m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.30 09:11
1546
Мөсний шагайн уламжлалт наадаан

 

Нийгэм, соёлын үүрэг:

 

Монголчуудын дунд өөр өөрийн гэсэн онцлог шинж чанарыг агуулсан утга бэлгэдлийн бүрдэлтэй соёлын элементүүд олон байдгийн нэгэн жишээ нь уламжлалт тоглоом наадгай, түүнтэй холбогдсон түүхэн мэдлэг юм. Тоглоом наадгай нь нэг талаар хүн ардын зугаа цэнгэл, хөгжөөн наадаан болох хэдий боловч нөгөө талаараа тухайн нийгэм, соёлыг тайлбарлах нэгэн тайлбар болж, тэрхүү нийгэм, соёлыг харах, ойлгох нэгэн “толь” болдог байна. “Тоглоом бол сэтгэл судлал, физиологи, сурган хүмүүжүүлэх ухаан, этологи, логик, кибернетик зэрэг шинжлэх ухааны судалгааны нэн чухал судлагдахуун болжээ (Бадамхатан Нямдорж 1998)[1] Тоглоом нь угсаатны түүхэн орчинд үүсэж хөгжиж ирсэн учраас угсаатан судлал, нийгэм-соёлын хүн судлалын ухааны нэгэн гол судлагдахуун болох боломжтой юм. Төв азийн өндөрлөг дэхь эрт үеийн ард түмний түүхэн,биет дурсгал болох оршуулга, тахилга, зан үйлийн илрэл болсон археологийн олдворуудын дунд тоглоом наадгайн төрлийн зүйлс бага бус гарчээ.

Тэр дундаа Монгол улсын нутаг дэвсгэр дээр орших хүннүгийн үед хамаарагдах хүүхдийн булш дотроос гарах эдлэл хэрэгслүүдийн дунд төрөл бүрийн тэмдэг, зураас бүхий болоод энгийн төрхтэй, бод, богийн шагай багагүй хэмжээгээр гардаг байна. Монгол угсаатны соёлын хүрээнд мал аж ахуйгаас үүдсэн мал ,амьтны зарим ясыг шүтлэг бишрэл, оюуны соёлын хүрээнд өргөн ашиглаж хүндэтгэн эрхэмлэх ёс цөөнгүй байдаг. Ийм эрхэмлэдэг ясны төрөлд амьтны дал[2], шагай зэрэг зүйлүүд хамаардаг бөгөөд ингэж тодорхой нэгэн ясыг хэрэглэдэг ёс заншлыг нь хөөн үзвэл Монголчууд хийгээд эртний өвөг монгол овог аймгуудын үлдээсэн археологийн дурсгалуудад шагай эрхэмлэх ёс заншил бүхий янз бүрийн хэлбэр цөөнгүй илрэн олддог билээ[3]. Бидний сонирхон буй мөсний шагайн талаар эртний судлал(археологи)-ын мэдээ баримт, олдворуудын дунд тэр бүр мэдээ, баримт байдаггүй. Энэ нь уг тоглоом наадгайг хожуу үүсэлтэй гэдгийг илэрхийлж байгаа хэрэг юм. Харин дээр дурдсан малын гаралтай яс, тэр дундаа монголчуудын тоглоом наадгайн төрөлд ихээхэн байр эзэлдэг шагай эртний судлалын олдвор, эрт үеийн оршуулгуудаас багагүй хэмжээгээр гардаг нь тухайн үеийн ард түмний наадам цэнгээн, тоглоом наадгайн төлөөлөл байсныг баталж байгаа бололтой. Бид энэ талаарх судалгааны зарим үр дүнгээс жишээлэн өгүүлбэл: Булган аймгийн Хутаг-Өндөр смын Хантай багийн нутаг, Баянзүрх уулын энгэр дэх 2-р булшнаас 22 ширхэг богийн шагай, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг, Балгасан тал дахь Хүннү язгууртны 1-р булшны 3-р дагуул булш хүүхдийн оршуулгаас 250 гаруй богийн шагай, Ю.Д.Талько-Грынцевич, Г.П.Сосновский, П.Б.Коновалов нарын малтан шинжилсэн Хүннү булшнаас 52-54 богийн шагай, хүүхдийн оршуулгын зан үйл хийгээд насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүний ёслолд дагалдуулсан байсныг тэмдэглэсэн ба тэдгээрийг мөн хүүхдийн тоглоом наадмын төрөлд хамааруулсан үзсэн байдаг. 1998 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг, Барзан уулын ойролцоох Наран толгойн бүлэг хүннү булшнуудын 1-р булш буюу хүүхдийн оршуулгаас 400 гаруй богийн шагай тус тус олдож байжээ.

