m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.10 05:47
1117
Хар тамхи=Шорон=Үхэл

Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд нийгэмд архи тамхины аюулын харанга хумигдаж харин бид сайн мэддэггүй байсан өнөөх хар тамхи гэдэг зүйл түүнээс илүү хор хөнөөлийг тарих боллоо. Он гарсаар хар тамхины холбоотой 44 хэрэгт 131 хүн холбогдон шалгагдсаныг албаны хүн хэллээ.

Он гарсаар хар тамхины холбоотой 44 гэмт хэрэгт 131 хүн холбогдоод байна.

Хар тамхи хэзээнээс Монголд орж ирсэн бэ гэдэг нь асуулт хэвээр. Энэ чиглэлийн судлаачдын хэлж буйгаар хар тамхийг эрт дээр үеэс хэрэглэдэг хүмүүс байсан гэж үздэг. Зарим хүрээ хүүхнүүд мөн хятад иргэдийн өдөр тутмын хэрэглээ байсан гэх баримт байдаг.

Хар тамхи ба үл үзэгдэгч харх

Мансууруулах төрлийн бодис гэдэг нь байгальд зэрлэг байдлаар ургадаг олсны ургамал, намуу цэцэг, мексикийн мөөг, кокийн бут зэргийг хамруулан ойлгох бөгөөд эдгээр мансууруулах үйлчилгээтэй түүхий эдийг химийн урвалд оруулах, нийлэгжүүлэх буюу синтетик хэлбэрт оруулснаар цэвэр кокайн, герион буюу дэлхий нийтээр хэлж хэвшсэн “Хар тамхи”-ыг гарган авдаг. Бусад хар тамхи, мансууруулах бодисын бүх төрлүүдийг дээрх кокайн, героиноос гарган авдаг ба түүнээс гаргаж авсан бусад бодисоор анагаах ухаанд олон төрлийн тайвшруулах, өвчин намдаах зэрэг эм, тариа үйлдвэрлэдэг байна.

НҮБ-ын мансууруулах бодистой тэмцэх албанаас гаргасан 2012 оны тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд 15-64 насны 230 сая хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 27 сая орчим нь тогтмол хэрэглэдэг. Үүнээс 200 орчим сая хүн каннабис, 15 орчим сая хүн амфетамин, 15,9 сая хүн героин, 13,7 сая хүн кокаин хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг.

Манай улсын хувьд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэдэг улс байсан бол хэрэглэгч орны тоонд ороход ойрхон болжээ. Судалгаанаас үзэхэд манай улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг 600 орчим хүн байдаг аж. Манайх шиг цөөн хүн амтай орны хувьд энэ бол өндөр үзүүлэлт гэж хэлж болно. Гэхдээ энэ тоо бол зөвхөн мэдэгдэж байгаа нь. Үүний цаана хичнээн хүн үүнийг хэрэглээд явж байгааг бид мэдэхгүй.

Хар тамхины хэрэглээ яагаад өсөөд байна вэ?

Үүнд хэдэн хэдэн хүчин зүйл нөлөөлж байна гэж холж болно. Амьжиргааны түвшин доогуур, энэ талаархи мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг. Хар тамхи, мансууруулах төрлийн ургамлууд манай улсад ургадгаас түүнийг олж зарж, борлуулах гэсэн сонирхол их байдаг.

Хуулийн хүрээнд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тал дээр цагдаагийн байгууллагын үүрэг оролцоо их. Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргиийлэх болон хэрэг илрүүлэх тал дээр тусгай арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байгаа.

Манай улсад хар тамхи, мансууруулах төрлийн ургамлууд хэд хэдэн бүс нутагт ургадаг. Амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор тус ургамлыг түүж, гар аргаар боловсруулан зарж борлуулдаг хэд хэдэн бүлэглэлийг илрүүлсэн. Мөн тус бүс нутагт устгалын ажиллагааг зохион байгуулж, орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран тогтмол хяналт тавьж ажиллада.

ЦЕГ-ын харьяа Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Б.Эрдэнэдалайтай уулзаж ярилцлаа.

-Он гарсаар хар тамхитай холбоотой хичнээн хэрэг гараад байна. Хэдэн хэрэг шүүх прокурорын шатанд шилжсэн бэ?

-Оны эхний 11 сарын байдлаар 44 хэрэгт 131 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.  Шүүх прокурорын шатанд 25 хэргийг шилжүүлсэн. Ихэнхи хэргүүд шүүхийн шатанд шилжсэн зарим нь шүүхээр шийдэж зохих ялыг оноосон.

