
Дэлхийд цахилдагтан хэмээх овогт 80 төрөлд хамаарах 1800 зүйл цахилдаг байдгийн найман зүйл нь Монголд ургадаг. Дэлхийн хуурай газрын ихэнх бүсэд элбэг тархсан байдаг. Олон наст, үндэслэг ишт ургамал. Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховд, Монгол-Алтай, Дундад халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Дорноговь, Говь-Алтай, Дундговийн нутгаар түгээмэл тааралдана. Нуур, гол, горхи, шандын марзлаг эрэг, хайрга, марзлаг нугад ургана. Цагаалин цахилдаг, Хосхайрст цахилдаг, Цахилдаг, Сахилз, Ацан цахилдаг гэх мэт зүйлүүд байдаг. Ерөнхийдөө иш нь 10-20 сантиметр өндөр, навчис нь 15-50 сантиметр урт, 3-5 миллиметр өргөн, цайвар ногоон өнгөтэй. Цахилдагийг хатсаны дараа бүх төрлийн мал иддэг. Говийн бүсэд ногоон байхад нь хадаж хураадаг. Цахилдаг нь хоолойны үрэвсэлт өвчнүүдэд тустай байдаг учраас 1-2 цэцэг идүүлэх маягаар эмчилдэг байна.
Эмийн ургамал