 

 Монголчуудын уламжлалт тоглоом наадгай, түүний төрөл зүйл, тоглох арга ухаан, хамрах хүрээ зэрэг асуудлуудын талаар сонирхон судалж ирсэн түүх олоонтаа байна. “Баруун Монголчуудын тоглоом, наадгайн талаар эрдэмтэн, угсаатны зүйч С.Бадамхатан, Б.Нямдорж нар ихээхэн сонирхон судлаж байжээ (Бадамхатан Нямдорж 1998) Эрдэмтэн, угсаатны зүйч С.Бадамхатан “Монголын зүүн хэсгийн хүн ардын уламжлалт тоглоом наадгайг сонирхон судлаж, өөрийн судалгааны үр дүнг хэвлэн нийтлүүлсэн байдаг (Сүхбаатар 1962) “Дарьгангын хүүхдийн тоглоом” бүтээлд Монголын зүүн хэсэгт аж төрдөг Дарьганга хэмээх угсаатны бүлгийн уламжлалт тоглоом наадгайн төрөл зүйл, тоглох арга барил, онцлог шинж төрхийн талаар дэлгэрэнгүй дурдсан байдаг нь Монголын угсаатны зүйн шинжлэх ухаан, тэр дундаа угсаатны соёлын түүхэн уламжлалт, мэдлэг ухааны талаарх судалгааг тоглоомоор дамжуулан судалсан нь чухал ач холбогдолтой бүтээл болсон байна. “Монголчуудын уламжлалт тоглоом наадгайн нэгэн төрөл болсон уламжлалт хөлөгт тоглоомын талаар судлаач эрдэмтэн Н.Намжилдорж судлаж 2 дэвтэр бүтээлийг гаргасан байна (Намжилдорж 1963, 1966)

Угсаатны соёлын элементүүдийн нэгэн хэсэг болсон тоглоом наадгай нь тухайн угсаатны ахуй амьдралын онцлог, түүнээс урган гарсан ухамсар сэтгэхүйн төрх шинж, байгаль цаг уурын байдал зэрэгтэй ямар нэгэн байдлаар холбогдож үүсэн гардаг, тэрхүү соёлыг бүрдүүлэгч нэгэн хэсэг болдог байна. Судлаачдын үзэж байгаагаар Монголчуудын уламжлалт тоглоом наадгайг төрөл зүйлийн хувьд дотор нь ангилан үзсэн байдаг бөгөөд түүнийг тоглох арга барил, түүнд орох эдлэл хэрэглэл, үйл хөдлөл зэргээс нь шалтгаалан хэд хэдэн төрөлд хуваан үздэг. Судлаач Х.Дарамбазар абугай “монголын уламжлалт тоглоом наадгайг дотор нь

  1. Биеийн тамирын тоглоом
  2. Аман тоглоом
  3. Шагайн тоглоом
  4. Хөлөгт тоглоом
  5. Гар хуруугаар тоглох тоглоом
  6. Гогцоо гаргах тоглоом
  7. Оньсон тоглоом
  8. Угсрах тоглоом
  9. Эвхэх хайчлах тглоом
  10. Зурагт тоглоом
  11. Гэр барих тоглоом
  12. Эвлүүлэх тоглоом
  13. Илбэ мэргийн тоглоом (Дарамбазар 1979) зэргээр ангилан хувааж үзсэн байна.

