m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.07 00:18
316
Гавьяат жүжигчин Ө.Уянга: Нийгэмдээ нэг сайхан уянга нэмье л гэж бодсон

Театрын “гургалдай хоолойт гэгддэг тэрбээр тайзнаа тоглогддог дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын алдартай дууриудын гол ба туслах дүрүүдийг бүтээсэн шилдэг “сопрано” нарын нэг юм. Ө.Уянгыг тайзнаа дуулахад, түүний гайхалтайгаар  уянгалах  хоолойн цар хүрээг мэдрэхээс гадна  харцнаас нь хор шар, уучлал, түрэмгийлэл, эрч хүч, цөхрөл, хайр,  бардамнал мэдрэгддэг.

-УДБЭТ “Учиртай гурван толгой” дуурийг маш шинэлэг байдлаар тавьсан. Та Хоролмаагийн дүрд тоглосон шүү дээ. Энэ талаараа?

-Дуурийнхаа 80 дахь жилийн ойн дээр би Хоролмаагийн дүрд тоглож, үзэгч олонтойгоо мэндчилсэндээ маш их баяртай байна. Урьд нь би Нансалмаагийн дүрд тоглож байсан. Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит  “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн улсын уралдаанд 2003 онд ороод Нансалмаагийн  дүрээр дэд байрын шагнал хүртэж байсан. Харин Хоролмаагийн дүрд дөрөв дэх удаагаа тоглолоо. Алтан үеийн олон сайхан дуучид маань энэ дүрийг үзэгчдэд хүргэж байсан уламжлалтай. Тэднээсээ дутахгүй юмсан л гэж их хичээлээ дээ. “Учиртай гурван толгой” бол монгол үндэстний бахархал болсон дуурь, монголын сонгодог урлагийн томоохон төлөөлөл шүү дээ. Энэ ч утгаараа манай хамт олон маш их сэтгэл гаргаж энэ дуурь дээр ажилласан. Үзэгчид ч тун сайн хүлээж авсан шүү.

-Хоролмаа, Нансалмаагийн дүрд хоёуланд нь тоглосон хүний хувьд энэ хоёр дүрийн гол ялгааг хэлбэл?

-Ер нь бол нэмэх, хасах цэнэг гэсэн үг л дээ. Нансалмаа маань их намбалаг сайхан эмэгтэйн дүр бол Хоролмаа хайр сэтгэлийнхээ төлөө явж байгаа бүсгүйн дүр. Хоролмаагийн дүр энэ жүжгийг их хөдөлгөөнд оруулж өгдөг юм. Тэгэхээр Хоролмаа нь илүү их жүжиглэлттэй гэсэн үг. Харин Нансалмаа нь их дуулдаг. Мэдээж энэ хоёр дүрийн хоёуланд нь л дуулах ур чадвар их шаарддаг юм.

-УДБЭТ-т ирэх үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдээд байх шиг. Ер нь үзэгчдийн хандлага ямар байна вэ?

-Сүүлийн үед үзэгчид маш их өөрчлөгдсөн. Гадаад үзэмжиндээ анхаараад сайхан хувцасладаг болсон байна. Театрт орж ирэхдээ гаднах үзэмжиндээ анхаарч байна гэдэг бол тэр хүн орж ирээд яг хувцасласан шигээ тэр дуурийг сонсож, хүндэлж хүлээж авдаг. Манай залуучууд их гоё болчихжээ. Гадагшаа явж ихийг сурдаг, гадны соёлоос суралцдаг болсон болохоор сонгодог урлагийг сонирхож байна. Зуны амралтаараа ирэх хугацаандаа “Буцахаасаа өмнө дуурийн театрт тоглолт үзчих юмсан. Амарчихсан уу, танайх? Өө, ямар харамсалтай юм бэ. Би тэнд байхдаа тийм тоглолт үзэж байсан” гээд л ярьдаг. Ихэвчлэн залуучууд үздэг болсон. Европт сонгодог урлагийг дандаа ахимаг насны хүмүүс үздэг. Яагаад гэвэл залуу насаа сурч боловсрох, ажиллахдаа зориулсан байдаг. Ер нь сонгодог урлагийг ойлгоход тодорхой хэмжээний хугацаа, боловсрол хэрэгтэй л дээ. Монгол хүмүүс нүүдэлчин соёл иргэншилтэй мөртлөө маш авьяаслаг, хөгжмийн мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тийм учраас суралцахынхаа хажуугаар сонгодог урлагийг сонсож ойлгоно гэдэг манай залуус мундаг мэдрэмжтэй, оюуны чадамжтай байна гэсэн үг.


