m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.27 01:41
1041
Алагчлал

Эдийн засаг хурдтайгаар тэлж байгаа ч өсөлт нь хүртээмжтэй  эсэхийг тодорхойлох хүн олдсонгүй. Эдийн засгийн өсөлт хаашаа урсаж, хэн нь өсөлтийн өгөөж, үр шимийг хүртэж байгааг уншигч та дор бүрнээ тунгаана бизээ. Ямартай ч жирийн ард иргэд эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг бус харин үнэ, ханшны өсөлтийг л илүү их мэдэрч буйгаа хэлж байв.

ТЭЖЭЭВЭР ХУРГА МЭТ УГЖСАН Ч БАХЬ БАЙДГААРАА

Улс орны эдийн засаг бүхэлдээ сайжрахын хэрээр хүмүүсийн амьдрал өөдлөх учиртай. Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг тэлсэн тухай эдийн засагчид тоо баримттайгаар хэлдэг. Гэвч эдийн засгийн өсөлт иргэдийг өөдлүүлсэн нь үгүй. Харин төрийнхөн хуримтлалтай, өмчтэй монгол иргэнтэй байх тухай элдэв хөтөлбөр, төлөвлөгөө боловс­руул­сан. Харамсалтай нь тэрхүү төлөвлөгөөнд хүмүү­сийг тэжээвэр хурга мэт угжих тухай тод томруунаар тусгасан бай­лаа. Мэдээж энэ нь сон­гуулийн амлалтаас үүдэлтэй.

Дийлэнх хүмүүс бор хоног, шар өдрийг үмх мах, чимх давс, атга гурилаар аргацааж байна хэмээн гомдоллосоор ирсэн. Үүнийг хэм­жээлш­гүй мэтээр  түгээх хэдхэн зоосоор түр амс­хийл­гэсэн. Гэтэл өглөгийн их уут нь ёроол­доо хүрснээр баруун солгой­гүй тарааж байсан мөнгө дуусах нь тэр. Энэ нь нэг талдаа харамсмаар ч нөгөөтэйгүүр хүмүүсийг хөдөлмөр эрхлэх ёстой, төрийн тэжээвэр байж болохгүй гэдгийг сэнхрүүлэв. Энэ бүхнээс төрд ахуйгаа даатгах найдваргүй гэдгийг ч ойлгосон биз. Мэдээж эдийн засгийн өсөлт хэсэг бүлэг хүмүүст бус нийт ард түмэнд хүртээмжтэй байх ёстой гэдгийг ухааруулсан хэрэг.

Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй “Хүртээмжтэй өсөлтийг дэмжих төсөл”-ийн багийн ахлагч Мел Козинс “Тэгш бус байдал нь танай улсад нэлээд газар авсан. Үүнийг ядуурлын төвшингөөс нь харж болно. Түүнчлэн уул уурхайн салбараас орж ирж буй өгөөжийг зохистой хуваарилах хэрэгтэй” гэв. Мөн ма­най улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамаарал­тай байгаа нь буруу гэдгийг судлаачид хэлдэг.

Ер нь тэгш бус, хүртээмжгүй  эдийн засагтай улсын нийгэм ороо бусгаа болдог аж.  Өсөлтийн хүртээмж нийт ард иргэдэд хэдий чинээ хүртээлгүй байна, тэр хэрээр нийгэм ядуурч, хэврэг болдог ажээ. Харин тэжээвэр хурга мэт угжуулсан ч бахь байдгаараа алгаа тосоод суугчид олширсныг цаг хугацаа харуулав.

ӨСӨЛТИЙН АЛАГ ЭРЭЭН ХҮРТЭЭМЖ

Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг өнгөөр тодорхойлвол алаг эрээн харагдах биз. Учир нь зарим хэсэг нь хэт их хүртэж, заримд нь огт үнэртдэггүй байна. Жирийн хүний гэр галтай, хоолтой байх эсэхэд улстөрчид анхаарлаа хандуулдаг болоод байгаа. Гэвч өсөлтийн үр шим нь алагчилсаар байгааг судлаачид хэллээ. Үүнийг ядуурлын төвшин буурч байгаа ч ужиг хэвээр байгаагаас харж болно гэдгийг “Хүртээмжтэй өсөлтийг дэмжих” төслийн ахлагч Мел Козинс хэлсэн юм.

Ямартай ч өсөлтийг хангахын тулд улс төр, эдийн засгийн шинэчлэл өөрчлөлтийг эрчимжүүлэх, улс төрийн болон эдийн засгийн байгууллагуудаа бэхжүүлэн чадавхижуулах хэрэгтэйг судлаачид хэлж буй. Түүнчлэн эдийн засагт оролцох ижил тэгш гараа болон хүртээмжээс нь хүртэх боломжийг нийгмийн бүх давхаргад олгох ёстой юм.

