Гандантэгчинлэн хийдээс тагтаа хооллохгүй байх шийдвэр гаргаад хэд хоногийг үдэж байгаа. Буян номын газар, хамаг амьтны тусын тулд хэмээн номлодог бурхан шашинтны төвөөс ийм шийдвэр гарсанд иргэд нэлээд бухимдалтай хандаж байгаа. Тиймээс бид энэ талаар сурвалжлахаар Гандантэгчинлэн хийдийг зорилоо.
Гандангийн хаалгаар ормогц, “Будаа авах уу” хэмээн урд хойноо орон гүйлдэх багачууд, цаасан хайрцаган дээр савласан будаа өрөөд суух хөгшид ч харагдсангүй. Харин Гандангийн тагтаанууднууд өлссөндөө ч тэр үү ихэд догшин түрэмгий аргагүй харагдаж байлаа.
Хашаан дотор чанга яригчаар “Сэрэмжлүүлэг!!! Анхаараарай! Анхаараарай! Нийслэлийн эрүүл мэндийн газар, Гандантэгчилэн хийд, Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвөөс сэрэмжлүүлж байна. Гандантэгчинлэн хийдэд тагтаа шувуу хэт олон болсонтой холбогдуулан, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тагтаа шувууг хооллохгүй байхыг нийт ард иргэд, сүсэгтэн олонд анхааруулж байна” хэмээн цуурайтуулан унших.
Алтан ганжир бүхий Гандан хийд нь аз хийморь, аврал нигүүлсэл хүсэх сүсэгтэн олон хийгээд сэтгэлийн их тайтгарал, тайвширлыг олохоор эгэл хүмүүсийн зорин очдог ариун дагшин газар билээ.
Гэтэл юуны төлөө ийнхүү амьд амьтантай “дайн зарлах” болов.
Бид энэ асуултад хариулт авахаар Гандантэгчинлэн хийдийн ОНХА-ны мэргэжилтэн Ж.Одгарьдтай уулзлаа.
-Гандантэгчинлэн хийдээс тагтаа шувуу хооллохгүй шийдвэрийг ямар шалтгаанаар гаргах болов?
-Гандантэгчинлэн хийд өнгөрсөн сард ССАЖЯ, БОНХЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, НМХГ, НЗДТГ, БГДЗДТГазар, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв зэрэг холбогдох бүхий л байгууллагуудын төлөөллийг оролцуулсан бүх нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, үүнээс гарсан үр дүнг үндэслэн тагтаа шувуу хооллохгүй байх шийдвэрийг гаргасан.
Учир нь тагтааны тоо толгой сүүлийн жилүүдэд огцом өссөн. Энэ нь хүн амын нягтаршил өндөртэй Улаанбаатар хотод орчны бохирдол үүсгэх, ноцтой халдварт өвчин түгээх шалтгаан болох өндөр магадлалтайг мэргэжлийн байгууллагууд тогтоосон.
Тиймээс нийслэлийн төв цэгт оршин буй Гандантэгчинлэн хийдэд зохиомлоор тагтаа, шувуу үржүүлэн, өсгөхийг зогсоох, суурьшсан тагтааг нүүлгэн шилжүүлэх, мөн будаа зардаг иргэдийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй гэдэг шийдвэрийг гаргаад байна. Мөн энэ ажлыг хамтран гүйцэтгэх эрх бүхий холбогдох бүхий л байгууллагууд өөрсдийн чиг үүргийг тодорхойлон ажиллахаар тогтсон. Энэ шийдвэрээ Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.
-Иргэд тагтаа хооллож, буян үйлдэх гэж Ганданг зорьдог. Харин энэ шийдвэрээр иргэдийн эрх мөн зөрчигдөх юм биш үү?
-Бурханы шашинд зөвхөн Гандан, хийдэд ирж тагтаа хооллох нь буян болно гэж заадаггүй. Хэрэв иргэд хүсэх юм бол гэрийнхээ ойр орчимд хүссэн газартаа будаа цацаж, тагтаа шувуу холлож буян үйлдэж болно. Гандантэгчинлэн хийдэд ч гэсэн энэ жишгээр цөөхөн тагтаа байдаг байсан. Тэгвэл сүүлийн 20 жилд тоо толгой нь огцом өссөн нь нийгэмд хортой нөхцлийг бүрдүүлэхээс гадна олон зуун жилийн түүхтэй соёлын үнэт өвүүдэд аюул учруулж байна.
Харин тагтаа, шувуу хооллохгүй байх шийдвэрийг Гандантэгчинлэн хийдийн лам нар дангаараа гаргаж, амьтан алж, нүгэл үйлдээд байгаа хэрэг биш юм.
