“Үзэг барьсан турьхан гарт минь
Үг холбох аргыг заасан
Бага ангийн багшаа баярлалаа
Балчирхан би чинь бичиж сурлаа
Бага ангийн багшдаа бид хайртай”... гэж хоолой нийлүүлэн дуулах зургаан настнуудын Эрдмийн баяраар зочиллоо.
Аав, ээжийнхээ өврөөс салаагvй шахам зургаан настнууд цэцэрлэгийн тоглоомоо санан, санан хичээлийн танхимд сурагч болон ирж байсан цаг саяхан биз. Харин тэд өнөөдөр хэдийн ангидаа, сургуульдаа, найзууддаа дасчээ. Энэ өдөр тэд уншиж, бичиж, бодож сурснаа аав, ээж, эмээ, өвөө, ах, эгчдээ шалгуулан басхүү 35 үсгээ бүрэн гүйцэд судалж дууссаны баяраа тэмдэглэж байна.
Мэдээж баярлахын хажуугаар тэдэнд санаа зовох зүйл их. Цээжилсэн үгээ мартчихгүй гэж байсхийгээд амандаа давтах тэдэнтэй эцэг эхчүүд нь зэрэг сандралдан нааш цааш гүйлдэнэ.
Цээжилсэн үгээ мартчихгүй гэж байсхийгээд амандаа давтах тэдэнтэй эцэг эхчүүд нь зэрэг сандралдан нааш цааш гүйлдэнэ.
Баянгол дүүргийн 40 дүгээр сургуульд энэ жил есөн бүлгийн 200 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ. Тэд эх хэлээрээ зөв уншиж, бичиж сурснаар цаашид аливааг ойлгож, ярьж сурах, 1-100 хүртэлх тооны бүтэц, задаргаа, нэмэх, хасах, жиших зэрэг арифметикийн анхны ухааны ухагдахууныг эзэмшиж математикийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах суурь нь тавигджээ.
Есдүгээр сарын 1-нд хамгийн гоё хувцсаа өмсөн, аав ээжээрээ хөтлүүлэн ирж байсан тэд өнөөдөр аав, ээжийгээ хөтлөөд Эрдмийн баяраа тэмдэглэж байна.
Энэ үеэр бяцхан сурагчдаас сэтгэгдлийг нь сонслоо.
1ж ангийн сурагч Н.Бүжин
-Сайн байна уу, Эрдмийн баяраа тэмдэглээд гоё байна уу. Ямар үсэг болсон юм бэ?
-Гоё байна. Би Э үсэг болсон.
-Э үсгийнхээ шүлгийг цээжилсэн үү. Нэг уншаад үзүүлчих найзууддаа?
-Ээж гэдэгт ордог Э үсэг би байна. \Сандраад мартав\
-Сургуульд ороод юу юу сурсан бэ. Олон найзтай болсон уу?
-Зөндөө их юм сурсан, бас олон найзтай болсон.
1в ангийн сурагч Ч.Амарсайхан
-Сургуульд орох ямар байна. Юу, юу сурсан бэ?
-Гоё байна. Сургуульд ороод Ш үсэг сурсан.
-Ганцхан Ш үсэг сурсан юм уу. Бүх үсгээ сурсан биз дээ?
-Тэгсэн Цагаан толгойн бүх үсгээ сурсан. Бас тоо бодож, тоолж сурсан. Зөндөө олон найзуудтай болсон.
-Эрдмийн баяр тэмдэглэх ямар байна?
-Гоё. Хурдан маргааш болоосой гэж бодож байсан.
Хурдан маргааш болоосой гэж бодож байсан.
1в ангийн сурагч н.Мичидмаа
-Ямар хичээлдээ илүү дуртай вэ?
-Дууны хичээлдээ дуртай, бас дууны багшдаа хайртай.
-Сургуульд сурахын хамгийн гоё зүйл нь юу вэ?
-Олон найзуудтайгаа уулзаад тоглох нь гоё. Бас ном уншаад, юм бичих нь гоё.
-Цэцэрлэгт явахаас юу нь өөр байна?
-Зөндөө олон ном, дэвтэр үүрээд хичээлдээ явдаг. Бас унтаж болдоггүй юм байна лээ.