Алагчилдаг өсөлтийг алга хийхийн тулд нэн түрүүнд ажлын байр, хөдөлмөрлөх боломжийг нээх явдал гэдгийг хэзээ ч арилахааргүйгээр санах ойндоо шингээх хэрэгтэй. Мөн ганцхан зүйлийг харж суух нь ч буруу. Бид уул уурхайгаа тахин шүтсэн жилүүдэд эдийн засаг хурдтайгаар тэлсэн ч ард түмэнд өгөөжөө өгөөгүй юм. Түүнчлэн хамгийн бага ажлын байрыг уул уурхай гаргадаг гэдгийг ч харсан. Хөрөнгө оруулалт их шингэсэн бизнест хүний оролцоо байдаггүй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл ажлын байр бий болгодоггүйн тод жишээ, энэ. Ингээд л алаг эрээн өсөлтөд тоогдогсод гарын хуруунд багтам цөөхөн байж. Тэгвэл бид яах ёстой вэ. Нэгдүгээрт, нийгмийн халамжийн сайн тохиргоотой бүтэцтэй болох. Хоёрдугаарт, ажлын байр бий болгох сонирхол төрүүлэх. Гуравдугаарт, санхүүгийн болон байгаль орчны тогтвортой хөгжлийг бий болгох хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төр өрмийг нь хамж, иргэд хусмыг нь булаалцалдахаа” болино гэж хэлж байсан санагдана. Манай улсын ард түмэн орлоготой, хуримтлалтай, үл хөдлөх хөрөнгөтэй болох цаг хэзээ вэ гэдгийг тодорхойлох хүн олдсонгүй. Харин авилгал, хээл хахууль буурвал хонгилын үзүүрт гэрэл туяарна гэдгийг олон хүн онцолж байв. “Тэгш бус байдал мөнгөнд бус боломжинд байдаг” хэмээн эдийн засагч Д.Жаргалсайхан хэлсэн юм. Эдийн засгийн өсөлтөд иргэн бүр оролцож, хүртээмжийг нь эдлэх учиртай.

ТЭГШ БУС БАЙДЛААС АНГИЖРАХ НЬ

Бурууг бусдаас хайж алгаа тосогсод өдгөө хугасарсан хэмээн статистикчид хэлдэг. Тухайлбал, ажилгүй иргэдийн тоо буурчээ гэх сайхан мэдээнээс харж болно. Харин эдийн засаг сэргэж, инфляц болон ноён ногоонд дарлуулахгүй байх төөрөг зурхайд буугаагүйг гудамжаар холхих хүмүүсийн царайнаас харж болох юм. Нийгмийн бүх давхар­гынхан эдийн засгийн өсөлтөд орол­цох ижил тэгш боломж бий гэх. Ядуу, яах ч арга алга хэмээн гараа хумхиад суулгүй ор­логоо өсгөх гарц нь хөдөл­мөрлөх. Хөдөлмөрийн бүтээмж өндөр байх хэрээр хэтэвч тань зузаар­на. Тодруулбал, хөдөл­­мөрийн чадвартай хүн амыг хөдөлмөрлөх боломж, ажлын байраар хангах нь хүртээмжтэй өсөл­тийн үндэс аж. Одоо­гоор манай улсын хөдөлмөрийн насны хүн амын дөнгөж 53 хувь нь ажилладаг байна. Эдийн засгийн өсөлтөд хамрагдаж чадахгүй байгаа нь ажилгүйдлээс үүдэлтэйг эдийн засагчид хэлэв. Гэтэл эдийн засгийн өсөлт нь зөвхөн ядуу, эмзэг бүлгийнхнийг бус нийгэмд хөдөлмөрлөх чадвартай ажиллах хүчийг ч бас тойрч буй юм. Сүхбаатар дүүргийн иргэн Д.Дашжамц “Засгийн газар ажилгүйдлийг бууруулах арга хэмжээ авах ёстой гэж боддог. Одоогоор ажилд орох нь бүү хэл, ажилтай хүмүүс ажилгүй болчих гээд хэцүүхэн л байна” гэлээ. Бид тэгш бус байдлаас ангижрахын тулд тогтвор­той, хүртээмжтэй өсөлтөд хүрэх талаар урт хугацааны, стратеги боловсруулах хэрэгтэй юм. Түүнчлэн эдийн засаг нь нэг салбараас хэт хамааралтай байж болохгүй гэдгийг дахин сануулъя. Мөн татвар, нийгмийн хамгааллын системээ хүртээмжтэй өсөлтөд төвлөрүүлэх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хан­гамж зэрэг асуудлыг шийд­вэрлэх хэрэгтэй аж.

Сүүлийн жилүү­дэд хүмүүсийн амьд­рал, амьжиргааг дээшлүү­лэ­хээр нэлээд хэдэн төсөл хэрэгж­сэн. Тэр хэрээр хүмүү­сийн амьдрал сай­жир­сан гэвэл өрөөсгөл. Шулуухан хэлэхэд эдийн засаг хүндэрч, инфляц гэгч нь ам.доллараар хөхиүлэн дэмжүүлж хүмүүсийн халаасыг тэм­тэр­сээр удаж буй. Эдийн засгийн өсөлт иргэдийг ийнхүү алагчилсаар. Тоогдогсод нь томорч, гээгдэгсэд нь гутарсаар өнгөрсөн жилүүдийг үдэх цаг айсуй хэмээн найдъя.