m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 11:24
159
Ч.Сайнбилэг: Банк дампуурсан тохиолдолд иргэдийн мөнгийг нөхөн олгоно

Хадгаламжийн даатгал корпорациас энэ сарын 24-ний өдөр Эрсдэлийн шинэ тогтолцоо буюу Хадгаламжийн даатгалын системийн талаар нийтэд танилцууллаа. Энэ нь банкны дампуурлын эрсдэлээс хадгаламж эзэмшигчдийг хамгаалах бөгөөд одоогийн байдлаар Капитал банк, Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк тэргүүтэй нийт 13 арилжааны банк тус даатгалыг хэрэгжүүлсэн байгаа юм байна. Энэ талаар Хадгаламжийн даатгал корпорацийн дэд захирал Ч.Сайнбилэгээс тодрууллаа.

Капитал банк, Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк тэргүүтэй нийт 13 арилжааны банк тус даатгалыг хэрэгжүүлсэн байна

-Хадгаламжийн даатгалын системийн зорилго юу вэ. Иргэд хэрхэн хамрагдах боломжтой вэ?

-Энэхүү системийн гол зорилго нь ямар нэгэн банк дампуурсан тохиолдолд Хадгаламжийн даатгалын сангаас тухайн банкинд хадгаламжтай иргэдийн мөнгийг нөхөн төлж, хохиролгүй үлдээхэд оршино. Үүнд, банкинд мөнгөө хадгалуулж байгаа иргэн хэдэн төгрөг, валют хадгалуулж байгаагаас үл хамааран даатгалд хамрагдах болно. Товчоор хэлбэл, банк нь хадгаламж эзэмшигчийн өмнөөс Хадгаламжийн даатгалын санд даатгалын хураамжийг тогтмол төлж энэхүү даатгалын хамгаалалтын системийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Иймээс иргэдээс ямар ч даатгалын хураамж авахгүй бас ямар нэгэн ажиллагаа шаардахгүй юм.

-Энэхүү даатгалын системийг арилжааны 13 банк хэрэгжүүлж байгаа гэсэн. Тэгвэл хадгаламж зээлийн хоршоодыг даатгалд хамруулах боломжтой юу?

-Монгол Улсын хуулийн хүрээнд зөвхөн арилжааны банк дахь хадгаламж эзэмшигчдийг хамруулсан байдаг. Бидний хувьд эхний ээлжинд хуулийнхаа хүрээнд арилжааны банк дахь хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ цаашлаад бидний үйл ажиллагаа өргөн тэлж, тогтвортой үргэлжлээд явсан цагт үйл ажиллагаагаа шат дараалан явуулна. Тэр үед хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхүүгийн байгууллагууд, брокер дилерийн компаниуд дээр данстай байгаа харилцагчдын эрх ашгийг хамгаалах ажлуудыг хийх боломжтой болно гэсэн үг.

Банк дампуурсан тохиолдолд Хадгаламжийн даатгалын сангаас тухайн банкинд хадгаламжтай иргэдийн мөнгийг нөхөн төлнө

-Хэд хүртэлх төгрөгийн хадгаламжийн даатгалд нөхөн төлбөр олгох боломжтой вэ?

-Бидэнд байгаа статистик мэдээллээр бол нийт банкны системийн 98 хувь нь жижиг буюу 20 хүртэлх сая төгрөгний хадгаламжтай хүмүүс эзэлдэг гэсэн тооцоо байдаг. Өөрөөр хэлбэл, нийт банкны системийн 10.8 их наяд төгрөгийн 98 хувьд 20 сая төгрөгийн хадгаламжтай хүмүүс байдаг. Тиймээс 20 сая төгрөг хүртэлх төгрөгийн нөхөн төлбөрийг олгох боломжтой. Жишээлбэл, 100 сая төгрөгийн хадгаламжтай хүн байлаа гэхэд зөвхөн 20 сая төгрөг нь даатгагдсан, харин үлдсэн 80 сая төгрөг нь даатгагдаагүй гэсэн үг юм.

-20 саяас дээш төгрөгийг цаашид даатгалд хамруулах боломж бий юу. Эрх зүйн орчин нээгдэх үү?

-Одоогийн байдлаар манай улсын хуулинд тийм эрх зүйн орчин нээгдэх хараахан болоогүй байна.

-Энэхүү даатгалын системийг хэрэгжүүлдэг бусад гадны улс орны хувьд даатгалд хамрагдах боломжтой хамгийн дээд хэмжээ хэдэн төгрөг байдаг вэ?

-Бусад улс орныг сайн мэдэхгүй байна. Харин АНУ-ын хувьд даатгалд хамрагдах боломжтой мөнгөн дүнгийн дээд хэмжээ 250 мянган ам.доллар байдаг. Энэ нь улс орон бүхний эдийн засгийн нөхцөл байдал, хуримтлалын хэмжээнээс шалтгаалан өөр өөр байдаг.

-Хадгаламжийн даатгалын санг хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Биднийг анх үйл ажиллагаагаа эхэлж байхад Сангийн яам буюу Засгийн газраас 50 тэрбум төгрөг, Монголбанкнаас 50 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Харин сангийн бүрдүүлэлтэд гол үүрэг хүлээдэг газар нь арилжааны банкууд байдаг. Арилжааны банкууд өөрсдийнхөө татан төвлөрүүлсэн харилцах хадгаламжийн үнийн дүнгээс тооцож, бидний тогтоосон хувь хэмжээгээр улирал бүр хураамж төлдөг. Одоогийн байдлаар манай сангийн үлдэгдэл 155 тэрбум төгрөг байна.

-Иргэдийн хувьд даатгалд хамрагдахын тулд юунд анхаарах ёстой вэ?

-Иргэдийн хувьд анхаарах ганц л зүйл байна. Бидний зүгээс гаргасан голограмм тэмдгийг өөрсдийнхөө хадгаламжийн дэвтэр дээр наалгуулах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд энэ нь бүрэн утгаараа хэрэгжиж эхэлнэ гэсэн үг юм.