-Манай урлагийнхны ид ажлын үе эхэлж байна. Энэ зуныг хэрхэн өнгөрүүлэв. Сайхан амарч чадсан уу?

-Тийм ээ бид чинь намар, өвлийн улиралд ямар ч завгүй ажилладаг. Тэгэхээр мэдээж энэ их ажлынхаа өмнө сайхан амраад авах хэрэгтэй. Манай УДБЭТ-ын хамт олон маань долдугаар сарын наадмын концерт өнгөрөөгөөд наймдугаар сарын 1-нд амардаг юм. Ер нь энэ балетын бүжигчид бас дуурийн дуучид чинь өдөрт л 2-4 цаг тайзан дээр бүжиглэж, дуулж их хүнд үзүүлбэр үзүүлдэг болохоор их ядардаг. Тиймээс амралт маш чухал. Эрүүл мэндийн хувьд амрах зайлшгүй шаардлагатай байдаг  юм. Тэгээд намрын сүүл сар гээд л утаа эхэлчихдэг болохоор амжиж агаар салхинд гарах нь их чухал. Бид чинь хоолойгоо гамнаж, эрүүл байлгахгүй бол болохгүй шүү дээ. Миний хувьд мэдээж дуучин хүн болохоор хоолойндоо их анхаардаг. Маш өндөр түвшний дэглэм, амралт гаргах шаардлагатай байдаг учраас ажил амьдралаа нарийн зохицуулдаг.

Энэ зун амралтаа аваад хөдөөгүүр л их явлаа. Өөрийнхөө төрсөн нутагт очиж ёстой сайхан амраад ирсэн. Ер нь нутагтаа жил болгон очдог юм. Нуурандаа очно, Даяндээрхдээ мөргөнө. Ёс жаягтай. Энэ удаа өдөр хоног их хурдан өнгөрөх шиг санагдсан.

-Таныг Хөвсгөлийнх гэж сонсч байсан. Төрсөн нутаг, эцэг эх, бага насны дурсамжаасаа хуваалцахгүй юу?

 -Манай аав ээж хоёр Хөвсгөл нутгийн хүмүүс. Би бага насандаа Дэлгэр мөрний хөвөөнд тоглож, Мөрөнгийн төвд өссөн. Зуны амралтаараа Бүрэнтогтох сум руу хөгшин ээжийндээ очиж амардаг байлаа. Би айлын ганц охин. Сүүлд өргөмөл охин дүүтэй болсон.
Ер нь багаасаа урлагт их дуртай, дуулахаасаа илүү бүжиглэдэг байсан.

Намайг багадаа солгой хоолойтой байсан гэвэл хүмүүс итгэхгүй байх. Зурагт, радиогийн урд зогсчхоод солгой хоолойгоор дуулдаг байсан гэдэг.

Том болоод хоолойн өнгө засарсан шиг байгаа юм. Тавдугаар ангиасаа эхэлж урлагийн үзлэгт орж дуулдаг болсон.

 -Мэргэжлийн дуучин болох замдаа хэрхэн орж байв?

-Манай аймагт 1992 онд мэргэжлийн чиг баримжаа олгох есөн жилийн сургалттай сургууль зохион байгуулахад би урлагийн ангид нь орсон юм. Ангийнхнаасаа хоёр насаар дүү байлаа. Тэгсэн ч гэсэн төгсөөд СУИС-д орохоор шалгуулъя гэхэд хотоос очсон Г.Хайдав багш “Ийм нас бага, араа шүд нь ч гүйцэд ургаагүй хүүхдийг дуулаачаар элсүүлэх болоогүй, хоёр жилийн дараа шалгуулаарай” гэсэн. Тэгэхэд нь би зүтгээд Соёлын коллежид ирсэн юм. Харин удалгүй СУИС, Соёлын коллеж хоёрын статус адилхан болоход шилжиж орсон. Тэр жил өөр сургуульд ажиллаж байсан Д.Банди багш СУИС-д багшаар ирж таараад. Тэгээд л би багшийнхаа удирдлага дор суралцсаар дуучин болсон доо. Анх СУИС-д орохдоо дуурийн ангид оръё гэж бодоогүй. Шалгалт өгөхдөө Долгор эгчийн дууг дуулахад багш нар сонсоод л энэ хүүхдийг дуурийн дуулаачийн ангид авъя гэж шийдсэн. Тэрнээс биш би нарийн ширийн зүйлийг нь мэддэггүй, зүгээр л ардын дуу, богинын дуу дуулдаг хүүхэд байлаа.
 

