m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.03.17 08:44
88
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөгжлийн асуудлаар...” сэдвээр лекц уншлаа

Боловсорол шинжлэх ухааны яамны дээд боловсролыг хөгжүүлэх төслийн хүрээнд хийж буй “Cloud University” программ хангамжийн ажлын явцтай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танилцлаа. Энэхүү программ нь их дээд сургуулиудын сургалтын мэдээллийн систем болох аж. Ингэснээр оюутнуудын элсэлт, хичээлийн сонголт, хичээлийн хуваарь, сургалтын төлбөр, тооцоо, төгсөгчдийн дипломын хуулбар зэргийг онлайнаар хэрэглэгчдэд нь дамжуулах бөгөөд ШУТИС-ийн 30 мянга гаруй оюутан онлайн үйлчилгээ авч байгаа юм байна. Мөн эцэг эхчүүдэд онлайнаар мэдээлэл өгч байхаар болжээ. Бусад их, дээд сургууль, төрийн байгууллагуудад д онлайн үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдгийг тус сургуулийн удирдлагууд онцолж байлаа.

Үүний дараа их дээд сургуулиудын төлөөлөл болсон 300 гаруй эрдэмтэн багш нар, судлаачдад зориулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөгжлийн асуудлаар...” сэдвээр лекц уншсан юм.

“Монгол Улсаа хөгжүүлье гэвэл монгол хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Монголыг босгоё гэвэл монгол хүнийг босгох хэрэгтэй. Ийм боломж Монголд хангалттай байгаа. Оюуны чадавхийн хувьд монголчууд бусад улс үндэстнээс дутах зүйлгүй. Монгол хүний өөр нэгэн онцлог бол бие даах чадвартай. Монгол гурван хүн тутмын нэг нь сургуульд сурдаг. Сургуулийн өмнөх насны боловсролоос дээд шатны боловсрол олохоор нэг сая хүн суралцаж байна. Их, дээд сургуульд суралцаж байгаа 175 мянган оюутан байна. Монголын баялаг бол энэ 175 мянган оюутан гэж бодож байна. Тулгарч буй аливаа асуудлын талаар бүгдээрээ ярилц.  Оюутан, сурагчийн тархи бол хэн нэгний бичсэн номыг аваачаад хийдэг цүнх биш. Тэр хүн хэн ч байж болно. Тиймээс асуудлыг шийдвэрлэх арга олохыг оюутан, сурагч бүрт тавь.  Асуудал бүрт хүн бүрээс санаа гарна. Үүнийгээ шүүн хэлэлцвэл гарах гарц олж асуудлаасаа ангижираад ирнэ. Энэ санааныхаа төлөө явж, оюутнуудаа урамшуулж, өөртөө итгэх ёстой. Бид газар дор байгаа шавхагдах баялагаа газар дээрх шавхагдашгүй мөнхийн баялаг болгох хэрэгтэй. Ингэхийн тулд боловсорлын салбарт хөрөнгө оруулалт хангалттай хийж байх юм.

Монголын экспортын 98 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнийг багасгах хэрэгтэй. Ингэхийн тулд дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлэх нь чухал юм. Манайханд нэг дутагдал байдаг. Чулуунд бүдэрсэн ч төрөө хараадаг. Бүдэрсэн чулуугаа биш, дээшээ л хардаг гэсэн үг.  Манай  ноос дэлхийд брэнд болж чадсан. Энэ нь бидэнд гадаад зах зээлд орон зай бий гэдгийг харуулж байна. Гэтэл манайд ноос ээрэх ээрмэлийг үйлдвэр байдаггүй. Тэгэхээр ээрмэлийн үйлдвэр бариад түүнийхээ хажууд Шинжлэх ухааны төв дагаж байгуулах ёстой юм. Тэндээ хэзээ ч тасрахгүй, төгөлдөржсөн утас гарган авах ажил өрнөж байх ёстой. Энэ үйлдвэрийг дагаад иргэд ажилтай, орлоготой болж, дэд бүтэц хөгжөөд ирэхээр тэнд бүхэл бүтэн хот үүсч болох юм” хэмээн ярилаа.

Г.Энхтуяа