m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.03 01:41
93
“МИК АКТИВ-3” зээлдэгчид дарамт үүсгэхгүй

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан иргэд “МИК банк болчихсон юм уу. Гэрээ хийнэ гэж дуудаад байх юм”, “Надаас асуулгүйгээр орон сууцны зээлийг маань шилжүүлж авсан гэнэ”, “Зээл авсан банктайгаа гэрээ хийчихсэн шүү дээ. Гэтэл юун гэрээнд гарын үсэг зурж, хураамж төлөх болчихов оо” хэмээн төөрч, будилсан асуулт тавих нь бий.

Төрөөс найман хувийн хүүтэй орон сууцны зээлд иргэдээ хамруулж, одоогоор 1.5 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгоод байна. Энэ мөнгийг Монголбанк арилжааны банкуудад зургаан сарын хугацаатай, бага хүүтэй зээлдүүлжээ. Арилжааны банкууд энэ мөнгийг цааш нь орон сууцны зээл хэлбэрээр дамжуулан зээлдүүлсэн учраас богино хугацаанд эргэн төлөх боломжгүй юм. Тиймээс Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хуулийн хүрээнд Монголбанкинд эргүүлэн зээлүүдээ баталгаажуулаад барьцаалжээ. Өөрөөр хэлбэл, орон сууцны зээл, түрээс зэрэг ирээдүйд мөнгөн урсгал бий болох боломжтой санхүүгийн хэрэгсэл буюу активуудыг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болгон гаргаж зарах хууль, эрх зүйн тогтолцоо манайд хэдийнэ бүрэлдчихсэн байсныг ашигласан хэрэг аж.

Тухайлбал, “МИК” орон сууцны санхүүжилтийн компани “Голомт” банкнаас нэг тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг багцлан үнэт цаас болгоод авч байна гэсэн үг. Яагаад гэвэл, үл хөдлөх хөрөнгийн анхдагч зах зээлд олгосон зээлийг “Голомт” банк өөр дээрээ байлгаж, 20 жил хүлээхгүй. Түүнийгээ үл хөдлөх хөрөнгийн хоёрдогч зах зээлд буюу “МИК”-д зарчихаж байгаа юм. “Голомт” банк зээлээ гаргачихсан, зээл гаргасан эх үүсвэрээ буцаагаад худалдаад авчихсан учраас цааш нь зээл олгоод явах боломжтой болж байгаа хэрэг. Харин “МИК” иргэдийн авсан зээлийг үнэт цаасжуулаад гадаадын томоохон хөрөнгө оруулагчдад зарчихна. Товчхондоо ийм  л үйл явц болжээ.

ЗЭЭЛДЭГЧЭЭС АСУУХ ШААРДЛАГАГҮЙ ГЭРЭЭ

Гэхдээ энэ нь орон сууцны зээлтэй иргэнд ямар ч хүндрэл үүсгэхгүй. “Голомт”-оос орон сууцны зээл авсан бол хуваарийнхаа дагуу тус банкиндаа л төлөөд явна. Өөр газар очиж зээл төлөх эсвэл байрны үнэ өсөх зэрэг асуудал гарахгүй юм байна. Банкин дээр зээлийн бүрдүүлэлт, гэрээ хадгалагдана. Өөрөөр хэлбэл, иргэн сар бүр орон сууцны зээлийнхээ 500 мянган төгрөгийг төлдөгөөрөө төлнө.

Харин банк “МИК”-д үйлчилгээ үзүүлэгч болчихож байгаа юм. Ингэснээр өмнө нь банк тэр мөнгийг аваад цааш нь зээлдүүлдэг байсан бол одоо “МИК”-д тушаана гэсэн үг аж. Тиймээс тус зээлийг “МИК” рүү шилжүүлэхэд иргэдээс асуух шаардлагагүй гэнэ.

Тэгвэл орон сууцны зээлтэй хүнийг банкин дээр дуудаж буй хоёр, гурван шалтгаан бий аж. Эхний шалтгаан нь тухайн иргэн “Голомт” банкнаас 100 сая төгрөгийн орон сууцны зээл авсан байлаа гэхэд түүнийг нь “МИК” рүү шилжүүлж авах гэж буй юм. Ингэхийн тулд “Голомт” банкин дээр очиж тус зээлийг мате­риалыг шалгана. “МИК” өөрөө хэд хэдэн шаард­лага тавьдаг. Ту­хайл­бал, даатгалын гэрээ хийгдсэн байна уу. Гэрээ хийсэн бол хугацаа нь дуус­сан уу, үгүй юу гээд жур­мынхаа дагуу шалгалт хийдэг.

Иргэд орон сууцны зээлд хамрагдахын тулд ихэвчлэн нэг жилийн хугацаатай даатгалын гэрээ байгуулдаг. Гэтэл орон сууцны зээлтэй байх хугацаанд даатгалын гэрээ заавал хийгдэх ёстой. Тиймээс банк руу даатгалын гэрээний хугацааг нь сунгуул, бид бичиг баримтын зөрчилгүй материал авна гэдэг шаардлага тавьдаг. Иргэн даатгалын гэрээгээ сунгахын тулд мөнгө төлнө. Түүнээс биш “МИК” иргэдээс ямар нэгэн татаас, төлбөр авахгүй. Харин орон сууцны зээл авсан иргэн төлж чадахгүй нөхцөл үүсэхэд барьцааны байрыг “МИК” хурааж аваад зарна. Гэхдээ шүүхийн журмаар ийм асуудал шийдэгдэнэ.

“МИК” БАНК ЮМ УУ?

Иргэд ингэж асуух нь олонтаа. “МИК”-ийн хувьцааг арилжааны 10 банк, Монголбанк, Хөгжлийн банк эзэмшдэг учраас ийн төөрөлддөг байна. Тэгвэл “Эзэд нь банк хэдий ч банк биш” гэдэг хариултыг ал­баны хүмүүс өгдөг. Төр, хувийн хэвшлийн банк, сан­хүүгийн тө­лөө­лөл хувь­цааг нь эзэмш­дэг дун­дын, хувийн өмч­­тэй компани юм. “Мон­голын ипотекийн кор­по­­раци” орон сууц­ны сан­хүү­жилтийн ком­пани гэсэн албан ёсны нэр­тэйгээр хуулийн дагуу үүс­сэн бүтэц аж. Гэхдээ зээл олгохгүй, банкны үйл­­­чилгээ үзүүлэхгүй. Үйл ажиллагааны энэхүү онц­­­логоороо банкнаас ялгаатай.

“МИК” одоогоор 880 тэрбум төгрөгийн хөрөн­гөөр баталгаажсан үнэт цаас гаргажээ. “МИК ак­тив-1” өнгөрсөн оны сүүл­чээр 328 тэрбум төг­рөгийн хөрөнгөөр ба­тал­г­аажсан үнэт цаас гар­гасан. Дараа нь “МИК актив-2” өнгөрсөн тавду­гаар сард 224 тэрбум төг­­рөгөөр баталгаажсан үнэт цаас гаргаад бай­гаа юм. Хамгийн сүүлд өн­­гөрсөн сарын 21-нд “МИК актив-3” 328 тэр­бум төгрөгийн хөрөн­гөөр баталгаажсан үнэт цаас гаргасан байна. Хө­рөн­гөөр баталгаажсан үнэт цаа­сыг худалдахгүй, зээ­лийн эх үүсвэрийг гар­га­сан учраас Монгол­банк ав­даг. Мөн 10 хувийг нь арил­жааны банкууд авдаг аж.