Монгол улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ нь нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлж байхдаа мөнгө шамшигдуулсан гэсэн хэргээр Төв аймгийн урьдчилан хорих төвд хорьж байгааг эсэргүүцэж Дархан-Уул аймгийн хэсэг иргэд хэвлэлийн бага хурал зарлажээ.
Л.Гансүхийг Төв аймгийн урьдчилан хорих төвд хорьж байгааг эсэргүүцэж Дархан-Уул аймгийн хэсэг иргэд мэдээлэл хийв
Тэд Л.Гансүхийг хилс хэрэгт холбогдон хоригдсон бөгөөд түүнд сэтгэлийн дэм өгч, төр засгийн өндөрлөгүүдэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэхээр ийнхүү цугларчээ. Түүнийг Дархан-Уул аймагт олон зүйл хийж бүтээсэн, ажилсаг, шударга төрийн түшээ хүн гэдгийг онцлон хэлээд “Ард түмний төлөө хийж байгаа ажил үйлсээрээ ашиг хонжоо хайж, төрийн сан хөмрөгт гар дүрэх хүн биш тул хэлмэгдүүлэлтийг зогсоохыг шаардаж байна” гэлээ.
Хийгээгүй хэргийнхээ төлөө хилс хэрэгт гүтгэгдэн улс төрийн золиос болж, эрүүл мэндээрээ хохирч байна
Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл болох 40 гаруй хүн өнгөрсөн долоо хоногт холбогдох газраас албан ёсны зөвшөөрөл авч, жагсаал цуглаан зохион байгуулж, албан шаардлага хүргүүлсны эцэст Төв аймгийн урьдчилан хорих төвд очиж Л.Гансүхтэй уулсан байна. Тэднийг эргэж очих үед биеийн байдал тааруу, ядруу, хавагнахаас гадна өлсгөлөн зарлан байжээ. Тэрбээр “Хийгээгүй хэргийнхээ төлөө хилс хэрэгт гүтгэгдэн улс төрийн золиос болж, эрүүл мэндээрээ хохирч байна” хэмээн хэлсэн байна.
Одоогийн байдлаар 40 гаруй хүн ирсэн бөгөөд энэхүү тэмцлийг зөв зүйтэй гэж, сэтгэл санаагаараа дэмжиж байгаа олон хүн байгааг дуулгасан юм. Дараагийн ээлжинд 300 гаруй хүн ирж АТГ-ын үүдэнд жагсаал цуглаан зохион байгуулж тэмцэнэ гэв. АТГ-ыг хэн нэгний захиалгаар хүнийг цагдан хорьж, хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлэлт явуулдаг газар боллоо хэмээн тэнд цугласан иргэд бухимдаж байлаа. Мөн тэд нүүрс хөтөлбөрийг дэмждэг нийт ард иргэдийг нэгдэж, шударга үнэний төлөө тэмцэхийг уриалан дуудаж Иргэдийн хөдөлгөөнийг өрнүүлжээ.
Тэд энэ талаараа Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, АТГ-т албан шаардлага илгээж, жагсаал цуглаан зохион байгуулахаа мэдэгдсэн юм.