“Харин судлаач Ш.Сүхбат, Ш.Нарантуяа нар монголын тоглоом наадгайг агуулга, шинж чанарынх нь хувьд

  • Үгэн тоглоом
  • Барьж эвлүүлэх тоглоом
  • Хөдөлгөөнт тоглоом
  • Хөлөгт тоглоом
  • Дүрст тоглоом (Сүхбат, Нарантуяа 2012) зэргээр хуваан ангилж үзсэн байна.

Монголчуудын уламжлалт тоглоом наадгайн дотроос хамгийн өргөн тархсан тоглоом бол шагайгаар(шаа) тоглох тоглоом наадгай юм. Шагайн тоглоом шагайн наадаан нь монголчуудын ахуй амьдрал, эрхлэн амьдрах ажил хөдөлмөр, цаг уур, байгаль газар зүй зэрэг олон талын нөхцөл байдалтай холбогдон үүсэн бий болж, хөгжин дэлгэрсээр иржээ. Шагайн наадаанд хонь ямаа, зээр болон бод малын шагайг оролцуулсан, түүгээр няслах, өрөх, орхих(хаях), уралдуулах, бөх барилдуулах зэрэг тоглох хэлбэрүүдтэй гэр зуурын тоглоом наадгай, харвах, онох зориулалт бүхий хавтгай модон дээр бугын эврийг хавтгай дөрвөлжин, дугай, гонзгой хэлбэртэй болгон засч, янзалсан сумаар тусгай модон тавцан дээрхи жижиг ясан байг онох зориулалт бүхий шагайн харваа, түүний хувирмал харваа болох бүс нутгийн онцлог бүхий шагай харваа, жижиг хавтгай тугалган эдээр хийсэн сумтай, бод, бог малын шагайгаар онох байг хийсэн мөсний шагайн наадаан зэрэг багагүй төрлийн тоглоом наадгайд олон байна. Бид энэхүү өгүүллийн хүрээнд дээр дурдсан мөсний шагайн наадаан, тоглоомын талаар өгүүлэх болно.

Монголчуудын дунд тоглож асан мөсний шагайн наадгайн талаарх түүхэн баримтын хамгийн эртний мэдээ “Монголын нууц товчоон”-д дурдагдсан нь бий. Тэрхүү баримтад өгүүлэхдээ Тэмүжин, Жамуха хоёр балчир бага насандаа Онон мөрний мөсөн дээр тоглож байсан тухай мэдээгээр гардаг. Өгүүлэн буй мэдээнд “...Тэмүжин арван нэгэн настай байхад Жамуха гурын шагай Тэмүжинд өгч, Тэмүжин нүхт шагай арилжиж анд бололцож, анд хэмээлдээд Ононы мөсөнд шагалцахуйх тэнд анд болцгоов ( Цэрэнсодном 2000) гэж дурдагдсан байна. Үүнээс үзэхэд Монголчуудын дунд мөсний шагайн наадаан 12-р зууны сүүл үед бүрэн тархсан байсан нь хоёр хүүхдийн тоглож байсан мэдээнээс харагдаж байна. Өгүүлэн буй мэдээнд мөсөн дээр тоглож асан шагайн тоглоомын үндсэн хэрэглэлийг мал, амьтны шагайгаар хийж байсан мэдэгдэнэ. “Хожмоо Монголын засаг захиргааны бүтэц зохион байгуулалт аймаг хошууны тогтолцоонд шилжсэний дараа Сайн ноён хан аймгийн Зая гэгээн хутагтын хүрээнд тоглож байсан уламжлалтай байсан тухай нутгийн уугуул ардын дунд ам дамжигдан, тээгдэж ирсэн мэдээ багагүй таардаг. Түүний уламжлал Монгол улсын баруун хагас, Архангай аймагт багагүй хадгалагдсан бөгөөд энэ нь мөсний шагайн наадааны түүхэн уламжлалтай, цаг уур, газарзүйн нөхцөл байдлаас шалтгаалсан сонирхолтой тоглоом юм. Мөсний шагайн наадааны талаарх тусгайлсан судалгааны бүтээл, судалгааны эргэлтэд оруулсан бүтээлүүд төдий л их биш байна.  “Мөсний шагайн наадааныг түүхэн хөгжлийнхөө хугацаанд “шагалцах”, “мөсөн шагай”, “өрөг харвах” гэж хэмээн тус тус нэрлэж байжээ. Мөсний шагайг тоглоход бод, богийн 4 ширхэг шагай, атгасан гарын хэртэй хушга, сум, онооны тооцоог тэмдэглэх үнсэн самбар зэргийг хэрэглэдэг байжээ. Хушгыг үхрийн засааны арьсыг хөндий хатааж хийдэг байсан нь орчин үед түүнийг хатуу цаас, материалыг бөөрөнхий хэлбэрт оруулан орлуулах болжээ. Сум буюу “захыг” эрт үедээ аргал угалзны ясан эвэр, эсвэл гуулиар цутгаж хийдэг байв (Бадамхатан, Цэрэнханд 2012) Орчин үед яс хэрэглэхээсээ илүү  тугалга юм уу, ган, гуулиар гадна талыг нь бүрж хийсэн, хоёр талдаа ховилтой, дотроо хөндий, жижиг тугалга хийж дотор нь гүйж болохуйц, ойролцоогоор 120 орчим грамм жинтэй сум байна.

