m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 07:00
264
Д.Энхболдбаатар: "Арванхоёрдугаар сарын бүсгүй" өгүүллэг

Жижигхээн булцгар хуруу цахилгаан шатны товчлуурыг дармагц хаа нэгтээ хөдөлгүүрийн бүдэг дуу жигдхэн хүнгэнэж эхэллээ. Төд удалгүй хаалганы цаана хонхны жин гэх чимээ эгшиглээд хаалга нээгдлээ. Бяцхан хүү сэргэлэн нь аргагүй дэгдэгнэн үсэрч цахилгаан шатны бүхээг рүү ороод 23-ын тоон дээр өнөөх хөөрхөн булцгар хуруугаа хүргэхэд хаалга алгуурхан хаагдаж эхлээд, бараг нийлдгийн даваан дээр давхар хаалганы завсраар нэг эмэгтэй хүний цэвэрхэн цагаан гар шургаад ирлээ. Хаалга буцаад нээгдэхэд цаана нь хэн зогсож байсан гээч. Арванхоёрдугаар сарын бүсгүй. Тэр бүсгүй хачин тунгалаг харцаараа бяцхан хүүг өхөөрдөн ширтээд: 
-Болох уу, ноёнтоон гэхэд энэ хотын бүх эрчүүдийн дурлал бахархлын шүтээн болсон эмэгтэйг амьдаар нь харж байгаадаа алмайрсан хүү санд мэнд толгой дохилоо. Бүсгүй сэвэлзтэл алхаж орж ирээд хүүгийн дэргэд зогсоход цахилгаан шатны хаалга сая л нэг хаагджээ. 

-Та хэдэн давхарт гарахын? Гэж хүүг асуухад бүсгүй түүнийг өхөөрдсөн өнөөх тунгалаг харцандаа инээмсэглэл гэрэлтүүлэх зуур явган сууж нүд рүү нь ширтээд:

-Харин та хаа хүрч яваа юм ноёнтоон? Гэхэд хүү нүднийхээ булангаар гэрэл нь ассан өнөөх 23-ын тоо руу хяламхийгээд:

-Би... би... би зүгээр л хамгийн дээд давхарт гарчихаад дараа нь буцаад бууна. Тэгээд... тэгээд дахиад л дээшээ гарна. Би ингэж тоглох дуртай л даа гээд гэм хийсэн юм шиг ээрч түгдэрлээ. Гэтэл бүсгүй:

-Би ч бас ингэж тоглох дуртай гэж хэлээд инээмсэглэхэд хүү үнэн голоосоо гайхаж нүдээ том болгож тормолзуулаад:

-Үгүй ээ... тэгээд... та цахилгаан шатаар тоглох дуртай гэж үү гэлээ. Бүсгүй инээмсэглэсэн хэвээр нүдээ аньсхийж дохиход хүү үнэхээр их баярлаж: 

-Ямар гоё вэ гэж дуу алдсан юм. Ингэж ярилцах зуур хүү бүсгүйн урт цагаан хүзүү булбарайхан цээжийг нь харц салгалгүй ширтсээр байсан юм. Даашинзны цаана задгай энгэрийн цаанаас ил гарсан мээмийг нь ч бас ширтэж байлаа. Хэдийгээр арван нас ч хүрээгүй болов уу гэмээр бяцхан хирнээ ингэтэл алмайрч ширтээд байгааг нь гайхширч бас өхөөрдсөн бүсгүй эргэж босоод богинохон банзлынхаа хормойг тэнийлгэж засангаа хүүг ажигласаар байлаа. Хүү бүсгүйн хөдөлгөөн бүрийг нь дагуулж хараад бүх биеийг нь харцаараа тэмтрээд байх шиг санагдахад бүсгүй тэр дороо гижигдүүлсэн мэт түсхийтэл инээд алдаад:

-Миний хэн болохыг чи мэдэх үү? Гэхэд хүү:

-Арванхоёрдугаар сарын бүсгүй. Манайд арванхоёрдугаар сарын дугаарууд зөндөө бий. Би таны зургуудыг бараг бүгдийг нь үзсэн дээ. Хөршийн өвөө танд хайртай гэж хэлсэн. Хоёр нагац ах маань ч бас танд хайртай. Байрны үүдэнд сонин зардаг ах ч бас танд хайртай л гэсэн. Сургууль явах замд минь таарч намайг дээрэлхдэг ахлах ангийн хүүхдүүд ч бас танд хайртай л гэнэ лээ гэхэд бүсгүй: 

-Харин чи? гэхэд хүү:

-Хн... гэж ичингүйрлээ. Цахилгаан шат хэд хэдэн удаа дээш, доош явлаа. Бяцхан хүүд энэ өдрийн тоглоом хэзээ хэзээнийхээс хавьгүй сайхан санагдаж байсан юм. Тоглох зуураа хүүд бүсгүй: 

-Хоёулаа сахилгагүйтэх үү гэж гэнэтхэн асуухад хүү нүдээ дүрлийлгэж:

-Яаж? Гэвэл бүсгүй долоовор хуруугаа гозойлгож уруулдаа хүргээд алгуурхан урагшаа сунгаж, улаан өнгөтэй дөрвөлжин товчлуурыг дарчихлаа. Энэ товчлуурыг дарахад цахилгаан шат зогсдогийг хүү сайн мэдэж байлаа. 

-Хүмүүс цахилгаан шат эвдэрчихэж гэж бодвол яана? Гэж тэрнийг хулгасан шинжтэй асуухад бүсгүй харин ч хөгжилтэйгээр:

-Тэгээд ёстой нэг үймэлдэж гарна даа. Зарим нь хүлээж ядаад шатаар явган явахдаа цүндгэр том гүзээнээсээ болоод байдгаараа уухилана. Хар хөлс нь цувж эцэж ядрахаараа “хоёр сахилгагүй моньдийг дээ. Тааралдвал ёстой нэг болгож тавина даа” гэж үглэх байх даа гэж ярихдаа өөрөө энэ яриандаа баярлаж хөөрч бараг л дэвхцэх шахаж байлаа. 

Эрчүүдийн нүд сэтгэлийг гижигдэж, ихсийн хүрээлэнд дээд зэргээр амьдардаг энэ бүсгүй өөртэй нь ийм энгийн хандаж байгаад хүү дотроо итгэж ядаж байсан хирнээ мөн л хөгжилтэйгээр бүсгүйг дагаад хөхөрч эхэллээ. Цахилгаан шат 18, 19 дүгээр давхрын яг тэхий дунд зогсчээ. Бүхээгний гурван талын хана тэр чигээрээ шилээр хийгдсэн болохоор хот эндээс бүхлээрээ харагддаг юм. Энэ хот нэг их элчилгүй талын дунд оршдог юм. Хүмүүс нь уужим, тэнүүн сэтгэлтэй, гэнэн цайлган, хал балгүй, гүдэсхэн хээгүй, бас зочломтгой гэгддэг. Ямар ч хаалт халхавч болох уул хадаар хүрээлэгдээгүй болохоор хаанаас ч харсан тов тодорхой үзэгдэх энэ талын хотын зүг үеэ өнгөрөөсөн хөгшин гүрний өтөл дорой жуулчид тасралтгүй цувна. Харин хотод үзчихмээр ганцхан юм байдаг нь эндхийнхний бахархал болсон дүүжлүүрийн тавцан юм. 

