
Дэлхийг туурайгаар тамгалдаг цаг дууссан
Жижиг, дунд үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх уриагаар эхэлсэн их ажил дунд шатандаа үндэсний үйлдвэрлэл болон “хүчээ авсан”. Харин сүүлийн үед Монгол брэнд буюу үндэсний брэнд бий болгох цаашлаад дэлхийд гарах тухай дээр дооргүй ярьж байна. Юугаа бид дэлхийд гаргаж, юугаараа тэдний чихэнд хоногшиж, сэтгэлд нь хүрэх вэ? Жижгээс эхлээд үндэсний болтол нь хөгжүүлсэн өнөө л эсгий шаахай юу? Эсгий шаахай маань брэнд болох хүртлээ боловсорч чадсан уу гэвэл бас өөр хариулт гарна. Яахав олон жил ярьж, олон тэрбум төгрөг үрснийх брэнд биш юмаа гэхэд бид дотооддоо юм юм л хийж үзэж байна. Чацарганаа савлаад зарчихтайгаа боллоо. Цагаан загасаа варьений шилэнд хийж шошго наадаг болсон нь хүртэл дэвшил л юм даа. Брэнд гэх гадаад үг бидний амьдралд саяхан орж ирсэн. Брэндийг үнэтэй, чанартай гэж “унших” нь ч бий. Мянган төгрөгний колаг харахад брэнд болгон заавал өндөр үнэтэй байх албагүй аж. Брэнд заавал LV, Rover, Ferrari байх албатай юу? Тэгвэл Булганы айраг, Увсын чацаргана, Ховдын тарвас ч байж болно гэж хэлэх хүн олон байна.
Өрсөлдөх чадвар, чанар стандарт, технологийн тухай биш брэндийн тухай ярьж байгаа нь өөдрөг байж болно. Хүчтэй өрсөлдөөний одоогийн нөхцөлд sony, мас, HP шиг брэндийг саравчнаас бүтээдэг үе өнгөрсөн. Тиймээс Монголын үйлдвэрлэлийн салбарт чанар, стандарт, технологийнхоо асуудлыг нэн тэргүүнд чухалчилж юуны түрүүнд олон улсын стандартад хүрэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөв. Түүний дараа зах зээлд гаргаж брэнд бүтээхэд энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс манайд хангалттай байгаа юм. Өнөөдөр дэлхийд гарах Монголд брэнд бараа бүтээгдэхүүн гэвэл ноолуур, савхи гэсгээд л цааш ярих юм тун ч цөөн. Гэтэл арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг түмэн улс бий. Өнгөрсөн жил Ерөнхий сайд “Монгол брэнд” эдийн засгийн чуулганыг нээж ноос ноолуур, арьс шир, оёдол, мах, сүү болон аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр брэнд үйлдвэрлэх боломж бий тухай ярьсан. Хэвлэлүүд энэ тухай Дэлхийд өрсөлдөх “Монгол брэнд” гараанаас гарлаа хэмээн бичиж байлаа. Энэ хурал дээр Монгол брэндээр дэлхийг байлдан дагуулах тухай бадрангуй үгийг хэлцгээжээ. Монголчууд дэлхийг байлдан дагуулснаасаа хойш мориноосоо буугаад нэн удаж байна. Одоо харин брэндээр дэлхийг байлдан дагуулахаар морин дээрээ мордохоор мөрөөдсөн ч нум саадагнаас өөр юу авч дөрөөлөхөө нэг л мэдэхгүй байх шиг. Чингис хаан, нүүдэлчин гэдгээс өөр дэлхийд дардсаа дарчих юм бидэнд уг нь бий. Ийм имижийг бүрдүүлсээр байгаад манайхныг морь унасан бөөдийсөн товариш гэсэн ойлголттой жуулчид Чингис хаанын нисэх буудалд газардаад гайхаж хоцорсон тохиолдол олон бий. Их хаанаа өмнөө барих нь бидэндээ сайхан ч бизнесийнхний хувьд тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй. Нүүгээд алга болчихдог зэрлэг маягийн нөхөртэй хэн худалдаа хийхийг хүсэхэв дээ. Бид өөрсдийн байгаа байдал болоод бидний гадаадад санамсаргүйгээр цацаж байгаа мэдээллийн эргээд иймэрхүү төрхийг бүрдүүлж байна.