“Захыг” барих барилтын хувьд биеийн урд хэсэг рүү дагуулан харуулсан  хэсэгт байх ховилд долоовор хурууг чигээр нь мордуулж дунд хурууны ар талыг хойд талынх нь ховил дээгүүл давуулж,сумны зүүн талыг эрхий хуруугаар тулж, баруун талын хажуу хэсгийг ядам хуруугаар тулж барина. “Захаа” харвахад бэлдэхдээ “зах” барьсан гараа доош нь шулуун байдалтай байлгаж, түүний эсрэг талын хөлөөр биеийн жингээ тулж, түүн дээр гараараа тулж, нөгөө талын хөлийг бага зэрэг хойш нь тавьж, нугалж, биеийг урагш тэмүүлэхэд дэм болгон түлхэхэд бэлэн болгож бага зэрэг нугалж, мөсийг бага зэрэг хонхойлгон түүнд тээглүүлэн жийж бэлдэнэ. Харвахдаа хойд хөлөө хүчтэй жийж, “зах” барьсан гараа савалттайгаа урагш нь даллаж, сумаа шиднэ. “Захыг” шидэх мөчид бие өөрийн хүндийн жингээр өөрөө урагш гулсана. “Зах” барьсан гарыг төдийлэн их нугалахгүйгээр чигээр нь байлгадаг байна. ”Захыг” шидэхдээ бага зэргийн эргэлттэй буюу хойд сумны хойд талыг тулж байгаа дунд хурууг урагш нь хүчтэй түлхэнэ. “Зах” нь өөрөө дотроо жижиг тугалгатай тул явах замдаа дотроо тийрэлттэй байдаг учраас сумны явах хурдыг эрчимжүүлдэг байна. Мөсний шагайны сум болох зах дотор тугалга хийдгийн гол шалтгаан нь тугалгын өөрийнх нь физик шинж чанарыг ашиглах явдал бөгөөд тугалгын физик шинж чанар нь байгаль дээр хатуу байдлаар олддог (Pb), агаартай харьцуулсан нягтын хэмжээ нь 11.34г/см3 байдаг учраас түүний хүндийн хэмжээг энэхүү наадаанд ашигладаг байна. Тиймээс тугалгын хүндийн хүчний нөлөөгөөр захын явах замыг туулах хугацаанд газрын татах хүчийг нэмэгдүүлж, тухайн сум буюу захын чиглэлийг алдагдуулахгүй, түүний ханын цохилтын хүчээр захыг замын чиглэлийн дагуу явуулдаг байна. “Захын” явах замыг “аваа” гэж нэрлэнэ. Аваа нь тухайн захын явах замд тохиолдох бартаа, мөсний өөг хэлэх нэр юм.

