m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.03 02:54
88
Анги бүрийг номын сантай болгох хөтөлбөрийн сургалт эхэллээ

"Ном дотор зам бий" уриатай "Ном" дэд хөтөлбөрийн хүрээнд  "Ангийн номын сан ашиглан сурагчдын бүтээлчээр унших, бичих, сэтгэн бодох чадварын дэмжих арга зүй" сэдвийн дор ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын багш, дунд ангийн сурагчдад зориулан зохион байгуулж буй сургалт өнөөдөр СБД-ийн I сургууль дээр нээлтээ хийлээ. 

Дээрх хөтөлбөрийн хүрээнд БШУЯ-аас анги бүрийг номын сантай болгох үйл ажиллагааг хэрэгжүүлж 2014 онд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн номын санд 70 төрлийн нийт 74 мянган ном нийлүүлж байгаа юм. 

Энэхүү нээлтэд БШУЯ-ны Газрын дарга Б.Насанбаяр, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батжаргал болон албаны хүмүүс оролцлоо. Хөтөлбөрийн талаар тодруулга авсан юм.

-2007 оноос хойш Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Хөдөөгийн боловсролыг дэмжих "READ" хөтөлбөрийн хүрээнд  бага ангийн хүүхдүүдийг номонд дуртай болгох, унших зөв бичих дадал олгох зорилготой дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тэгэхдээ зөвхөн хурдан унших гэдэг талаасаа биш ойлгож унших талаас нь илүү анхаарч байсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ багш, эцэг, эхийг түшиглэж байсан бол харин энэ жилийн хувьд 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд уран зохиолын болон уран зохиолын бус номыг унших чадварыг хөгжүүлэх, бүтээлчээр унших, бичих дадал олгох зорилготой юм.

Энэ удаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ багш болон хамгийн гол нь хүүхдүүдийг өөрсдийг нь гол түшиц болгож байгаа юм. Ингэхдээ хүүхдүүд нийлж клуб байгуулах, нэгдэж үйл ажиллагаа явуулах зэрэг ажлуудыг дангаараа болон багш нартайгаа хамтран зохион байгуулах юм.

Энэхүү хөтөлбөрийг цаашид хөгжүүлж үр дүнд хүргэхэд сургууль, багш нарын зүгээс илүү санаачлагатай, бүтээмжтэй ажиллахад мэдээлэл солилцох зорилготой өнөөдөр энэхүү сургалтыг зохион байгуулж байна.