m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.04 09:01
993
Жилийн дөрвөн улиралд хүнсний нарийн ногоо хэрэглэх боломж бүрдлээ

Манай улсын нийт хүн амын нарийн ногооны хэрэгцээ жилдээ 40 орчим мянган тонноор хэмжигддэг. Гэвч одоогийн байдлаар тал хүрэхгүй хувийг нь дотоод, гадаадаас бүрдүүлдэг байна. Тухайлбал, өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, салатны навч, бууцай, жууцай, юүцай гээд тоочвол олон нэр төрлийн ногооны дийлэнх хувийг  урд хөршөөс импортлон авчирдаг. Иймд дотооддоо тарьж ургуулж байгаа 4600 орчим тонн нарийн ногооны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Чингис бондын санхүүжилтээр “Хүлэмжийн төсөл”-д 17.4 сая ам.доллар буюу 27.3 тэрбум төгрөг хуваарилсан. Одоогийн байдлаар хүлэмжид зориулах хөрөнгийн 69 хувийг санхүүжүүлээд байгаа ажээ. Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Увс зэрэг аймаг санаачилгатай ажиллаж байгаа аж. Улсын хэмжээнд нийтдээ 16 өвлийн хүлэмж байгуулахаар болсон.

“Ногоон сор” ХХК бөгөөд БНХАУ-аас орж ирдэг хүнсний нарийн ногоонуудыг хүлэмжинд тариалж эхэлсэн байна

Тэгвэл үүний нэг нь “Ногоон сор” ХХК бөгөөд БНХАУ-аас орж ирдэг хүнсний нарийн ногоонуудыг хүлэмжинд тариалж эхэлсэн байна. Тус компани Чингис бондоос 2.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт аван, гурван га газарт үйл ажиллагаа явуулж байна. Өвлийн хүлэмжийг барихад өндөр өртөгтэй ч ашиглалтын зардал бага байдаг хэмээн ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ хэлсэн юм. “Ногоон сор” компани 11 метрийн өргөнтэй 160 метрийн урттай хүлэмжийг ойролцоогоор 200 сая төгрөгт багтаан барьсан гэнэ. Уг хүлэмж нь өртөг зардлын хувьд Голланд хүлэмжээс дөрөв дахин бага өртөгтэйгээр барьж байгаа гэсэн үг.

ҮХААЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэл “Тус компанийн хүлэмжийг барьсан загвар, технологийн арга зүйг нэг маягийн зураг болгон газар тариалан эрхлэх боломжгүй говийн бүсийн аймгуудад өвлийн хүлэмжийн аж ахуйн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний эхлэл болгон өнөөдөр Дундговь аймгийн Засаг дарга уг хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа” гэсэн юм.

Улсын хэмжээнд нийтдээ 16 өвлийн хүлэмж байгуулахаар болсон.

“Ногоон сор” компани хүлэмжийн дулаанаа хийн халаалт болон бага оврын даралтын зуухаар шийдсэн бөгөөд уурын дулааныг ашигладаг байна. Мөн тоосгон хана нь өдрийн илчийг өөртөө шингээн шөнө дулаанаа хүлэмж рүү гаргадаг ажээ. Тус компанийн хувьд одоогийн байдлаар  усан үзэм, гүзээлзгэнэ, тарвас, бууцай, саладны навч, өргөст хэмх, улаан лооль, улаан чинжүү зэргийг жилийн дөрвөн улиралд тариалж байгаа юм. 

“Ногоон сор” компани 11 метрийн өргөнтэй 160 метрийн урттай хүлэмжийг ойролцоогоор 200 сая төгрөгт багтаан барьсан