийн үед эхчүүд хүүхдээ бүүвэйлж унтуулахаа бараг л больсон. Тэгвэл таны хүүхэ ээжээрээ бүүвэйлүүлж, зөөлхөн сэгсрүүлж ээжийнхээ үйл хөдлөлийг мэдэрч унтах тун дуртай. Мөн түүнчлэн зарим хүүхэд хөхөө хөхөж эсвэл соска хөхөж унтах дуртай байдаг.
Иймээс таны хүүхэд яг яаж унтах дуртай яг л тэрүүгээр нь унтуулах хэрэгтэй. Мөн яаж усанд орж, угаалгах, живхээ яаж солиулах, хоолоо яаж идэх дуртай, яг л тэр хэв маягаар нь түүнийг таатай байлгах хэрэгтэй. 0-3 насны хүүхэдтэй ажил хөдөлмөр эрхэлдэг ээжүүд хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэхдээ дээрх зүйлсийг сайтар анхаарч, хүүхэдтэйгээ цагийн хайр дүүрэн, үр өгөөжтэй өнгөрүүлэх хэрэгтэй.
Төрсөн эхчүүд ажлаа орхиж, гэртээ суух ёстой юу?
Төрсөн эх бүр нэг их удалгүй ажлаа үргэлжлүүлэн хийж болно. “Хүүхдэд сайн хандаж, түүнд бүхнээ зориулна” гэсээр хүн өөрийгөө орхигдуулж болохгүй. Ялангуяа залуухан эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлэх ид идэвхтэй үе дээрээ гэртээ суух нь түүний хувьд хохиролтой шүү дээ.
Эх хүн үрдээ бүхнээ зориулдаг ч, хэн ч түүнийг өөрийнхөө бүх цаг мөчийг хүүхдэдээ зориулан, хөгжиж дэвшихэд нь саад учруулан гэртээ суулгаж албадах ёсгүй. Эх хүн үр хүүхдээ төрүүлж, түүний зэрэгцээ ажил хөдөлмөр эрхлэх ёстой. Гагцхүү өөрийн биеийг сайн тордож, үр хүүхдэдээ найдвартай сайн асрах хүнийг эн түрүүнд олсон байх ёстой юм.
Хүүхдээ нэг л хүнээр харуул
Ээж нь ажилдаа явсан хойгуур хүүхдийг хэн нэгэн хүн асарч, арчлах шаардлагатай болно. Хамгийн чухал нь анхнаасаа хүүхдийг тань асрах хүн тогтвор суурьшилтай асрах хүн байх ёстой. Учир нь хүүхэд 3 нас хүртлээ түүнийг хооллож, асарч байдаг хүний нүүр царайнд дасдаг. Хүүхдийн хувьд хамгийн нэгдүгээрт ээж нь, дараа нь түүнийг байнга хооллож, асарч байдаг асран хамгаалагчийн царай байдаг тул түүнийг аль болох солих байх нь чухал юм.