Тоглож байгаа нэг багт эрт үедээ 2-24 хүн тоглож байжээ. Харин одоо бол ихэнхдээ 2 хүний бүрэлдэхүүнтэй тоглож байгаа ажээ. Багийн 1 хүн харвахдаа 4-н удаа харваад тойрно. Харвахдаа тухайн хүнтэй нэг удаад харваж байгаа хүмүүс хэдэн хүн байна, бүгд ээлж ээлжээр харвасаар нэг хүн 4-н удаа харвана. Ингэсний дараа “өрөг”-н дээр байгаа хүмүүстэй ээлжилж тэдний оронд очиж сууна. “Өрөг” гэдэг нь захын онох хушга болон шагай байгаа газрыг нэрлэх нэр ажээ. Тухайн харваж байгаа хүмүүс хэд эргэхээ харвахын өмнө хэлэлцэж тохирно. Гол төлөв 9-н удаа тойрч тоглоно. Нэг баг болж байгаа 2 хүн ээлжлэн харвах бөгөөд харваж дууссан хүн өрөгт очиж сууна. Энэ хүн нь өөрийн багийн хүний харвасан захыг хадгалах, оносон оноог тоолох үүрэгтэй бөгөөд энэ хүнийг “зах маллагч” гэж нэрлэнэ.

Байг оносон үгүйг шалгах, түүнийг байрлалаасаа хөдөлсөн үгүйг шалгах янз бүрийн арга байдаг бөгөөд жишээ нь “хушга цовхи шагай хоёрын хооронд 2 хуруу, захын шагай, цовхи шагай хоёрын хооронд 1 төө байхаар бодож шагайны доор нь хялгас тавьдаг байсан ажээ. Энэ нь тухайн шагайг байрнаасаа хөдөлсөн эсэхийг нь ажиглах боломжтой юм. Хушгаа байрлуулахдаа доорхи мөсийг нь бага зэрэг хонхойлгож байрлуулна. Цовхи шагай гэдэг нь хушганы хажуу талын 2 шагай юм. Оноо авах байдлын хувьд хамгийн гадна талын шагайг оновол тус бүр 1 оноо, цовхи, гадна шагай хоёрын хоорондуур зах өнгөрвөл 1 оноо, хушга оновол 3 оноо, цовхи хушга хоёрыг хамтад нь оновол парнайдсан гэж 1 оноо өгнө (Бадамхатан, Цэрэнханд 2012) “Эрт үедээ энэхүү “парнайдах” хэмээх нэршил, харваа байсан бөгөөд орчин үед харвааны дүрэм өөрчлөгдөж байгаа учраас үүнийг харвахгүй болсон байна. “Парнайдах” аас гадна түүний нөгөө талын шагай буюу хушганы хажуу дахь шагай хушга 2-ын хооронд зах бараг багтахааргүй зайтай тавина. Түүнийг зулбаатай тал гэж нэрлэнэ. Зах нь замдаа эргэлттэй явдаг учраас дээр өгүүлсэн зулбаатай талаар гарахдаа аль алиныг нь онолгүй дундуур нь гарах тохиолдол байдаг бөгөөд түүнийг нь “зулбаа” гэж нэрлэнэ. Хэрэв ингэж зулбаж гаравал түүнийг нэг их сайн биш гэж үзэж, түүнд харваачид дуртай биш байх нь олонтаа. Хэрэв зулбаатай талаар зах гарахдаа хушга, хажуугийн шагай 2-ыг аль алиныг нь оновол 3-н оноо өгнө (Шаравын Баасанжав 2013)  

