m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 03:20
219
Л.Хайсандай: НҮБ-д Монголын байр суурь хүндэтгэлтэй байна

НҮБ-ын өдрийг тохиол­дуулан НҮБ-ыг дэмжих Монголын нийгэмлэгийн тэргүүн, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Хайсандайг урьж  ярилцлаа.

- НҮБ-ын үүсэн байгуулагдсан түүх болон түүний өнөөгийн үүрэг зорилт хэрхэн хөгжиж, шинэчлэгдэж ирэв?

-НҮБ-ын үүсч  байгуулагдсан түүхийг сөхвөл улс түмний энх тайван, аюулгүй байдлын төлөө дэлхийн ийм байгууллага байгуулах тухай яриа бүр 1899 онд Оросын эзэн хаан II Николайн санаачилгаар Гааг хотноо хуралдсан Олон улсын энх тайвны бага хурлын үеэр анх гарсан байдаг. Гэвч Орос улсад хувьсгал гарч, хувьсгалчид Оросын эзэн хаан болон түүний гэр бүлийг хүйс тэмтэрсэн, дэлхийн I дайн эхэлсэн зэрэг үйл явдлууд өрнөсөн нь ийм байгууллага байгуулах үзэл санааг мартагдахад хүргэсэн.

Л.Хайсандай: НҮБ-ын үүсч  байгуулагдсан түүхийг сөхвөл улс түмний энх тайван, аюулгүй байдлын төлөө дэлхийн ийм байгууллага байгуулах тухай яриа бүр 1899 онд Оросын эзэн хаан II Николайн санаачилгаар Гааг хотноо хуралдсан Олон улсын энх тайвны бага хурлын үеэр анх гарсан байдаг.

Гэвч тун удалгүй НҮБ-ын үндсийг тавьсан, олон улсын энх тайван, аюулгүй байдлын анхны байгууллага болох Үндэстнүүдийн Холбоог Версалийн гэрээний дагуу 1919 онд байгуулахаар болсон байдаг. Харамсалтай нь Үндэстнүүдийн Холбооны үйл ажиллагаа, нэр хүнд төдийлөн нөлөөтэй байгаагүйгээс Дэлхийн II дайн гарахыг зогсоож чадаагүй.Тиймээс  Дэлхийн II дайны хар утаа бүрхсэн 1941 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд У.Черчилль нар Атлантын далайд байлдааны хөлөг онгоцон дээр тусгайлан уулзахдаа дэлхий дахинд энх тайвныг тогтоон сахиулахад туслах олон улсын хамарсан байгууллага байгуулах төлөвлөгөө хэлэлцсэн. Энэ яриа хэлэлцээнийхээ дагуу тэд хожим 1945 онд тэр үеийн Зөвлөлт Холбоот улс (одоогийн ОХУ)-ын нутаг Ялтад ЗХУ-ын удирдагч И.Сталинтай уулзаж ярилцсан. Эдгээр уулзалтын  дүнд 1945 оны зургадугаар сард АНУ-ын Сан-Франциско хотод олон улсын бага хурал хуралдуулахаар болсноо тухайн үед зарласан. Тус бага хурал тухайн олон улсын байгууллагын дүрмийн төслийг боловсруулан дэлхийн хүчирхэг, нөлөө бүхий АНУ, ЗХУ, Их Британи, Хятад, Франц болон өөр 46 улс (бүгд 51 улс)-ыг оролцуулан нэг бүрчлэн нухацтай хэлэлцсэний дүнд 1945 оны аравдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурж баталснаар НҮБ-ыг байгуулсан юм. Энэ өдрийг НҮБ-ын төрсөн өдөр хэмээн бүх гишүүн орон тэмдэглэдэг уламжлалтай.

НҮБ-ын хамгийн гол үндсэн дөрвөн  зорилт нэгд,  даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалах, хоёрт  улс хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэх, гуравт   ядуу хүмүүсийн амьдралыг сайжруулахад туслах, бие хүн бүрийн эрх чөлөө, эрхийг хүндэтгүүлэхийн төлөө тэмцэх, дөрөвт энэ зорилгод хүрэхэд нь улс орнуудад туслах гол төв байх явдал мөн хэмээн тодорхойлсон байдаг. Эдгээр зорилт нь НҮБ-ын бүхий л үеийн үйл ажиллагааны гол чиг баримтлал болж ирсэн, цаашид ч  болсоор байна.

- Манай улс нэлээд урт зам туулж байж НҮБ-д  элсэн орсон. Түүнээс хойш баримталж ирсэн бодлого, хэрэгжүүлсэн зүйлүүдийн талаар та олон судалгаа хийж, илтгэл тавьж байсан хүний нэг. Монгол Улс НҮБ-д анх элссэн түүх, онцлог цаг үе, бас содон сонин баримтуудын тухай дурсахгүй юу?

