m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.29 08:52
93
Өсвөрийн боулингчид өрсөлдлөө

Монголын арванбайт боулингийн холбооны Хүүхдийн лигийн долоо дахь удаагийн тэмцээн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дэргэдэх Парк хаусын боулинг төвд боллоо. Тэмцээнийг хүүхдийн спортыг хөгжүүлэх “Шинэ од” сан, “Leaders cup” спорт клуб хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр “Скайтел” групп, ивээн тэтгэгчээр “Боса Холдинг” ХХК ажиллав. Хоёр насны ангиллаар болсон энэхүү тэмцээний 13 хүртэлх насны ангилалд “Олонлог” сургуулийн 6а ангийн сурагч А.Азболд 114,00 дундаж оноогоор анх удаа түрүүлсэн бол хүүхдийн лигийн гурван удаагийн аварга, 33-р сургуулийн 9б ангийн сурагч Г.Баянмөнх 105,50 дундаж оноогоор мөнгөн медаль зүүв. 1-р сургуулийн 8г ангийн сурагч Т.Эрхэс 97,00 дундаж оноогоор ээлжит хүрэл медалиа гарджээ. Тэмцээний ахлах нас буюу 13-16 насанд Анагаахын лицей сургуулийн 10а ангийн сурагч Т.Ирмүүн 92,50 дундаж оноогоор лигийн хошой аваргын алдарт хүрч, 11-р сургуулийн 11-р ангийн сурагч Р.Тэмүүлэн 87,50 дунджаар үзүүрлэн, “Орчлон” сургуулийн сурагч О.Дамдиндорж 86,50 дундаж оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна. Мөн хөвгүүдээс Т.Эрхэс 118, охидоос Т.Ирмүүн 105 оноо авч, тэмцээний өндөр онооны шагналтнуудаар тодорчээ. “Скайтел” групп ангилал тус бүрт түрүүлсэн тамирчин сурагчдад ухаалаг гар утас, дугаарын хамт бэлэглэсэн бол “Боса Холдинг” компанийнхан оролцсон бүх хүүхдүүдэд гарын бэлгээ гардуулжээ.