Оноог тэмдэглэхдээ сүм хэлбэрийн дүрсийг хамгийн дээд талын хэсгээс нь эхэлж, нэг, нэг шугамаар тэмдэглэж оноог тэмдэглэнэ. Хамгийн их зураастай болж, сүмийн хэлбэрийг илүү гаргасан хүн/баг/ хожно. Харваж байгаа “зах”-ын зам буюу чигээ тодруулахын тулд замыг тэмдэглэж тэр чигээр шидэх бөгөөд үүнийг “шав” гэж нэрлэнэ. Харваж байгаа хүн 9 оносны дараа түүнд анхааруулах зорилгоор түүний оноог тэмдэглэсэн тэмдэглэгээний хажууд нэг цэг тавина. Нийт 25 харвачихаад оноогоо нэг тоолж, нэг тэмдэглэнэ. Хамгийн их оноотой явж байгаа хүнээ баян гэнэ. Түүний дараа, оноогоороо 2т явж байгаа хүнээ “гүзээ” гэж нэрлэнэ. Эхний 20-н сумны дараа шагайгаа хасаж, хоорондын зайг нь ойртуулна. Ингэхдээ эхний байдалд байсан хэмжээ болох нэг алд хэмжээтэй байсныг нь дэлэм болгоно. Түүний дараа шагайгаа тоолно. Тэгсэний дараа хэн хэд оноод байгааг сануулах байдлаар хэлнэ. Онох байны хувьд нийтдээ 5-н бай байна. Түүнийг нэг алд хэмжээгээр хэмжээд, хамгийн захын 2 шагайны хооронд нэг алд байхаар тооцож тавина. Өөрийнхөө эрүүний яг харалдаа доор нь хушгаа тавина. Хуучин үедээ 36 нум газарт 36-н сум тавьдаг байсан гэдэг юм. Орчин үед барагцаагаар 70-80м орчимд харваж байна.  “Нэг багийн гишүүдийн өндөр настай хүнийгээ багийн нөгөө хүн нь “Дуйжаа” гэж нэрлэнэ. Дуйжаа гэдэг нь хамтрагч, нэг багийн хүн, манай талын хүн гэсэн утга бүхий хятад үг юм.  Харин дуйжаа болсон хүн өөрийн багийнхаа хүний “Эх” гэж нэрлэнэ. Энэ нь тухайн харваанд эхэлж харвах хүн гэсэн утгаас ийм нэртэй болсон байж магадгүй юм. Дуйжаа, эх хоёр ээлжлэн харвасаар хамгийн сүүлийн тойрог буюу сүүлийн 4-н харвааг Дуйжаа харвах бөгөөд, энэ үеийг “Дашийн Дуйжаа” гэж нэрлэнэ (Бүдийн Далай 2013) Даш гэдэг нь монголоор “Өлзий” гэсэн утгатай түвэд үг юм. “Даш”-ыг харвах болвол түүнийг булаалдан, түрүүлж оносон нь тухайн наадаанд хождог.

Эртнээс нааш мөсөн шагайг тоглож ирсэн түүхэн уламжлалтай байгаагийн нэгэн жишээ нь мөсөн шагайн нээлт, хаалтын тоглолт болох 4, 4-н шагай харвах уламжлал юм. Намар 11 сарын дунд үед тухайн бүс нутгийн цаг уурын онцлог шинжээс хамааран голын ус бүрэн хөлддөг байна. Тэр үеийг тааруулан аль нэг өдөр мөсний шагай тоглодог хүмүүс нийлж тэр жилийнхээ мөсний шагайн харвааны нээх харвааг харвадаг байна.

Хавар голын ус хайлж эхлэх үед мөсний шагайн тухайн жилийн харвааг хаах сүүлийн харвааг харвана. Энэ харвааг ихэд чухалд тооцож, идээ цагаа засч, тэр хавийн нутгийн хүмүүс цугларч харвадаг бөгөөд энэ харвааг “найрын харваа” гэж нэрлэдэг. Тухайн найрын харваанд харваачид тус бүр 4 зах тавих бөгөөд хамгийн их харвасан хүнийг “лам” гэж нэрлэн түүнийг ихэд хүндлэн хамгийн дээд талд суулгана. Харваанд оноогоор түүний дараа 2, 3-т орсон хүмүүс түүний баруун, зүүн талаар сууна. 2-т орсон хүн “лам” хүний баруун талд, 3-т орсон хүн түүний зүүн талд сууна. Харин тухайн харваанд хамгийн бага оноо авсан хүнийг “хонь гаргагч” гэж нэрлэн, тэр хүн нь тухайн найрын харвааны мах шүүсийг төхөөрч гаргах, бусад үйлчилгээг хийх үүрэгтэй хүн болдог байна. “Лам” хүн найрын ууцыг таллаж, бусад хүмүүст хувь хүртээн, нийтээрээ идээ цагааг хүртэн найрлана. Харин намрын улиралд мөс анх хөлдөх үед нээлтийн харваа гэж болох бөгөөд тухайн өдрийг сонгох, ямар өдөр, ямар цагт нээх ёстой гэсэн тогтсон ёс, горимыг тэр бүр анхаарч үздэггүй байна. Ихэнх тохиолдолд голын ус бүрэн хөлдөж, мөс болсон үед харвааныг эхлүүлдэг байна.