Мэргэжлийн бүхий л байгууллагууд нэгдэж тандалт судалгаа хийж, тагтаа нь байгалийн жамаараа өөрөө идэш тэжээлээ олж идэх чадвартай гэдгийг нотолсон. Тэгэхээр будаа өгөхгүй байснаар амьтан алж байгаа хэрэг биш юм. Тиймээс зохиомлоор хэт хурдтай өсч байгаа энэ асуудлыг бид зогсоохгүй бол нийгэмд олон хор хохирол учруулж байна.
-Харин олон жилийн турш будаа зарж амьдарсаар ирсэн иргэд хоолноосоо “салгах” болж байна. Энэ асуудалд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Будаа зардаг нийт 78 иргэн байдаг. Тэдний хөдөлмөр эрхлэх насныхныг ажлын байраар хангах, сургуулийн насны хүүхдүүдийг сургуульд хамруулж, эцэг эхийг нь ажилд оруулах, өндөр настнуудад олгодог нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээр Нийслэлийн болон Баянгол дүүргийн нийгмийн халамжийн газраас эдгээр иргэдтэй хоёр удаагийн уулзалтыг зохион байгуулж, ажлаа албан ёсоор эхлээд байгаа.
-Хичнээн иргэдийг ажлын байраар хангаад байгаа вэ?
-Харамсалтай нь эдгээр иргэд бидний тавьсан саналын алийг нь ч хүлээж авсангүй. Ажилд оруулах гэхээр ажил хийхгүй байна. Харин энэ ажлын хүрээнд нийгмийн халамжийн газруудаас олгосон нүүрс, түлээ, хоол хүнсний зүйлсийг бүгдийг нь авсан байна лээ. Тэгээд маргааш нь эргээд л будаа зарах жишээтэй.
-Гандантэгчинлэн хийдэд байгаа түүх соёлын үнэт өв, сүм дуганы дээвэр тагтааны сангасанд идэгдэж нурж эхэлсэн гэдэг үнэн үү?
-Гандантэгчинлэн хийдийн нандин шүтээнүүдийн эхэнд бичигддэг Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Очир дарь шүтээнийг залсан дуганы дээвэрт тагтаа үүрлэж, ихээхэн хэмээний сангас бий болсноор дээврийн хэсэг цөмөрч унасан. Энэ бол 300 жилийн түүхтэй шүтээнд аюул учирч, эдэлгээг түргэсгэж буй юм. Мөн Мэгжид Жанрайсаг бурханы залсан дуган маань 1911 онд бүтээгдсэн уран барилгын түүхийг хадгалсан, манай улсын түүх, соёлын хосгүй үнэт өвүүдийн нэг. Гэтэл энэ дуганы дээвэр доошоо хойтож, нурахад бэлэн болсон бол гар урлалын будган хээ, сийлбэрүүд тагтааны сангасны хүчилд идэгдэж бүдгэрч арилаад байна. Түүнчлэн Зуугийн дуганы вааран дээвэр мөн цоорч, 400 жилийн түүхтэй соёлын өв борооны усанд автаад байна.
Мөн энэ талаар ССАЖЯ-ны Соёлын өвийн мэргэжилтэн Б.Даваацэрэн
“Гандантэгчинлэн хийдэд байгаа түүх дурсгалын үнэт өвд нүүрлээд буй хамгийн том аюул бол гал. Тагтаа цахилгааны шугаман дээр хэт олноор бөөгнөрөн суух нь шугам тасрах, утас нь элэгдэж кроток үүсэх зэрэг гал гарах бүхий л нөхцлүүдийг бүрдүүлж байна гэж хэлж болох юм. Сүм дуганы дээвэрт үүрлэсэн тагтааны сангас зундаа илжирч, өвөлдөө хөлдөж тэлэлт өгснөөр хосгүй үнэт өв, ховор бурхан тахил, эд өлгийн зүйлсийн өнөөгийн өнгө төрхийг алдагдуулж байгаа. Харин энэ асуудлыг манай яамны зүгээс мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг гарган нарийн судалгаа шинжилгээ хийж, үүсээд буй нөхцөл байдлыг зөв тодорхойлсноор эртний эдлэлүүдийг хэрхэн сэргээх талаар бодит тодорхойлолт гаргахаар ажиллаж байна" гэв.