-Уянга нэртэй бүсгүйчүүд нэгдэж “Уянга” санг байгуулсан шүү дээ. Энэ сангийнхаа талаар?

-“Уянга” сан маань нээлтээ хийсэн. Энэ сан анх УИХ-ын гишүүн Г.Уянга бид хоёрын санаачлагаар үүсгэн байгуулагдсан юм. Уянга гишүүн маань анх надад санал тавьсан л даа. Бид хоёр нэг сонины “Нэр нэгтийн чих нэг” гэдэг буланд хамтдаа уригдаж таарсан юм. Тэгээд хоёулаа хамтдаа сууж байгаад өнөөдрийн нийгэмд юу дутагдаж байгаа талаар ярилцсан. Тэгэхэд бид хоёрын яриа яг л нэг зүйлд тулж очсон л доо. “Эдийн засгийн хямралтай, хүмүүс их стресс бухимдалтай байгаа энэ үед хүний сайхан сэтгэл манай улсад ялангуяа энэ Улаанбаатар хотод маань их дутагдаад байгаа юм уу даа” гэж бид хоёр санал солилцсон. Энэ асуудлыг хүн болгон яриад байдаг ч гэлээ хэрэг дээрээ ямар нэг зүйл хийдэггүй. Тиймээс бид сан байгуулж, дотроо бодож явдаг асуудлуудаа ил гаргаж, бодит үйлдэл хийх хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Хүмүүсийг урамшуулах, сайн хүмүүсийг сангаараа дамжуулж алдаршуулъя гэж зорьсон хэрэг.

-“Уянга” сан Сэлбэ голыг цэвэрлэдэг хүүг урамшуулсан байх аа?

-Тийм ээ. Сангийнхаа нээлтээр бид хоёр хүүхдийг сонгож шагнасан. Манай сан нь нийгмийн анги давхарга болон нас, хүйс харгалзахгүйгээр урамшуулал олгох, бусдад туслах зорилготой. Дээрх хоёр хүүхэд маань ямар онцлогтой вэ гэхээр нэг хүүхэд нь Сэлбэ голын хогийг цэвэрлэдэг хүү байсан. Аав нь Сэлбэ голыг цэвэрлэдэг байгаад хүү нь бас цэвэрлэдэг болсон юм билээ. Бид нар Сэлбийн голыг хараад л бохир завааныг нь гайхаад эмзэглээд явдаг байснаас биш тэр хүү шиг шууд очоод цэвэрлээгүй. Гэтэл тэр жаахан хүү цэвэрлэж байсан. Энэ бол биднийг уриалан дуудсан, нэгийг бодогдуулсан үйл ажиллагаа болсон юм.

Бас нэг хүүхдийн тухайд гэвэл нөгөө дүү нараа галаас аварсан охин байсан. Өөрийнхөө бяцхан биенд баймгүй их зориг тэвчээрийг гаргаж дүү нараа галаас аварсан. Насанд хүрсэн хүмүүсээс ч барагтай бол гарахгүй байгаа ийм сайхан үйлсийг энэ хоёр хүүхэд хийсэн. Тэдний үйлс нийгэмд үлгэр дууриал болсон учраас бид сонгосон юм.

Хэдийгээр мөнгө хүний сэтгэлийг илэрхийлж чадахгүй ч гэлээ бид бага ч болов нэмэр болъё л гэж бодсон юм.