 

Тоглоом наадааны нийгэм-соёлын үүрэг:

Аливаа уламжлалт тоглоом наадгай бүр өөр өөрийн түүхэн онцлог шинжийг өөртөө агуулж, тэр хирээр нийгэм-соёлд өөрийн гэсэн орон зай, ач холбогдол, дэг ёсыг бий болгодог байна. Тоглоом нь нэг талаар наадаан, цэнгээн болж, ард түмний зугаа цэнгэлийн гол бэлгэдэл, түүний үйл ажиллагаа болж, нөгөө талаар тухайн үндэстэн, ард түмний соёлын түүх болдог ажээ. Тоглоом наадгайн түүхэн хөгжил, түүний үүсэл гарлыг ажвал шашин шүтлэг, зан үйлийн шинжийг өөртөө багагүй агуулж,  нийгэм соёлын хувьсал өөрчлөлтөөс шалтгаалан зугаа цэнгэл, наадамын агуулгыг бий болгожээ. Эрт үеийн түүх сурвалжуудад өгүүлж буйгаар аливаа аймаг, овгийн тэргүүд цуглан чуулж, хэлэлцээр хийсэн үедээ нийлж найр наадам хийж байсан тухай барим сэлтүүд олонтаа гардаг. Тэрхүү найр наадмын үед олныг хамарсан тоглоом наадааныг зохион явуулж байсан нь мэдээж хэрэг буй. Өөрөөр хэлбэл тоглоом наадаан гэдэг нэг ёсондоо аливаа зөрчил тэмцэлийг шийдвэрлэх, түүнийг даван туулах нэгэн арга байсан гэлтэй. Тоглоом нь тухайн орчин, нөхцөлдөө өөр өөрийн гэсэн нарийн дэг ёс, зан үйлээр зонин байгуулагдсан нийгэм, байгууллагыг бүтээж байдаг ажээ. Ингэснээрээ тоглоом нь нийгмийн олон талын харилцааг идэвхжүүлэгч, түүнийг холбогч гүүр нь болдог. Тоглоом нь хэдийгээр тухайн цаг үедээ хүмүүс хоорондын харилцаан дээр тулгуурласан зугаа цэнгэлийн үйл явц болдог хэдий боловч энэ нь нэг ёсондоо эртний болоод орчин үеийн нийгмийг хооронд нь холбож байгаа дамжуулагч, соёлын түүхийг тээгч нь болдог байна.   

 


[1] Бадамхатан С. Нямдорж Б. “Өөлдийн уламжлалт баяр цэнгэл, тоглоом”. Ховд., 1998. т. 6е

[2] Эрдэнэбаатар Д. “Монгол нутгийн дөрвөлжин булш, хиригсүүрийн соёл”. Уб., 2002. тал. 52-56.

[3] Эрдэнэбаатар Д. “Монголчуудын шагай, шагай чөмөг эрхэмлэх ёсны тухай (YII-XIY зуун)” Түүхийн судлал. Tom XXYII, Fasc. 10. Уб., 1994 / Эрдэнэбаатар Д, Аллард Ф, Батболд Н, Миллер В нар. “Хүннүгийн булшнаас олдсон тамгатай шагай”. Түүхийн судлал. Tom XXXIII Fasc 17. Уб., 2002. тал. 176-аас дам ишлэв/