-Тэр хар даа. Манай хотын бахархал гэж хэлээд тавцангийн зүг заахдаа бүсгүй үнэхээр, үнэхээр бахархалтай байлаа. Харин хүүд тийм ч сонин содон байсангүй. “Би мэднэ ээ” гэж тэр дуулдахтай үгүйтэй дуугарлаа. 
-Манай хот үнэхээр гоё шүү тийм ээ? Гэж бүсгүй үнэн сэтгэлээсээ хэлээд эргэн тойрноо өнөөх тунгалаг харцаараа нэгд нэггүй шуналтай ширтэж байсан юм. Тэгээд бүсгүй:

-Гадаадын нэг хэвлэлд манай хотын тухай бичихдээ “соёлын хот” гэж нэрлэсэн байсан. Аргагүй шүү дээ, манай хотод 369 жилийн настай царс модон дүүжлүүрийн тавцан байгаа юм чинь. Гэж бахархангуй ярих бүсгүйг хүү бас л бахархангуй ширтсээр байсан юм. Учир нь хүү бүсгүйгээр өөрөөр нь бахархдаг. Тэрнийг үнэн голоосоо хайрладаг байлаа. Ер бусын сайн чанарын царс модооор 369 жилийн өмнө босгосон дүүжлүүрийн тавцанг 22 дох хотын дарга маань “манай хотын бахархал” гэж нэрлэснээс хойш бахархал хэвээрээ үлдсэн юм. Чухам хэн, хэзээ санаачилсан юм бүү мэд. Жил бүрийг соёлын жил гэж зарладаг энэ хотод өдөр болгон шахуу болдог соёлын цуврал ёслол болгон дээр үе үеийн хотын дарга нар энэ үгийг л хэлсээр байдаг юм. Дайсан эсэргүүг даран сөнөөсөн гэж эрдэмтдийн түүх сөхөн өгүүлдэг дүүжлүүрийн тавцангаараа бахархах нь “бахарлыг бахархал чимдэг” гэх мэргэн үг үүдэн гарсныг ч хотынхон андахгүй сайн мэднэ. Тийм болоод ч тэр үү үнэхээр гайхалтай сонин содон соёлын дурсгал мөн болоод ч юм уу энэ тавцанг үзэх гэж газар газрын хэдэн мянган жуулчид жил бүр ирж, тэдний мөнгөөр хотынхон ч чамгүй тансаг амьдарцгаадаг юм. Хүү:

-Арванхоёрдугаар сарын дугаар хэзээ хэвлэгдэх бол? Гэж гэнэтхэн асуухад төрөлх сайхан хотоороо бахархаж байсан бүсгүйн анхаарлыг энэ асуулт огт өөр тийш чиглүүлж орхижээ. Бүсгүй бугуйн цагаа харснаа:

-Яг цагийн дараа хэвлэлд шилжинэ. Маргааш өглөө гараад ирнэ гэхэд: 

-Та зургаа яаж авахуулах юм бэ гэсэн хүүгийн асуулт бүсгүйг улам бүр зовингуй болгочихлоо. Хүү үргэлжлүүлж:
-Та зургаа санаанд оромгүй байдлаар авахуулдаг шүү. Яагаав, хотын даргыг байшингийн дээвэр дээрээс буудах гэж байгаа, таксины жолоочийг алгадаж байгаа, бас жорлонгийн суултуур луу бөөлжиж байгаа. Зургууд чинь их гоё оо. Бас тэр олон ноёдын хөлний дундуур мөлхөж байгаа зураг байна. Ялангуяа тэр гахайнуудын дунд унтаж байгаа зураг чинь... аая би харахаар л бие хачин болоод явчихдаг юм аа гэж бага зэрэг ичингүйрсэн хүү чин сэтгэлээсээ хэллээ. 

Ийм жижигхэн бас хэтэрхий алсын хотод амьдардаг гэхэд итгэмээргүй энэ бүсгүй үнэхээр гоо сайхны дээд туйл байлаа. Яг л зорж хийсэн уран сийлбэр шиг төгс галбиртаа гайхалтай зохицсон нимгэн хөнгөн өмсгөл нөмрөөд салхинд намирч байх шиг алхахад нь хэн бүхний нүд, сэтгэл баясна. Урт тэгшхэн хөл нь газар гишгэж байгаа үгүй нь мэдэгдэхгүй хирнээ гуалиг бэлхүүс нь намирч, хоёр бондгор өгзгөө цацлах нь эрчүүдийг бараг галзууруулах шахдаг байлаа. Ялимгүй сүүмгэрдүүхэн харцандаа бусдыг урин дуудсан шид увидас агуулаад үл мэдэг зузаан уруул, шонтгордуухан шулуун хамар нь бүсгүйн үргэлжийн инээмсэглэсэн царайг төгс төгөлдөр болгодог юм. 