-“Уянга” сан маань санхүүжилтээ хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Эхний ээлжинд бид өөрсдийн дотоод бололцоогоороо санхүүгээ бүрдүүлсэн. Дараачийн удаад сангаа хэрхэн санхүүжүүлэх вэ гэдгийг ярилцаж  л явна. Ингээд “Уянга” гэдэг цэвэр усыг худалдаанд гаргахаар болсон. Ингээд энэ усыг та худалдаж авч ууснаар тодорхой хэмжээний мөнгө манай “Уянга” санд орж, нийгмийн сайн сайхны тусын тулд зарцуулагдах юм л даа. Эндээс бид бага ч болов хөрөнгө босох байх гэж найдаж байгаа. Мэдээж цаашдаа өөр олон зүйлсээс санхүүжилт олох төлөвлөгөө бий л дээ. Одоохондоо дотроо ярилцаж л байна. Яг шийдвэр гарсан тохиолдолд тухайн үед нь мэдээлэл өгнө.

-Ер нь аливаа юмны мөн чанар гэдэг их л энгийн, жижиг зүйлсээс ч харагддаг. Хүний сэтгэл ч адилхан байх?

- Тэгэлгүй яахав. Үүнийг би өөр дээрээ ч мэдэрч байна шүү дээ. Би ч бас энэ нийгмийн нэг жижиг хэсэг. Би аав, ээж, эх орон, хайр дурлалыг магтаад дуулаад л байдаг. Дуулж явахдаа дотроо бас л олон зүйлд шаналдаг, сэтгэл зовдог. Гэхдээ дуулахаас өөр зүйл хийдэггүй л байлаа.  Гэвч дотроо шаналж, бодож явдаг зүйлийнхээ төлөө ямар нэг зүйл хийхэд ганцхан алхам л хэрэгтэй юм байна гэдгийг би өнөөдөр ойлгож авлаа. Магадгүй хэн нэгэнд тусалъя, нийгэмд хэрэгтэй зүйл хийчих юмсан гэж та дотроо бодож явдаг бол яг одоо, яг энэ мөчид алхам хий. Алхам хийх амархан. Нэгэнт эхлүүлсэн зүйлийнхээ араас хүн явна шүү дээ. “Уянга” сан бол миний анхны алхам. Хүмүүсийн сайхан сэтгэлийг ил гаргахын тулд манай сан байгуулагдсан. Миний бяцхан сэтгэл “Уянга” сантай хамт байна.

Ер нь тэгээд сан байгуулна гэдэг чинь бас их ажиллагаатай байдаг юм билээ.

Театрын нээлтийн ажил давхацсан учраас манай Г.Уянга гишүүн л хамаг ажлыг нугалсан даа. Би чинь сэтгэлээс цаашгүй л хүн юм гэж хэлж байлаа. Ер нь салбар бүрийн эмэгтэйчүүд нийлэхээр их хүчтэй байдаг юм байна. Уянга нэртэй хүмүүс ч их олон байдаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Энэ хүчийг бид ашиглаж, нийгэмд гэрэл гэгээ нэмэхийг хүслээ. Үүнээс хойш олон сайхан Уянгуудыг нэгтгэх зорилготой. Одоогийн байдлаар  таван Уянга нэгдсэн байна.

Дахин хэлэхэд “Уянга” сан маань хүний сайхан сэтгэлийг л алдаршуулах зорилготой. Нийгэмдээ нэг сайхан уянга нэмье л гэж бодсон юм.

-Уянга гэдэг нэр тань ямар түүхтэй вэ. Хэн өгч байв?

-Миний аав өгсөн. Тухайн үед Уянга гэдэг нэр их мода болж байсан юм уу даа. Ер нь миний үеийнхэн буюу 70, 80-иад оныхон дунд Уянга гэдэг нэртэй хүмүүс их олон бий. Одоо ч энэ нэр маань хуучраагүй л дээ. Их эрэлттэй байдаг юм билээ. “Аав минь намайг дуучин болно гэдгийг зөгнөөд энэ сайхан нэрийг өгсөн юм болов уу” гэж боддог юм. Нэрэндээ маш их хайртай.

Уянга гэдэг нэр өгөөгүй бол би өөр ажил хийгээд өөр хувь заяагаар явах ч байсан юм билүү хэн мэдлээ. Хүний нэр гэдэг чинь их утга учиртай шүү дээ. Монголд 8100 гаран Уянга нэртэй хүмүүс байдаг гэсэн шүү.