Шүүх прокурорын шатанд 25 хэргийг шилжүүлсэн.

-Хар тамхины төрлийн ургамлыг устгах шаардлагатай бололтой?

-Хар тамхины төрлийн ургамал ургадаг газруудад устгалын ажиллагааг зохион байгуулж байгаа. Сүүлийн гурван жилийн турш орон нутгийн цагдаагийн газартай хамтраад устгалын ажиллагааг зохион байгуулсан.

-Хил гаалиар орж ирж байгаа хар тамхины төрлийн бодисуудыг илрүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Манай хэлтэс бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай үргэлж хамтран ажилладаг. Хил хамгаалах ерөнхий газрын хилийн тагнуулын алба, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, шүүх прокурорын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.  Хил гаалиар орж ирж буй хар тамхийг илрүүлэх тал дээр сүүлийн үеийн техник хэрэгслийг ашиглаж байна.

Хил гаалиар орж ирж буй хар тамхийг илрүүлэх тал дээр сүүлийн үеийн техник хэрэгслийг ашиглаж байна.

-Урьдчилан сэргийлэх тал дээр ямар ажлыг зохион байгуулж байгаа вэ?

-Урьдчилан сэргийлэх тал дээр “Саруул Монгол” ТББ-тай хамтран долоо хоногийн арга хэмжээг зохион байгуулаад ажиллаж байгаа. Сарын өмнө хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх сэдвээр хэвлэл мэдээллийн байгууллагаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. 

Мөн эцэг эхчүүд болон сургуулийн сурагчдад хандсан хар тамхи болон мансууруулах бодисын хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх хамтарсан лекц, ярилцлагыг хийж байгаа.

Зүүн гар талаас: Хүрэн героин, хар бохь героин, ердийн героин

-Хоёр хөрш улстайгаа хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-ОХУ-ын Хар тамхитай тэмцэх холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. БНХАУ-тай хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор тус улсын хар тамхитай тэмцэх холбооны төлөөллүүд манай улсад ирж хар тамхины нөхцөл байдал,  цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээр айлчлал зохион байгуулсан.

-Хэрэг илрүүлэх чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ?

-Хэрэг илрүүлэх чиглэлээр манай хэлтэс харьцангуй мэргэшсэн хэлтэс гэж хэлж болно. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг илрүүлэхэд дадлага туршлагатай болсон. Хэдийгээр гэмт хэрэг өсөж байгаа боловч, гэмт хэргийн илрүүлэлт өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа.

Мөн энэ хэргийг илрүүлэх тал дээр мэргэшсэн улсуудын туршлагыг судалдаг. Аль болох дэлхийн чиг хандлагад нийцүүлэн ажил үүргээ гүйцэтгэж байна. гэв

Манай улсад хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах, хар тамхинд донтогсдод зөвлөгөө өгдөг хэд хэдэн байгууллага байдаг. Харин эдгээр байгууллагуудын анхдагч болсон “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн Ш.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцсан юм.

-Хар тамхи гэдэг зүйл хэзээнээс Монголд бий болов. Хэзээнээс эрчимтэйгээр хэрэглээд эхэлсэн бэ?

-Хар тамхийг монголчууд хэрэглэдэггүй байсан. Өнгөрсөн оноос эхлээд л хэрэглэгч орон болчихлоо. Хувьсгалын өмнө болон дараах үед Хятадын нөлөөгөөр хүрээ хүүхнүүд болон Хятад хүмүүс хэрэглэж байсан тохиолдол бий. Мөн Орос цэргүүд хэрэглэдэг байсан тухай баримт байдаг. Эрчимтэйгээр хэрэглэж байгаа нь бол сүүлийн дөрвөн жил.

Өнгөрсөн оноос эхлээд л хэрэглэгч орон болчихлоо. 

-Хар тамхитай холбоотой судалгааг анх хэзээ хийж байсан бэ?

-Хар тамхины анхны судалгааг 15 жилийн өмнө хийсэн. Тэр үед Улаанбаатар хотод хэрэглэгч олдохгүй байсан. Тэгээд Эрдэнэтийг зориод 1000 өсвөр үеийнхний дунд судалгаа хийхэд 45 хэрэглэгч хүүхэд илрүүлж байсан. Тэгээд тэр хүүхдүүдтэй ярилцаад, ажиллаад 25 хүүхдийг хорт зуршлаас нь салгаж байсан.

