m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 07:18
491
Халаалтын зуухны галч, операторуудыг мэргэшүүлж байна

Гэр хороолол дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороо зэрэг төрийн байгууллагуудын халаалтын 1300 гаруй зуух нийслэлийн агаарын бохирдлын 20 шахам хувийг үүсгэдэг. Уурын зуухуудыг халж, төрийн байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбож эхэлсэн ч энэ ажилд цаг хугацаа, хөрөнгө ихээхэн шаардагдах тул жил бүр үе шаттай хэрэгжүүлж байна.

Бохирдол ихээр гаргаж байгаа, тоног төхөөрөмж нь хэт хуучирсан зуухуудыг ийнхүү эхний ээлжинд буулгахын зэрэгцээ Улаанбаатар хотын нам даралтын халаалтын зуухны газруудыг атестатчилж эхлээд байгаа юм байна. Халаалтын зуухуудад ажиллагааны горим стандарт мөрдүүлэх зорилготой энэ ажлын хүрээнд мөн халаалтын зуухны галч, операторуудыг мэргэшүүлж эхлээд байгаа юм байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн хамтран тус  сургалтыг энэ сарын 20-ноос ирэх сарын 20-ныг дуустал сарын хугацаанд цувралаар зохион байгуулж, Улаанбаатар хотын бүх халаалтын зуухны галч нарыг хамруулах аж.

 

Халаалтын зуухны галч, операторуудыг мэргэшүүлж байна

Хуучирсан технологитой уурын зуухуудыг зөв галлах нь агаарт ялгарах хорт бодисыг бууруулах, түлшний зарцуулалтыг багасгах ач холбогдолтой. Гэтэл ихэнх байгууллагын галч нар орон нутгаас шилжиж ирсэн, мэргэжил боловсрол багатай иргэд байгаа тул ур чадвар, мэдлэг дутмаг байна. Иймд сургалтаар усан халаалтын зуухны тоног төхөөрөмжийн бүтэц, зориулалт, ажиллагаа, галлах аргачлал зэргийг онол, практик хослуулан зааж тайлбарлана. Тодруулбал, усан халаалтын зуухыг ямар горимоор ажиллуулбал нүүрсний механик болон химийн дутуу шаталт багасан ашигт үйлийн коэффициент дээшилдэг, шаталтаас агаар бохирдуулагч ямар нэгдлүүд ялгардаг, аюулгүйн ямар дүрэм мөрдөж ажилладаг зэрэг эрчим хүчний байгууллагуудад ажиллагсдын эзэмших ёстой анхан шатны мэдлэг олгох юм байна.

ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн багш нар, Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн мэргэшсэн инженер техникийн ажилтнууд хичээл зааж, суралцагсдыг сурах бичиг, гарын авлагаар хангаж байна. Нэг удаагийн сургалт гурван хоногийн хугацаанд үргэлжилж, төгсөгчдөд сертификат олгоа гэнэ.