m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.03 05:03
256
Номын хандивын аян үргэлжилж байна

Монгол Улсын шинжлэх ухааны академи, хөдөө орон нутагтай хамтран ажиллах хүрээнд Ховд, Архангай, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Төв аймгуудтай дөрвөн жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа. 

Улмаар ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын оюуны боловсролд хөрөнгө оруулах зорилгоор академийн эрдэмтэн, судлаачдын гаргасан бүтээлүүдээс идэвхи санаачлагатай ажилласан аймаг орон нутгуудын номын сан, ЕБС-иудад ном хандивлах ажлыг есдүгээр сараас эхлэн зохион байгуулж байгаа. 

Идэвхитэй хамтран ажиллаж сум, орон нутгаа хөгжүүлж буй Архангай, Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн удирдлагуудад тус бүр нэг сая төгрөгийн үнэ бүхий ном, бүтээлийг өнөөдөр гардуулан өглөө. 

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин

Монгол Улсын шинжлэх ухааны академи, шинжлэх ухааны төв байгууллагынхан судалгааны ажлын үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, орон нутаг болон салбарын яамдтай гэрээ байгуулж захиалгат худалдааг хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах зэрэг ажлуудыг сүүлийн гурван жилд зохион байгуулан ажиллаж байна. 

Шинжлэх ухааны академи таван аймагтай гэрээ байгуулан ажиллаж байна. Ховд, Архангай, Завхан, Баянхонгор, Гов-Алтай зэрэг аймаг багтаж байна. Монголын улсын эрдэм шинжилгээний ажилтны 40 гаруй хувь нь манай академид ажилладаг учраас улсын хэмжээнд оюуны үйлдвэрлэлийн эрч хүчийг нэмэхэд манай эрдэмтдийн үүрэг оролцоо их чухал. Номын баярын хүрээнд хамтран ажилладаг таван аймагтаа тус бүр нэг сая төгрөгийн үнэ бүхий  номыг хандивлаж байгаа. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн, байгаль орчин, нийгэм хүмүүнлэгийн олон сайхан бүтээлүүд багтаж байгаа. 

Архангай аймгийн номын сангийн захирал Н.Мөнхтуяа

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийг номын баяр болон тэмдэглэдэг. Уг ажлын хүрээнд шинжлэх ухааны академи хамтран ажилладаг аймгуудын номын санд дээж болсон бүтээлүүдээсээ бэлэглэж байгаад талархаж байна. 

-Танай аймгийн хувьд ном унших түлвшин хэр байдаг вэ?

-Манай аймгийн хувьд ном унших байдал хүрээгээ тэлж байна. Хүүхэд багачууд ном унших нь ихэссэн. Ихэвчлэн шинжлэх ухаан болон уран зохиолын номыг сонирхон уншиж байна. 

-Ном уншигчдын насны ангиллын хувьд ямар байна вэ?

-Бага болон дунд ангийн хүүхдүүд түлхүү ном уншдаг. Ахлах ангийн хүүхдүүд хичээлээ давтах зорилгоор номын сангаар үйлчлүүлдэг. Ахмадууд шинжлэх ухаан болон уран зохиолын төрлийн номыг түлхүү уншдаг. Бага ангийн хүүхдүүд ангиараа ирж ном уншдаг. Энэ нь хүүхэд номонд дурлах нэг алхам болж чаддаг. 

-Фондын баяжилтын хувьд орон нутгийн зүгээс хэр дэмжиж ажилладаг вэ?

-Улсын төсвөөс баталж өгсөн мөнгөнд тааруулан фондын баяжилтыг хийдэг. 2014 оны хувьд зургаан сая гаруй төгрөгийг баталж өгсөн. Номын үнэ өндөр байдаг учраас хүссэн хэмжээндээ фондын баяжуулалтыг хийхэд хүндрэлтэй байдаг. Тийм учраас хамтран ажилладаг байгууллагууд номбэлэглэснээр манай номын сангийн баяжилтанд багагүй хувь нэмэр болж чаддаг.