m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 08:03
203
Гишүүдийн утаснаас мессеж бичсэн асуудлыг ТЕГ шалгаж байна

ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг өчигдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэж, Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар оруулж ирсэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. 

Уг хурлын дараа өчигдөр үдэш, өнөөдөр өглөө нэр бүхий гишүүдийн 9911 дугаартай гар утасны дугаараас иргэдийн утсанд "1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2. Хятад банкаар барьцаалуулж, 3. Гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд Та саналаа өгнө үү" гэсэн утга бүхий мессеж ирсэн нь чуулганы хуралдааны үеэр яригдсан. УИХ-ын дарга З.Энхболд ч өөрийнх нь дугаараас энэ төрлийн мессеж бичсэн байсныг хэлээд, ТЕГ-аар шалгуулах болсноо дуулгасан.

Гишүүдийн утаснаас мессеж бичсэн үйл явдалтай холбоотой мэдээлэл, баримтыг ТЕГ нээлттэй хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн

Уг асуудалтай холбогдуулан ТЕГ мэдээлэл хийсэн. УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой, шийдвэр гарах үйл явцад нөлөөлөх зорилготойгоор УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж, зүй бус утгатай мессеж түгээж байгаа явдлыг ТЕГ шалгаж байгаа гэнэ. Шалгалтын явцын талаар тодорхой мэдээллэх боломжгүй бөгөөд уг үйл явдалтай холбоотой мэдээлэл, баримтыг нээлттэй хүлээн авна гэдгийг дуулгасан. 

Үүрэн телефоны Мобиком компаниас мэдээллэсэн гаднын хоёр улсаас хакердсан эсэх, хэчнээн гишүүний гар утас хакердуулсан, хэчнээн хүний утсанд очсон гэдгийг сэтгүүлчид асуусан боловч "Цаг нь болохоор бид мэдээлэл хийх болно" хэмээснээр хэвлэлийн хурал өндөрлөсөн юм.