- Монгол Улсын НҮБ-д элссэн зам дардан шулуун байгаагүй. Монгол Улс анх 1946 онд НҮБ-д гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан. Монгол Улсын хүсэлтийг хэлэлцэх үеэр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх АНУ болон Их Британийн төлөөлөгчид “Бидэнд байгаа мэдээллээр БНМАУ нь НҮБ-ын дүрмийн дагуу хүлээх үүргээ хэрэгжүүлэх чадвартай гэдгээ хангалттай харуулж чадахгүй байна” гээд нотлох баримт хангалттай болтол уг хүсэлтийг хэлэлцэхийг хойшлуулах санал тавьж байсан. Харин ЗХУ энэ асуудлаар санал хураахыг тулгаж шаардсан байдаг юм. Гэвч Аюулгүйн Зөвлөлийн аль нэгэн гишүүн татгалзвал түүний шийдвэр хүчин төгөлдөр болдоггүй тул тухайн үед  Монгол Улсыг НҮБ-д элсүүлээгүй.

 1946 оноос хойш Монгол Улс бараг жил бүр гишүүнээр элсэх өргөдлөө гаргаж байлаа. Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг НҮБ-д энэ хугацаанд 13 удаа ямар нэг хэлбэрээр авч хэлэлцсэн. Тэр  нь Ерөнхий Ассамблейн чуулган бүр дээр улс орнуудын анхаарал, сонирхлыг татаж байсан түүхтэй. Гэвч тэр  нь тухайн үед ноёлж байсан хүйтэн дайны уур амьсгал болон капиталист социалист лагериудын хоорондын тэмцэл хурцдаж байснаас шалтгаалж амжилтгүй болж байсан. Үүний улмаас Монгол Улс НҮБ-д элсэх явдал 15 жилээр буюу 1961 он хүртэл хойшлогдож байв.

1960-аад оны эхээр Ази, Африкийн хуучин колони байсан олон орон тусгаар тогтнолоо олж НҮБ-ын гишүүн болсон нь НҮБ дэх хүчний харьцааг өөрчилсөн юм. Монгол Улстай дипломат харилцаатай орнууд ч нэмэгдсэн байна. Энэтхэг зэрэг гуравдагч ертөнцийн нөлөө бүхий орнууд Монгол Улсыг НҮБ-д элсүүлэхийг Ерөнхий Ассамблейн индэр дээрээс шаардах болсон. Тэдгээр шинэ үйл явдлууд Монгол Улсын хувьд таатай орчныг бүрдүүлсэн юм.

Л.Хайсандай: Монгол улсын НҮБ-д элсэх оролдлого удаа дараа бүтэлгүйтэж байсан. 1960-аад оны эхээр Монгол Улстай дипломат харилцаатай орнууд нэмэгдэж, Энэтхэг зэрэг гуравдагч ертөнцийн нөлөө бүхий орнууд Монгол Улсыг НҮБ-д элсүүлэхийг Ерөнхий Ассамблейн индэр дээрээс шаардах болсон нь бидний хувьд таатай орчныг бүрдүүлсэн юм.

-НҮБ манай улсыг гишүүнээр элсүүлсэн нь 1961 оны аравдугаар сарын 25, зарим нь 27-ны өдөр баталсан ч гэлцдэг. Тухайн үед ямар үйл явдлууд болсон бэ?

-1961 онд буюу  Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганы үеэр Аюулгүйн Зөвлөл Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг  авч хэлэлцсэн. Тэр өдөр нь 1961 оны аравдугаар  сарын 25 юм. Өмнө нь энэ асуудлаар ямагт хориг тавьдаг байсан Хятадын төлөөлөгчид тэр  удаад  байгаагүй. Бусад байнгын гишүүдээс хориг тавиагүй. Ингэснээр Аюулгүйн Зөвлөл Ерөнхий Ассамблейд Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг зөвлөмж болгосон шийдвэрийг гаргасан. Харин 1961 оны аравдугаар  сарын 27-нд ЗХУ, Энэтхэг, Чехословак, Куба, Индонез, Мали, Бирм зэрэг төр, газар зүйн хувьд харилцан адилгүй 25 орон уг шийдвэрийг дэмжиж Ерөнхий Ассамблейн чуулганд өргөн барьсан байдаг юм. Тэр  шийдвэрийг санал нэгтэйгээр сайшаан баталснаар Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүн болсон.

-Тэр үеэс гадаад харилцаа, хамтын ажиллагаанд бий болсон томоохон ямар өөрчлөлтүүдийг онцлох вэ?

-НҮБ-д элссэнээр тус байгууллагын хүрээнд Монгол Улс бусад орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын системийн бусад төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллах болсон. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс НҮБ болон түүний харьяа байгууллагуудаас санхүү, техник технологи болон мэргэжлийн асар их хэмжээний тусламж дэмжлэг авсан нь тус орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц өгсөн юм. Монгол Улсад 1963 оноос хойш 400 гаруй сая долларын техникийн болон буцалтгүй тусламж үзүүлж ирсэн. Монгол Улс ч  НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулж ирлээ.  Ерөнхий Ассамблейн ээлжит, тусгай болон онцгой бүх чуулганд оролцож олон улсын асуудлаарх  өөрийн орны Засгийн газрын бодлого, байр суурийг илэрхийлж тэдгээрийг шийдэхэд хувь нэмрээ оруулахыг энэ хугацаанд ямагт чармайж ирэв. Монгол Улс НҮБ-д элсэн орсноос хойш янз бүрийн асуудлаар 50 гаруй шийдвэр санаачлан батлуулж 500 гаруй шийдвэрийг хамтран боловсруулаад  байна.