Бүсгүй хүүг анхааралтай сонссоор байлаа. Хүү:

-Энэ бүхнийг хэн бодож олдог вэ? Та юу? Гэж асуухад бүсгүй сая л нэг ам нээж:

-Тийм ээ, би. Бас зурагчин маань янз бүрийн санаа хэлж өгдөг юм. Харин энэ дугаарын зургийг яаж авахуулахаа би одоо болтол бодож олж чадаагүй л байна. Гэтэл сэтгүүл цагийн дараа хэвлэлд шилжих гээд байдаг гээд нэг л уйтгартай санаа алдлаа. Тэгсгээд хүү ч харих болж цахилгаан шатны бүхээгнээс гарахынхаа өмнө:

-Маргааш өглөө би хамгийн эрт гарч арванхоёрдугаар сарын дугаарыг авна аа гэж андгай тавих шиг хэлээд, нээрээ, тантай тоглосноо би найзууддаа хэлж болох уу гэж асуулаа. Бүсгүй толгой дохиход хүү маш их баярлаж:
-Баярлалаа. Би дүүжлүүрийн тавцангаар бахархдаг л даа. Гэхдээ таниар... таниар илүү их бахархдаг шүү. Амжилт хүсье гэж хэлээд тожиг тожиг гүйгээд яваад өглөө. Бүсгүй баяртай ч гэж хэлж чадалгүй хүүгийн араас харсаар үлдсэн юм. 

Бүсгүй юуг ч юм их л удаан бодсоны эцэст савхан цагаан хуруугаа нэгийн тоонд зөөлхөн хүргэлээ. 

Тэр хүү бол би өөрөө байсан юм. Маргааш өглөө нь би үнэхээр арванхоёрдугаар сарын бүсгүйд амласан ёсоороо хамгийн түрүүнд гарч шинэ сэтгүүл худалдаж авсан юм. Сэтгүүлийн худалдагч ах яагаад ч юм надаас мөнгөө ч нэхэлгүй дув дуугүй сэтгүүлээ өгөөд буруу харчихсаныг би анзаарах сөхөө ч үгүй байсан юм даг. Тэрнээс хойш хорин жил өнгөрчээ. Энэ хорин жилийг би яг л тамд байгаа юм шиг хачин шаналалтай өнгөрүүлсэн юм. Бахархалгүй, сэтгэлийн хөөрөлгүй, догдлолгүй, бас хүсэл тачаалгүй. Яагаад гэвэл тэр өглөө би амьдралдаа учирсан хамгийн хайртай эмэгтэйгийнхээ сүүлчийн гэрэл зургийг үзсэн юм. Бүсгүй хотынхны бахархал болсон царс модон тавцанд дүүжлүүрээс дүүжлүүлснээр зургаа авахуулсан байж билээ. 

Тэрний хамгийн сүүлчийн гэрэл зураг урьд урьдынхаасаа ч илүү үзэсгэлэнтэй, ер бусын бахархал төрүүлэм гарсан байсан юм. “Үхэж буй гоо сайхныг тэр яаж ингэтэл олж харж чадав аа” гэж би одоо болтол, бүр одоо болтол толгойгоо гашилтал бодсоор явдаг юм. Бахархлыг бахархлаар чимсэн арванхоёрдугаар сарын бүсгүйгээс хойш алсын жижигхээн энэ хотод ирэх жуулчдын тоо улам бүр, бүр улам бүр нэмэгдсээр байсан гэлцдэг.