УИХ-ын лхагва гаригийн нэгдсэн чуулганы хуралдаанд оролцоогүй УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Баярсайхан, М.Батчимэг, Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ, “Шударга ёс” эвслийн Ч.Улаан, Ц.Оюунбаатар болон бие даагч С.Ганбаатар нар ямар учраас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг авч үлдэх үү, эс үлдэх үү гэх сонголтыг хийгээгүй буюу эзгүй байсан бэ гэдэг асуулт хэвлэлийнхний дунд өрнөж эхлэв.
Ардчилсан намын “Шонхор” фракцынхан ямар учраас байгаагүй вэ гэдгийн цаана “Алтангадас”-ынхан өмнөх өдөр нь өөрсдөө бужигнасантай холбоотой гэх ордны бор шувуу нисч эхэллээ. Тодруулбал, өнгөрсөн мягмар гаригт хуралдсан Ардчилсан намын бүлгийн хуралдааны үеэр “Алтангадас”-ын алтан найдварууд болох С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар ерөнхий сайдынхаа эсрэг кноп дарахаар гарын үсэг цуглуулна гэж жүжиг тоглосон байна. Түүгээр зогсохгүй өнгөрсөн бямба гарагт Төрийн ордонд хуралдсан Ардчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт “Засаглалын энэ хямрал Үндсэн хуулиас эхтэй. Ерөнхий сайд Ардчилсан намын олонхийн саналыг авч чадахгүй ийм нөхцөлд өөрөө өргөдлөө өгөх хэрэгтэй” гэж хатуухан шүүмжлэл хэлсэн сурагтай. Мөн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болно гэсэн мэдээлэл хэвлэлээр түгж байгаа нь Алтангадас дотроо эрх ашгийн сонирхол үүссэн байх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм.
Алтангадас дотроо асуудалтай элдэв төрлийн цаасанд гарын үсэг зуруулах гэх мэтээр олон талцал үүссэн нь шонхорынхоныг үргээж л дээ. Шонхорууд "Алтангадас"-ын будлианд оролцохгүй, гэхдээ Н.Алтанхуяг сайдыг авч үлдэнэ гэдэг санал дээр гарын үсэг зурсан байж. Гэвч "Алтангадас"-ынхан бид өөрсдөө сайдаа унагаачихна гэж "Шонхор"-ынхонд хэлсэн атлаа Ерөнхий сайддаа "таныгаа хамгаална" гэж хоёр өөр зүйл ярьсан нь сайдыгаа унагаах хүчин зүйл болсон гэнэ. Хэргийн эзэн хэнгэрэгийн дохио буюу намынхнаа үргээсэн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар сайдаа унагаах саналд гарын үсэг цуглуулна гэж бүлгийн хурлын үеэр хэлэлцэж байсан ч хурлын дараа сураггүй болж. Энэ нь тэд хоёр талд хоёр өөр зүйл ярьж явсанаас гарцаагүй.
Ерөнхий сайдаа унагасан гэх үйлдлийн цаана ил кноп дарсан Р.Амаржаргал, Р.Бурмаа, Х.Баттулга гэх мэт ардчилсан намын найман гишүүн, шонхорууд болон Ерөнхийлөгчийн гэх М.Батчимэг, эвслийн Ч.Улаан, Ц.Оюунбаатар, бие даагч С.Ганбаатар нар “түгжилдсэн” гэхээсээ илүү "Алтангадас" фракц Ерөнхий сайдаа араар нь унагах гэсэн бодлого байсан юм биш үү гэх олсны хэлхээ хөвөрч эхлэв. Хэрвээ "Алтангадас" албан тушаалын төлөө ингэсэн бол нарийн дэглэлттэй, маш төгс атлаа маш бохир жүжиг тавьдаг болж гэж хэлэхээр байна.