Героины донтнуудын хэрэглэдэг эд зүйлс: Тариур, асаагуур, халбага

-Хар тамхи хэрэглэгчдийн тоо хэр өсөж байна?

-Жил болгон судалгаа хийхэд сүүлийн 10 жилд 10 дахин өссөн байна. Үүнтэй холбогдуулан гэмт хэргийн гаралт нь сүүлийн дөрвөн жилд 4.6 дахин өссөн. Судалгаагаар 133 гэмт хэрэгт 464 хүн холбогдсон байна. Манайх шиг хүн ам цөөтэй улсад нилээд өндөр тоон үзүүлэлт. Энэ байдлаар яваад байвал 2030 он гэхэд 400 гаруй хэрэг гарч 2500 хүн холбогдож болзошгүй. Нэг хар тамхи хэрэглэдэг хүний цаана дунджаар дөрвөн хүн байдаг. Нэг гэмт хэрэг гарахад 10 хүн холбогдох жишээтэй.

Үүнтэй холбогдуулан гэмт хэргийн гаралт нь сүүлийн дөрвөн жилд 4.6 дахин өссөн. 

-Гадаад улсад хар тамхины хэрэгт холбогдсон хичнээн иргэн байдаг вэ?

-Гадаад улсад хар тамхины хэрэгт холбогдсон 60 гаруй хүн байна. 4-5 хүн нь цаазаар авахуулах ялтай, хоёр хүн нь насаараа хоригдох ялтай, 18-аас дээш ялтай хүмүүс ихэвчлэн байх жишээтэй. Энэ бүгдээс дүгнээд хэлэхэд хар тамхи үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөд хүрээд байна.

Энэ бүгдээс дүгнээд хэлэхэд хар тамхи үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөд хүрээд байна.

-Хамгийн сүүлийн судалгааг хэзээ хийсэн бэ?

-Хамгийн сүүлийн судалгааг 2012 онд хар тамхи хэрэглэдэг 100 хүний дунд судалгаа хийсэн. Уг судалгаагаар хар тамхины бүх хэрэглээ Монголд бий болсон. Экстази, элсиди, мөс, шавар гээд бүгд байна. Мөн бүх хэлбэрүүд нь бас байна. Ууж, татаж, сорж, тарьж, хэлэн доороо тавьдаг гээд бүгд байна. Хэрэглэгч өөрөө хэрэг зөрчлийг дагуулж явдаг. Хар тамхи өөрөө үнэтэй зүйл учраас түүнийг авахын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө олохын тулд худлаа ярьдаг даамжраад хулгай хийдэг, хамгийн сүүлд өөрт байгаа бүхнээ зараад гудамжинд гардаг.

-Хар тамхины хор нөлөөг дурдвал?

- Хар тамхи юуны түрүүнд хүнийг ядууралд хүргэдэг. Жишээлбэл нэг грамм герион 250-300 ам. долларын үнэтэй байдаг. Хоёрдугаарт эрүүл мэндээр хохирдог. Хар тамхи, мансууруулах бодис эхлээд сэтгэцэд нөлөөлдөг, цаашлаад таван цул, хүүхэн хараанд нөлөөлдөг, Хүүхэн хараанд нөлөөлнө гэдэг бол нүдний харааг маш их муутгадаг. Сорж хэрэглэдэг бол хамрын салст гэмтэж үнэрлэх амтлах чанараа алддаг. Хорт хавдар үүсэх эрсдэлийг өндөр болгодог. Тарьж хэрэглэдэг бол ДОХ авах магадлалтай. Архи, тамхинаас  60 дахин илүү шарталтыг өгдөг. Эцсийн дүнд таньд ямар ч зам үлдэхгүй нас бардаг. Хэрэглэсэн цагаасаа эхлээд хоёр сар болоод нас барсан тохиолдол байдаг. Манай улсын хэмжээнд хар тамхинаас болоод 15 жилийн дотор 12 хүн нас бараад байна.

Хар тамхи нь олдохгүй бол амиа хорлох тохиолдол гардаг. Нэг хүн хугацаа дууссан морфин хэрэглээд нас барсан байхад дооз хэтрүүлээд амиа алдсан хүн ч бий.

-Хар тамхины нийгэмд үзүүлэх хор нөлөөний тухай тайлбарлахгүй юу?