-Бүсгүйчүүдийн нийгмийн оролцоо сүүлийн үед эрс ихэссэн. Монгол бүсгүйчүүд ч мундаг шүү?

-Эмэгтэй хүний эрхэмсэг оршихуйг монгол эмэгтэйчүүдээс маш их олж хардаг. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх, байр суурь нь дээшилж байна. Ази дотроо монгол эмэгтэйчүүд байр сууриараа нэлээн дээгүүрт ордог. Ер нь эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй дотоод ертөнц, боловсролоос нь юун түрүүнд харагддаг. Тэрнээс биш хэчнээн сайхан хувцас өмсчихөөд хоёр үг солиход юу ч мэдэхгүй байвал эмгэнэл шүү дээ.
 

-Мэдээж эмэгтэй уран бүтээлчийн хувьд гоо сайхандаа анхаарах шаардлагатай болдог байх. Энэ талаар сонирхуулаач?

-Урлагийн хүн өөрийнхөө ухамсарт хамгийн эхлээд юуг тусгаж авдаг вэ гэвэл зөвхөн дуулахаас гадна, дуулж байгаа шигээ хүнд сайхан харагдах ёстой. Тайзан дээр гоё даашинз өмсөөд, үс зүсээ гоё янзлаад аль болох сайхан харагдах ёстой. Тэгж байж хүмүүс алга ташиж хүлээж авдаг. Тэр чинээгээрээ энгийн амьдралдаа ч бас яг тийм гоё байх ёстой. Тийм үүрэг хариуцлага, шаардлагыг урлаг өөрөө тавьдаг. Хүссэн хүсээгүй урлагийн хүн тайзан дээр байдаг шигээ биеэ авч явж, сайхан харагдах болдог. Эсрэгээрээ амьдрал дээр навсайсан юм явж байвал хүмүүст тийм таатай биш сэтгэгдэл төрнө. Ерөөсөө урлаг гэдэг хүнд төгс төгөлдөр мэдрэмжийг өгдөг. Гэхдээ би л дуурийн дуучин тийм юм идэх ёстой, ийм хувцас өмсөх ёстой гэж тусгайлсан юм байхгүй шүү дээ.
 

-Таныг бие давхар болоод ажлаасаа чөлөө авсан гэх юм?

-Тийм зүйл байхгүй ээ. Шинэ жүжгийн бэлтгэл гээд маш завгүй ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа?

-Та бүхэнд ч бас баярлалаа.

Ө.Уянга дуучны блиц

-Хэлэх дуртай үг?

-Эзэн хичээвэл заяа хичээнэ.

-Амьдралдаа баримталдаг зарчим?

-Хувь хүнийхээ төдийгүй уран бүтээлч хүний хувьд хийж эхлүүлсэн бүх л зүйлээ чанартай хийх.

-Амандаа аялчихсан байдаг дуу?

-Тухайн үед сургуулилж байгаа дүрийнхээ хэсгийг өөрийн эрхгүй аялчихсан байдаг.

-Анхны цалингаараа авсан зүйл?

-Тийм ч том зүйл худалдаж авах хэмжээний мөнгө байгаагүй л дээ. Өөртөө зориулж гоёлын зүүлт авч байсан.

-Бүхнийг шинээр эхлүүлж байгаа залууст хандаж хэлэх үг?

-Хэзээ ч шантарч болохгүй

-Таны мэргэжил нэгт хүндэлдэг хүн гэвэл?

-Дуурийн дуучдаас Т.Жавзанпагма эгчийг хүндэлдэг. Зууны манлай дуучин Б.Сарантуяа  агуу эмэгтэй. Хоолойны хувьд үнэхээр чадалтай, хөдөлмөрч, бүхнийг чанартай хийж чаддаг. Зан ааш нь ч дөлгөөхөн эмэгтэй.

-Аз одонд хэр итгэдэг вэ?

-Итгэнэ шүү. Уралдаан тэмцээнд илүү их аз, одтой байх.

-Хамгийн сүүлд гаргасан уран бүтээл?

-“Буруугүй буруутан” уянгын драмын жүжгийн дууг дуулсан.

-Хамгийн сүүлд авсан шагнал?

- Нийслэлийн 375 жилийн ойн баяраар. Хүндэт өргөмжлөл, ойн медалиар шагнуулсан.