-Тагтаа 60 гаруй төрлийн нян бактер тээдэг-
Харин нийслэлийн Эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар тагтаа шувуу нь 60 гаруй нэр төрлийн нян, вирус, бактер тээж байдаг бөгөөд дархлаа суларсан хүүхэд, өндөр настнууд, бусад хүмүүст ч амьсгалын замын өвчин, арьсны харшилт өвчин, гэдэсний халдварт өвчин халдварлуулах өндөр эрсдэлтэй гэж үзсэн байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар тагтаанаас хүнд халдварласан ямар нэг өвчний тохиолдол бүртгэгдээгүй. Гэсэн хэдий ч тагтааны сангас нь хүчиллэг ихтэй учир орчны эрүүл ахуй, эд зүйлсийн эдэлгээ, өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг ажээ.
-Тагтаа нэг жилд 12 өндөг гаргадаг-
Хэвийн хэмжээнээсээ хэтэрч өссөн хэмээгдээд байгаа тагтаа гэгч амьтан хэр богино хугацаанд өсдөг болохыг тодруулахаар Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн мэргэжилтэнтэй уулзлаа. Олон улсад тагтааг хархтай адилтгаж үздэг бөгөөд байвал зохих хэмжээнээсээ хэтэрвэл сөрөг нөлөөтэйг тогтоожээ. Өнөөдрийн байдлаар Гандангийн дэнжийг тойроод хэдэн мянган тагтаа байдаг талаар нарийн судалгаа байхгүй ч нэг жилд үй олноороо үрждэг гэв. Тодруулбал, нэг тагтаа жилдээ зургаан удаа өндөглөдөг, нэг удаадаа хоёр өндөг гаргадаг гэнэ. Өөрөөр хэлбэл, эр, эм хоёр тагтаа жилдээ 12 болж өсдөг гэхээр нийслэлийн хэмжээнд байгаа тагтаанууд хормын дотор хэдэн мянгаар болж өсдөг гэсэн үг юм.
-Будааны бизнес эрхлэгчид-
Тагтаан сүргийг дагаад цэцэглэн хөгжиж буй бичил бизнес бол будаа зарах. Будаа зардаг Г.Намжил гэх эмээтэйгээс цөөн хором ярилцлаа.
-Гандангаас будаа заруулахгүй байх шийдвэр гарсан. Үүнийг та хэрхэн хүлээж авч байна вэ?
-Тагтаа янз бүрийн халдвар тээдэг гэдэг нь үнэн байх. Эд нар чинь эндээс будаа идээд Бөмбөгөрийн баруун талын үерийн далангаас усалдаг гэсэн. Тэгэхээр маш их нян тээгч болж байгаа биз дээ. Харин эмээд нь энэээс өөр хийх ажил даанч олдохгүй юм даа.
-Будаа зардаг иргэдийг ажлын байраар хангахаар уулзалт зохион байгуулсан гэсэн. Та тэр уулзалтад очсон уу?
-Биднийг нэг өдөр цуглуулаад уулзсан. Залуу хүмүүсийг ажилд оруулна гээд хаяг, утасны дугаарыг нь бичиж аваад л байна лээ. Тэгээд таг болсон гэсэн. Харин эмээд нь хийх ажил гэж юу байхав дээ. Халамжийн газраас гээд 10 шуудай нүүрс, түлээ, хоол хүнс өгсөн. Будаа зарахгүй бол цаашид өгч байна гэсэн. Гэхдээ эмээ нь өөрийн хоёр хүүхэд, том охиныхоо хоёр ихэр сүүнээсээ ч гаргаагүй нялх хүүхэдтэй амьдардаг. Ээж нь бурхан болсон. Бурхан номын газар амьд амьтан хооллох ажил хийдэг болоод ч тэр үү яахав түлээ нүүрс, өдрийн хоолны мөнгөө олдог л юм. Сүүлийн үед Гандангаас будаа заруулахгүй гэдэг шийдвэр гараад цагдаа нар ирээд хөөж л байдаг. Энэнээс өөр мөнгө олох арга байхгүй болохоор буцаж ирээд л зардаг.
-Та өдөр хэдэн кг будаа зарж, хэдэн төгрөг олж байна вэ?
-Өмнө нь нэг кг-ийг нь 1000 төгрөгөөр худалдан авч жижиг уутанд хэсэглэн савлаж, нэгийг нь 500 төгрөгөөр, том ууттайг нь 1000 төгрөгөөр зарж, өдөртөө дунджаар 7000-8000 төгрөгийн ашиг олдог байсан. Харин сүүлийн үед Ганданд ирсэн хүмүүс будаа авахаа болиод байгаа. Өнөөдөр гэхэд эмээ нь 3000 төгрөгний ашигтай л сууж байна.
-Энд архи уудаг хүмүүс элбэг байх юм аа?
-Тийм ээ. Эд нар л Гандангаас олж өгч байгаа ажилд ормоор байгаа юм даа. Хүүхдүүдээрээ будаа заруулаад олсон мөнгөөр нь өдөржин архи уучихаж байна шүү дээ.