Баянзүрх дүүргийн 6,18,25 дугаар хороодын нутаг, 13 дугаар хороллын орчимд төв замын хашлага /боржур/ сольж байгаа нь төрийн мөнгийг шаардлагагүй ажилд хяналтгүй зарцуулж байгаагийн нэг хэлбэр хэмээн иргэд бухимдаж байгаа.
Энэ талаар “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын менежерээс тодруулахад, “Баянзүрх дүүргийн нутаг “Натур” худалдааны төвийн арын зам буюу Дамдинсүрэнгийн гудамжны 2400 метр газрын замын хашлага солих ажлыг Нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас “Жи Жи Си”, “Алтай роуд” гэсэн хоёр компанитай гэрээлж хийлгэсэн. Манайхтай гэрээ хийсэн компаниуд нь гэрээт ажилчдаар замын хашлага /боржур/ солих ажлыг хийлгэсэн бололтой юм билээ” гэдгээс өөр хариулт өгсөнгүй.
Харин иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу замын хашлага /боржур/ сольсон газруудыг очиж үзэхэд ажлын гүйцэтгэл маш тааруухан хийгдсэн нь харагдаж байсан. Хуучин байсан замыг шинэчилж хийсэн гэх боловч шинээр тавьсан замын явган хүний замыг бүрэн засч янзлаагүй. Замын хашлага /боржур/ явган хүний зам хоёрын дундах зайг нөхөж, бөглөөгүйгээс шороо тоос босдог. Хамгийн гол нь хашлагыг нь шинэчилсэн явган хүний зам нь өмнөхөөсөө нарийхан болсонд иргэд оршин суугчид бухимдаж байв.