Made in Mongolia-гааг ялгарах, морин туурайгаар дэлхийг тамгалахын хоорнд асар их ялгаа бий. Манай улсын нийт экспортын 80 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 30 хувьд нь боловсруулалт хийгддэг бөгөөд үлдсэн нь түүхийгээрээ экспортлогддог. Социализмийн үед манай улс 1.2 сая метр даавуу үйлдвэрлэж байсан. Гэтэл өнөөдөр нэг см-ийг ч үйлдвэрлэхгүй байна. Жижиг дундаасаа салж амжаагүй үйлдвэрлэлийн хөгжил маань брэндийн түвшинд очиход бэлэн үү. B.B.E Consulting ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энхбаяр манай улсын хувьд цоо шинэ брэнд бүтээж бие даасан байя гэхээсээ илүү танигдсан алдартай брэндийг дагаж дэлхийн зах зээлд гарах боломж нь илүү хямд өртөгтэй, богино хугацаанд танигдах тухай ярьж байна. LV-гийн бүтээгдэхүүний зөвхөн нэг жижиг хэсгийг л монгол арьсаар хийхэд л нэр хүндээ өсгөх боломжтой. Lamborghini машины дотор арьсан бүрээсийг л бид үйлдвэрлээд байхад дэлхийд гарах нэг арга. Гэхдээ монголчуудад нэг зовлон бий. Бүгдээрээ “эзэн” байх гэсэн сэтгэлгээ үүнд нөлөөлдөг. Оёдолчин болгон даашинз оёхыг хүсдэгээс болж товчны нүх гаргах, товч хийх хүн олдодгүйн түүтгэр хаа сайгүй. Кластер маягаар хөгжих энэ боломжоо монгол хүний өмчтэй байж үзээгүй сэтгэлгээ хойш татдаг гэхэд хилсдэхгүй. Б.Энхбаяр эхний жилүүдэд газар тарилан, малын гаралтай түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүнээ оrganic, nomadic, pure natural давуу чанараар, малын гаралтай түүхий эдээрээ томоохон брэндүүдийн түүхий эдийг хангах, ган, алт зэрэг эдлэлээр Handmade quality хэлбэрээр брэнд бүтээх боломж бий. Харин урт хугацаанд лобби бүлэг байгуулах, ноу-хауинноваци, патент ашиглах биш эзэмших тал руугаа ажиллах шаардлагатай гэж тэр үзэж байна.
“Чоно” группийн Бизнес хөгжил маркетингийн газрын захирал Б.Амарсайхан брэндийг хэрэгцээгээ хангах худалдан авалтаас өөр гэхдээ үнэ цэнийг шингээсэн, мөнгийг өөр рүүгээ татаж байгаа тэр зүйл гэж энгийнээр тодорхойллоо. Байгалийн үнэт чанараа алдаагүй, шимт чанар сайтай хүнсээр брэнд бүтээгдэхүүн боломж бүрэн байгааг тэр мөн давтав. Монголчууд эко бүтээгдэхүүнээ брэнджүүлж болохыг хүн болгон л хэлж байна. Харин үүнд цогц бодлого дутагдаж байгааг ч мөн хүн болгон мэднэ. Үйлдвэрлэлийг дэмжих бодлого урт хугацааны байх тусам үр өгөөж нь гарна. Дотоодын үйлдвэрлэл өртөг өндөртэй байгаа өнөөгийн нөхцөлд өртөгөөр өрсөлдөж болохгүй эсрэгээрээ өртөг шингээж экспортод гаргахыг чухалчлах саналыг Б.Амарсайхан онцолсон. Брэндийг бүх хүн бүтээдэг гэж тэр нэмж хэлэв. Тэгвэл Монгол брэндийг монголчууд л бий болгоно. Бахархал, үнэт зүйл, итгэл үнэмшилдээ үнэнч улс үндэстэн даяаршсан брэндийн зуун зууны түүхийг бүтээж байна. Made in Mongolia-г брэндээр дэлхийтэй зэрэгцэхэд эрүүл аюулгүйн баталгаа, чанараас авахуулаад болоогүй зүйл их бий. Гэвч бид брэндтэй Монгол түүнийгээ хэрэглэдэг л монголчууд бид. LV-гээр биш Эксклюзивээр бахархах, Budweiser-аар биш Булганы айргаараа гайхуулах цаг ирнэ гэж итгэнэ.
