Бид 2015 оны сүүл гэхэд анхны бүрэн хэмжээний буюу 90 минутын монгол хүүхэлдэйн кинотой болж, монгол бахархал нэгээр нэмэгдэх нь.
Тэр тусмаа зураг хөдөлгөх аргаар буюу өөрөөр хэлбэр секундэд 25-30 кадр зурж бүтээдэг тийм л нарийн аргаар хийгдэж буй тус хүүхэлдэй нь монгол зургийн техник дээр тулгуурлаж байгаагаараа маш онцлог аж. “Мазаалай, Эрх цагаан ишиг, Арван хоёр жил” гэх мэт тоотой хэдэн хүүхэлдэйн киногоор л түүх нь хязгаарлагдах “Mongolian Cartoon”-ийн дэлхийд гарах сайн цагийн эхлэл одоо л ирж байна гэж хэлэхэд буруудахгүй. Өдгөө барууны соёл эргээд дорно руу чиглэж байхад бид хэчнээн Холливүүдийн уран бүтээлийг дуурайгаад, муухан давталтууд хийгээд ч амжилт олох нь хол болж. Харин үүнээс илүүтэй, өөрсдийн угт байх тэр л соёлыг таниулж, тордож чадвал үр дүн нь арай өөр гэж тус хүүхэлдэйн киноны уран бүтээлчид хэлж байлаа. Дэлхийн уран зурагт ч өөрийн шинж чанараараа гайхагдсаар ирсэн монгол зургийн техникээр бүтээгдэж буй тус хүүхэлдэй нь дуу оруулалт, хөгжмийн найруулга зэргээрээ ч урьд нь байгаагүй дэвшилтэт байдлаар хийгдэж байгаа гэнэ.
Мөн зайлшгүй ахин онцгойлон хэлэх ёстой зүйл бол хүний гараар бүтсэн зүйл гэдэг үнэхээр гайхамшигтай байдаг. Үйлдвэрийн хувцаснаас илүү гараар урласан эд үнэтэй байдаг шиг, технологийн дэвшил улам нарийн болсоор байгаа ч гэлээ гараар зурсан зурган хүүхэлдэй зураачын чадварыг харуулж, маш их хөдөлмөрөөр бүтдэг учраас юу, юунаас илүү үнэ цэнэтэй байдаг аж. Тийм ч учраас уран бүтээлчид маань дэлхийн зах зээлд гар зургаас бүтсэн атлаа өөр хаана ч байхгүй монгол зургийн техникээр бүтээсэн хүүхэлдэйн киног бусад орны хүүхэлдэйтэй өрсөлдөхүйц сайн бүтээл болно гэдэгт туйлын итгэлтэй байна.
Нэгэн цагт эзэн гүрний их хаан байсан эрхэм хүмүүн атгаг хорон санаа, хомхоо шуналт сэтгэлээс болж эх дэлхийгээ эзгүйрүүлэн хоосруулж, хүн төрөлхтөнд хараал чатга хийсээр байгаад “Харанхуйн эзэн Атгаалж” гэх муу санаат мангас болон хувирчээ. Тэрхүү Атгаалжийг дарж чадах цор ганц зэвсэг бол долоон хүч нэгдэхэд шидийг олох тэнгэрийн илд байх ажгуу. Ингээд Буган Халдун хайрханаас нутагтай отогийн толгойлогч Ерөөлт зайран, Харанхуйн эзнийг дарах аугаа баатар эрийг бидэнд илгээгээч хэмээн мөнх тэнгэрээс сүслэн гуйсанд хурц илд бүхий Алтан гэх хүү мэндэлдэг.
Хүү арван нас хүрмэгцээ Хөвсгөл далай ээжээс илгээгдсэн усны хүчийг захирах шидтэй лусын гүнж Эг, Тужийн их нарсны ээж удган модноос мэндэлсэн ургамлын аймгийг захирах идтэй Боодой хүү, Мэнэнгийн их талын сүнсний эзний хүү өнгөрснийг харж, бүхнийг нэвтлэх чадалтай Гүйдэл, Зоргол Хайрхан аавын ууган хүү хад чулууг захирах увидастай Тайхар, Хорго хайрханаас төрсөн, галыг удирдах шидтэй Цахиур гэх мэт өөр, өөрийн чадал бүхий баатруудтай эв санаа нэгдэн Харанхуйн эзнийг дарахаар шийддэг. Харин энэ замд бидний хэзээний танил тарвага болон хувирсан эрхий мэргэн алга даахай хүлэгтэйгээ тэдэнд туслах бөгөөд Монгол ардын үлгэрийн баатрууд ч туслах дүрээр эргэн амьлана...