-Манай улс НҮБ-ын гишүүн болоод гаргасан хамгийн анхны баримт бичигт ямар асуудлыг дэвшүүлж байв?

-1962 оны эхээр Ерөнхий Ассамблейн 17 дугаар чуулганы үеэр Монголын төлөөлөгчид “Эдийн засгийн хөгжил ба байгаль орчныг хамгаалах” тухай тогтоолыг санаачлан Ерөнхий Ассамблейгаар батлуулсан. Тэр  нь байгаль орчныг хамгаалах олон улсын хуулийн тодорхой зарчмыг тунхагласан анхны баримт бичиг болсон.

Монгол Улсын санаачилсан НҮБ-ын тогтоол шийдвэрийн дотор “Зэвсэг хураах долоо хоног”, “Ард түмний энх тайван амьдрах эрхийн тунхаг”, хөгжиж буй орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд улсын хэвшил, хоршоод болон мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүргийн тухай тогтоол, нийгэм эдийн засгийн суурь өөрчлөлтүүд, хөдөөгийн эмэгтэйчүүдийн амьдралын түвшинг сайжруулах, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах олон улсын жил, олон улсын аюулгүй байдал,  Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, далайд гарцгүй орнуудын бэрхшээлүүдийг даван туулах арга хэмжээ зэргийг дурдаж болно.

Монгол Улс НҮБ-д элссэнээс хойш Ерөнхий Ассамбпейн дэд ерөнхийлөгчөөр долоон  удаа, Ерөнхий Ассамблейн гол хороодын илтгэгч, дэд даргаар нийт 16 удаа сонгогдож ирсэн. Одоо манай улс 2015 онд болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн, 2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байна.

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд улсаа төлөөлж оролцсон анхны төрийн тэргүүн бол Ю.Цэдэнбал гуай байсан байх. Нийтдээ хэчнээн удаа оролцсон байдаг вэ?

- Монгол Улс Ерөнхий Ассамблейн чуулганд төрийн тэргүүний түвшинд есөн  удаа оролцсон.  Анх 1967 онд Ю.Цэдэнбал оролцож байлаа. Өнгөрсөн есдүгээр  сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, чуулганы  хэлэлцсэн үндсэн асуудлаар гол илтгэгчээр, хуралдааны даргаар тус тус  үр бүтээлчээр ажилласан нь олон орны зүгээс талархал хүндэтгэлийг авч чадсан. Монгол Улс болоод НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд НҮБ-ын дөрвөн  Ерөнхий нарийн бичгийн дарга  Монголд дөрвөн  удаа айлчилсан.

Монгол Улс НҮБ-ын ивээл дор зохион байгуулсан Хүрээлэн байгаа орчин ба хөгжлийн талаарх Рио де Жанериогийн дээд хэмжээний чуулга уулзалт, Хүн ам ба хөгжлийн Кайрын чуулга уулзалт, Нийгмийн хөгжлийн Копенгагений дээд хэмжээний чуулга уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр чуулга уулзалт, Хүн амын суурьшлын талаарх олон улсын чуулга уулзалтад тус тус оролцсон бөгөөд тэдгээрийн шийдвэрийг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулж ирсэн.

-Сүүлийн  жилүүдэд НҮБ болоод дэлхий нийт   Монгол Улсын нэр хүндийг өргөсөн ямар үйл явдлуудад ач холбогдол өгч байгаа бол?

-Монгол Улс дэлхийн томоохон орнуудтай харьцуулахад жижиг хэмжээний армитай хэдий ч НҮБ-ын гишүүний хувьд олон улсын энх тайваныг бэхжүүлэх,  терроризмын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд бодитой хувь нэмэр оруулж, 2000 оноос хойш дотооддоо хямралтай байгаа  улс орнууд руу энхийг сахиулагчдаа илгээж ирлээ. Монгол Улсын Засгийн газар 1999 онд НҮБ-ын Бэлэн байдлын арга хэмжээнд хувь нэмэр оруулах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. 2002 онд Монгол Улсын парламент “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын үйл ажиллагаанд цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүнийг оролцуулах тухай” хуулийг баталсан нь олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох эрх зүйн үндсийг тавьсан байна. Өнөөгийн байдлаар Монголын олон зуун цэрэг дэлхийн “ халуун цэгүүдэд” алба хаасан, одоо ч  хааж байна. Тиймээс  манай улсын НҮБ дэх байр суурь улам бэхжиж, нэр хүнд нь өссөөр байна.

Л.Хайсандай: НҮБ-д Монголын байр суурь хүндэтгэлтэй байна