Үндэстнийг брэндчилэх үе
Брэндийн тухай яриа бараа бүтээгдэхүүн гэхээсээ өмнө улс үндэстний имиж нь юу байх вэ? Монгол хүн юугаараа онцлог юм бэ гэдэг рүү өөрийн эрхгүй орно. Ажилсаг хятад, нягт нямбай япон гэж бахархдаг ч залхуу монгол гэсэн шошготой л сууцгааж байна. Үндэсний брэндийн тухай хэлэлцэж байх энэ үеэр дахин нэг шинэ нэршил дэлгэрч эхлээд байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг энэ. Стандартад нийцэх үйлдвэрлэлгүй байж брэнд хэмээх том малгай өмсөх нь “нүцгэн” шахуу биед арай ахдаад байгаа бол харин үндэстнийг брэндчилэх гэдэг утга угтаа Монгол улс дэлхийд ямар имижээр гарах, ямар агуулгаар хоногших вэ гэдэг дүр төрхөө тод томруунаар гаргаж ирэх оролдлого аж. Энэ санаачлага Гадаад харилцааны яаман дээр хэлэлцэгдэж байна. Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн төлөвлөгөөнд “Улсын имиж, Үндэстнийг брэндчилэх нь” сэдвээр олон орны засгийн газарт зөвлөгөө өгч байсан мэргэжилтнийг авчирч шийдвэр гаргагчдад лекц уншуулах тухай дурьдагдсан байна. Монгол төрийн гадаад бодлого дэлхийн хамгийн том гүрнийг байгуулан жолоодох менежмэнтээс эхлээд хамгийн том гүрний хоёр гүрний дунд, хамгийн цөөхүүлээ оршин тогтнох урлаг хүртэлх өргөн агуулгатай бол түүнд мэдээлэл сурталчилгаа өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй хэмээн тус хэлтсийн дарга М.Уламбадрах онцолсон.
Чөлөөт нийгэмд хэний, юу ярихыг зааж болохгүй ч хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан туршлагатайн хувьд тэр эерэг мэдээллийн агуулгын тогтвортой байдал, давтамж хоёр чухал талаар онцоллоо. Монголоос гадаадад гарц хайж байгаа олон бизнесийн байгууллагууд уудам талаа, тэмээгээ, баялагаа, байгалиа гээд өөр өөрийнхөөрөө онцлогоо харуулах гэж хичээдэг. Монгол гэхээр нэг л зүйл гялсхийн санаанд нь бууж, монгол хүн гэж хэлэхэд итгэл төрөхүйц ойлголт төрж байхаар нэгдмэл зүйл хэрэгтэй байгаа нь үнэн. М.Уламбадрах үндэстнийг брэндчилэх гэдэг нь энгийнээр бид нэг тийшээ, нэг зорилготойгоор харж, имижээ тодорхойлон улс үндэстнийхээ нэрийг тамгалах хэмээн тайлбарлалаа. Тэр гадаад дотоод сурталчилгаанд хэвлэл мэдээллийн үүргийг онцолж Монголыг гадаадад сурталчилах хэлбэрийг нэгдүгээрт түүх, уламжлал, соёл заншил хоёрдугаарт ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдлэгч улс, улс төрийн тогтолцоо, гуравдугаарт эдийн засаг бизнесийн салбарын давуу тал гэсэн гурван агуулгаар сурталчилах нь зөв гэсэн санаагаа хэлсэн. Өнөөдөр спортоороо Монгол улс дэлхийд нэр хүндээ өсгөж чадаж байгаа ч эдийн засгийн талбарт ахиц муутай байна. Нэг имиж, нэг илэрхийлэл салбаруудын бие биеийнхээ замыг хаах сөрөг хандлагыг үгүй болгоно. Өнөөдөр Чингис хаанаа, маргааш морио, нөгөөдөр нь гэрээ ярьдаг бидний байдал үндэстнийг илэрхийлэх имижээ тарамдуулахад хүргэж байгаа. Манай улсын талаарх эерэг ойлголт хандлага, итгэлийг нэмэгдүүлэхэд үндэстнийг брэндчилэх арга технологи чухал болохыг уг ажлыг эхлүүлэгчид ярьж байна.