-Хар тамхи хэрэглэгч бусад хүмүүсийг уруу татаж эхэлдэг.  Хамгийн ойр дотны хүмүүсээ уруу татдаг. Жишээлбэл, манайд ирсэн нэг бүсгүй ярихдаа “Манай найзын аав нь хэрэглэдэг байсан. Тэгээд аав нь хэрэглэж байсан учраас хүүхдээ морфинд явуулдаг байсан. Найз маань замдаа хэрэглэж үзээд таалагдсан учраас  донтсон” гэж ярьж байсан. Хар тамхи хэрэглэсэн хүн хэрэг зөрчлийг үргэлж дагуулж явдаг.

Цаашлаад хар тамхи зарж борлуулах сүлжээг бий болгодог. Хар тамхи бол бизнесийн нэг төрөлд орчихоод байна. Тийм учраас нийгэмд маш их хор хөнөөлийг тарих чадвартай. Нэг ёсондоо мафийн сүлжээ бий болоход бэлэн болсон байна.

Худалдаанд гаргаж буй кокаины хэлбэрүүд

-Хар тамхины тухай хуультай ч хэрэгжилт нь тааруу юм. Таны бодлоор ямар хуультай байх ёстой гэж боддог вэ?

-2002 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөх бодисын эргэлтэнд хяналт тавих тухай хууль гэж гарсан. Энэ хууль арай өрөөсгөл болчихсон. Зөвхөн эм талаа барьсан урьдчилан сэргийлэх ажил, үндэсний хороо байхгүй, тэгээд ялын бодлого нь явцуу байх жишээтэй. Энэ хууль гараад 10 гаруй жил болсон.

Тэгээд шинэ хууль гаргахаар ярилцаад Ерөнхийлөгчид уг саналыг тавихад энэ санааг дэмжсэн. 30 гаруй байгууллага энэ хууль дээр ажиллаад явж байтал хоёр сарын өмнө Хууль зүйн яаман дээр очтол энэ хуулиа болиод шинэ хууль гаргах гэж гээд сууж байна. Энэ бол тун харамсалтай асуудал. Яагаад гэвэл бид өнөөдөр архи, тамхи шиг хяналтаа алдчихмааргүй байна. Тэгэхээр хар тамхитай тэмцэх хуулийг маш түргэн гаргах хэрэгтэй. Хар тамхитай тэмцэх ажил Ерөнхийлөгчийг анхаарал хандуулснаас хойш нилээн эрчимтэй явж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийг дэмжих сан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар гээд олон байгууллагууд ажиллаж эхэлсэн. Гэтэл Хууль зүйн яам энэ тал дээр ажиллахгүй нэг ёсондоо бидний ажилд саад болоод байна. Хэрэв хуультай болчихвол бодлоготой болчихно. Бодлогоороо дамжуулаад стратеги, төлөвлөгөө гаргаж болно. Үндэсний хөтөлбөр гаргаад ажиллах цаг болчихоод байна.

-Манай улсад хар тамхины төрлийн ургамал ургадаг хэд хэдэн газрууд байдаг. Үүнийг устгах боломж хэр байна вэ?

-Нууцлалын зэрэглэлтэй байдаг. Тэр ургамал тэнд ургадаг, тийм хэмжээтэй байдаг гэдэг ч юм уу. Тэр ургамлыг зарж борлуулдаг учраас хүмүүс олж аваад мөнгө олох гэсэн санаархал их байдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд устгалын ажил хийж байна. 2000 онд шатааж устгаж байсан. Бензин, тос их ордог. Цагдаагийн байгууллага энэ асуудал дээр их анхаарал хандуулаад устгалын ажлыг хийж байна. Гурван жил дараалан үрээ хаяхаас нь өмнө устгавал устах боломжтой.

Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс нь 21-35 насны залуучууд байдаг. Энэ бол эх орныхоо төлөө ид хийж бүтээх нас. Гэтэл хэн нэгний нөлөөнд автан хар тамхийг хэрэглэснээр амьдралынхаа 5-8 жилийг торны цаана өнгөрүүлж байна.  Хар тамхинд донтож,  улмаар өөрөө гэмт хэрэгтэн, эсвэл хохирогч болон үлдсэн олон жишээ байна.

Хар тамхийг хэрэглэж эхэлсэн цагаас эхлэн таны нас богиносож эхэлнэ. Хар тамхи хүний бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Энэ зүйлийг хэрэглээд хоёр сар болоод нас барсан хүн байдаг. Таны амь нас ямар ч баталгаагүй гэсэн үг. Нэг ёсондоо шорон үхэл гэсэн хоёр л замыг хар тамхи нээж өгдгийг онцгой анхаарах ёстойг судлаачид анхааруулж байна.