Засгийн газраас зарласан “888 төсөл” хөтөлбөрт оролцож амжаагүй, санхүүжилтгүй ажил нь эхэлчихсэн тусламж дэмжлэг шаардлагатай үйлдвэртэй ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл танилцлаа.
Үүний нэг бол “Бүрдэн говь” ХХК энэ онд хаягдал яс боловсруулах үйлдвэр, өнгөт чулууны үйлдвэр, оёдлын үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн баазын суурийг тавьж эхэлсэн байна.
Хаягдал яс боловсруулах энэхүү үйлдвэр нь бүрэн хүчин чадлаар ажилласан нөхцөлд өдөртөө 36 тонн ясыг анхан шатны боловсруулалт хийн таван тонн ясны тос, 16 тонн ясны гурил буюу тэжээл гаргах хүчин чадалтай бөгөөд манай оронд байгуулагдаж байгаа анхны бөгөөд цэвэр эко үйлдвэр юм.
Энэхүү үйлдвэрээс боловсруулан гаргасан ясны тос, тэжээл, үнсийг дахин боловсруулах замаар цаашид эдийн саван, шампунь, гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна шаазан эдлэл, бэлэг дурсгалын зүйлс зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм.
Эдгээр хог хаягдал боловсруулах үйлдвэр нь манай орны үнэт баялаг болсон малын гаралтай гол түүхий эд болох ясыг хаягдал болголгүй 100 хувь ашиглах боломжийг бүрдүүлэх, улмаар Засгийн газраас явуулж буй импортоор авдаг зарим бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн гадаад валют хэмнэх, цаашид эдгээр бүтээгдэхүүнийг экспортонд гаргаж улс орны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд өчүүхэнч болов хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.