Зөндөө олон ном, дэвтэр үүрээд хичээлдээ явдаг. Бас унтаж болдоггүй юм байна лээ
1д ангийн сурагч н.Ганбаяр
-Сургуульд ороод юу , юу сурсан бэ. Ямар үсэг болсон бэ?
-Би дуулж, бүжиглэж сурсан. Бас долоон одойгийн нэг болж байгаа. Ү үсэг болсон.
-Тэгвэл Ү үсгийнхээ шүлгийг уншаад өгөөч?
-Саваагүй жаалын чавхтай адил, саалийн үнээ гэхэд ордог Ү үсэг би байна.
н.Ганбаярын ээж н.Отгон
-Эрдмийн баяраа хийж байгаа гээд эцэг, эхчүүд нь хүүхдээсээ ялгаагүй баярлаж байх шиг байна?
-Харин тийм ээ, саяхан л юу ч мэдэхгүй нэгдүгээр ангид орж байсан чинь өнөөдөр уншиж, бичиж, сураад амьдралынхаа анхны алхмаа хийж байгаад нь үнэхээр их баярлаж, хүүгээрээ бахархаж байна. Хүүдээ хайртай шүү.
-1а ангийн сурагч Б.Ирмүүнбилэгийн аав н.Батаа
-Өнөөдөр хүүхдийг нь өдий зэрэгтэй болгосон багш нарт нь хандаж хэлэх үг байгаа байх?
-Есдүгээр сарын 1-нд ууган хүүгээ хөтлөөд энэ сургуулийн алтан босгоор орж байсан маань саяхан мэт л санагдаж байна. Гэтэл өнөөдөр хүүхдүүд маань маш олон зүйлийг сурсан байна. Ер нь зургаан настай хүүхэд сургуульд сурна гэдэг бол маш чанга асуудал юм байна. Тэгэхээр энэ хэцүүг ажралгүй хүүхдүүдийг минь уншуулж, бичүүлж сургасан ачит багш нартаа бүх эцэг эхчүүдийн өмнөөс баярлалаа гэдгээ хэлмээр байна.
-1В ангийн багш П.Шоовдор
-Сайн байна уу баярын мэнд хүргэе. Таны хэд дэх төгсөлт вэ?
-Баярлалаа. Миний тав дахь удаагийн анги. Гэхдээ зургаан настнуудын хоёр дахь нь.
-Зургаан настнуудтай ажиллахад мэдээж хүндрэлтэй байдаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Уйлаан майлаантай эхэлж байсныг бодоход одоо хүүхдүүд маань уншиж, бичээд сурчихлаа. Хоёр дахь удаагийн анги болохоор бас ч туршлагатай болчихсон. Ингээд ажиглаж байхад чинь зургаан настай хүүхдүүдийн тэвчээрийн хязгаар бол таван л минут шүү дээ. Их хөдөлгөөнтэй, хэцүү. Гэлээ ч гэсэн өнөөдөр ингээд баяраа тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна.
Ингээд ажиглаж байхад чинь зургаан настай хүүхдүүдийн тэвчээрийн хязгаар бол таван л минут шүү дээ.
Эрдмийн баяраа хийж байгаа хүүхэд, эцэг, эхчүүд болон бусад найман ангийн багшдаа баярын мэнд хүргэе.
Эрдмийн өргөө инээд хөөр, багачуудын баярт дарагдлаа. Зургаан настнууд маань ээлж дараалан авьяасаа үзүүлж, цээжилсэн дуу, шүлгээ эвлэгхэн уншина. Зарим нэг нь сандарсандаа ч тэр үү дөрвөн мөртөө мартчихаад аав, ээжийнхээ өхөөрдлийг төрүүлэн уйлж байгаа нь ч энэ өдрийн мартагдашгүй нэгэн дүр зураг байлаа. Түүнчлэн ангийнхаа тооны аварга, цэвэр бичигтэн, уран уншигч зэрэг анги хамт олноо манлайлсан бяцхан сурагчиддаа шагнал гардуулсан юм.
Зарим нэг нь сандарсандаа ч тэр үү дөрвөн мөртөө мартчихаад аав, ээжийнхээ өхөөрдлийг төрүүлэн уйлж байгаа нь ч энэ өдрийн мартагдашгүй нэгэн дүр зураг байлаа.
Сурч мэдэх тэмүүллээр дүүрэн бяцхан сурагчиддаа эрдмийн их далайгаас олон, олон эрдэнэ шүүрдэхийг хүсье.