Брэнд олон арван жилийн турш шалгагдан шалгарч өөрөө бий болдог нэг хэлбэр байна. Орчин үед брэндийг зорилготойгоор бүтээдэг арга мөн байдаг. Улс үндэстний хувьд брэндээ бүтээсэн түүхүүд бий. Үндэстнийг брэнджүүлдэг арга туршлагаараа НҮБ-тай хамтран ажиллаж олон улсад имижийг бүтээж байсан туршлагатай мэргэжилтэн Simon Anholt “Шинэ Зеланд имижээ тодруулах асар их ажлыг амжуулсны ачаар дэлхий дахинд гайгүй танил болж, жуулчны урсгалыг ихээр татах болсон шүү. Арван жилийн өмнө энэ жижиг орныг мэддэг хүн бараг байхгүй байсан. Газар зүйн алслагдсан байрлал нь хүндрэл учруулж байсан. Одоо бол үүнийгээ давуу тал болгож чадлаа."Бөгжний эзэн" кино үүнд их тус болсон. Би бас шилжилтийн эдийн засагтай, хөгжиж байгаа орнуудыг сонирхдог. Яагаад гэвэл тэдэнд одоо маш сонирхолтой асуудлууд тулгарч, оновчтой шийдлийг хүлээж байгаа цаг. Баян орнуудтай ажиллах ч бас сэтгэл татдаг. Гэхдээ л тэнд хийх ажил маш бага байдаг. Румын, Этиоп гэсэн орнуудтай ажиллахад ажил их, гарах үр дүн ч бас мэдэгдэм сайхан байсан” гэжээ.
Монгол хүн Монголын брэнд
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэг дор Маркетеруудын II чуулган Дэлхийн Монгол уриатайгаар зохион байгуулагдлаа. Найман зуун маркетерыг цуглуулсан энэхүү чуулган Үндэсний брэндүүдийн маркетингийг олон улсад хийх боломжууд, маркетингийн албад, агентлагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн ажлын уялдаа холбоо, гадаадын жуулчдыг татах Монголын боломжоос эхлээд маркетеруудын мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг идэвхжүүлэх, олон улсаас маркетингийн шилдэг технологи, инновацийг хэрхэн нэвтрүүлж нутагшуулах, төрийн үйлчилгээний маркетингийг сайжруулах, маркетеруудын мэдээлэл туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх нэгдсэн онлайн сүлжээ бий болгох, мэргэжлийн маркетеруудыг ажлын байранд зуучлах гээд олон талт сэдвээр өрнөлөө. АНУ-ын Маркетингийн холбооны маркетерууд “Брэнджүүлэх асуудал бол маркетингийн тулгуур нь юм” гэсэн байдаг. Үндэсний брэнд бүтээхэд энэ чуулга үр өгөөжөө өгнө хэмээн олон хүн хүлээж байна. Брэндийг дагаж нэр хүнд, чанар яригддаг. Монголоо хэчнээн сайхнаар сурталчилах тусас түүнийг даах ухамсар, төлөвшил биднээс шаардагдана. Өнөөдрийн монгол хүний эрхэм чанарыг тодруулж түүгээрээ имиж бүтээхээс гадна цаг үеийнхээ манлайлал болсон монгол хүнийг дэлхийд таниулах арга бий. Монгол хүний спортын амжилт дэлхийд цуурайтаж байна. Энэ боломжийг ч сайн ашиглахгүй байгаа нь үнэн.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Дээд түвшний 10 дугаар уулзалтад үг хэлж НФУ-ын Ерөнхийлөгч Ф.Олланд, ХБНГУ-ын Канцлер А.Меркел нартай хоёр талын уулзалт хийсэн нь улс төрийн тавцанд улс орны нэр хүндийг өргөсөн явдал боллоо. Улс төрийн олимп гэгддэг энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгч АСЕМ-ын Зүүн Хойд, Өмнөд Азийн дэд бүлгийн зохицуулагчийн хувьд олон томоохон уулзалтуудыг хийж 2016 онд эх орондоо АСЕМ-ын 20 жилийн ойн дээд түвшний уулзалтыг зохион байгуулахаар болсон нь Монгол улсын нэр хүндийг өргөсөн явдал. Монголчууд бид морин туурайгаар биш маркетингийн аргаар Монгол нэрийг дэлхийд тамгалах аргыг хайж байна. Үйлдвэрлэл ч, улс үндэстний хувьд Монгол гэх шошгыг монгол хүн бүр бүтээнэ. “Нэр хугарахаар яс хугар” гэх үгийн утгыг санаж сэрэх цаг нь одоо буюу.
