Валютын ханшийн өсөлтийн талаар “Мандал” даатгалын Эрсдэл хариуцсан захирал Г.Отгонжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн хоёр сар тогтвортой байсан валютын ханш сүүлийн өдрүүдэд дахин өсч байна. Шалтгаан нь юу байв?
-Сүүлийн хоёр сар валютын ханш тогтвортой байсан ч сүүлийн хэд хоногт багагүй өслөө. Үүнээс шалтгаалаад хүмүүс бид нараас “Валютын ханш дахин өссөөр байх уу? Дахин 1900 төгрөгт хүрч чангарах уу?” гэж асуусан. Тиймээс бид судалж үзээд, өмнө нь өссөн шигээ өсөхгүй, бага зэрэг өсөж байгаад дахин тогтворжино гэсэн дүгнэлтэд хүрсэн. Яагаад ийм дүгнэлтэд хүрсэн бэ гэхээр валютын ханшийг өнөөдрийн байдлаар гол тодорхойлж байгаа хүчин зүйл нь гэвэл импортын төлбөрт гадагшаа урсаж буй валютын урсгал сайн байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай улсын импорт хангалттай сайн агшиж байна. Үүний үр дүнд Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл тэнцвэржсэн. Тодруулбал, сүүлийн 1-2 жилд 8-9 тэрбум ам.долларын алдагдалтай гардаг байсан бол өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр 24 сая ам.долларын алдагдалтай гарсан юм. Гадаад худалдааны тэнцэл нь валютын ханшийн өсөлтөөр тэнцвэртэй түвшинд хүрч байна гэж үзэж байна. Тиймээс цаашдаа гадаад валютын ханш чангарах үндэслэл байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин ч эсрэгээрээ гадаад валют дээрээ тэнцвэртэй эсвэл бага зэргийн ашигтай гараад явбал валютын ханш одоо байгаа дээрээ тогтворжих төлөвтэй байна.
-Судлаач хүний үүднээс харахад ам.долларын ханш буурах боломжтой юу?
-Валютын ханш буурахад нөлөөлсөн гол хүчин зүйлүүдийн нэг бол гадаад валютын албан нөөц нэлээд санаа зовних түвшинд хүртэл буурсан байна. Монголбанкны тайлангаас харахад 1.3 тэрбум төгрөг болтлоо буурсан байсан. Харин есдүгээр сарын тайланд 1.5 тэрбум болж өссөн байсан. Хэдийгээр аравдугаар сарын тайлан гараагүй байгаа ч өссөн болов уу гэж бодож байна. Учир нь Монголбанк дотоодын алт олборлогчдоос маш их алт худалдаж авч байгаа. Өнгөрсөн сарын сүүлээр 10.7 тонн алт худалдаж авсан гэсэн статистик гарсан. Өөрөөр хэлбэл, алтны нөөц нь гадаад валютын албан нөөц болдог гэдэг утгаараа манай улсын валютын албан нөөцийн хэмжээг тэр хэмжээгээрээ нэмэгдүүлж байгаа гэж бодож байна. Мөн БНХАУ-тай байгуулсан своп хэлцлийн нэмэлт өөрчлөлт буюу своп хэлцлийг ихээхэн нэмэгдүүлсэн ийм тохиролцоо нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой зүйл болсон. Тиймээс Монголбанкинд валютын ханшийг огцом савалгаанаас хамгаалах хангалттай хэрэгсэл бий болсон гэж үзэж байна. Шаардлагатай тохиолдолд интервенци хийх чадамжтай болсон.
-Тэгвэл гадаад валютын эрэлт багасна гэсэн үг үү?
-Бизнесийн мөчлөгийн дагуу оны сүүлээр импортоор авах, түүхий эд материалын хэрэгцээ багасч байгаа учраас өнөөгийн валютын бодит эрэлт хэрэгцээ хумигдах байх гэж бодож байна. Эрэлт нь бага бол зун өссөн шигээ их өсөхгүй гэсэн хүлээлттэй байна. Өнөөдрийн байдлаар Монголбанкны албан ханш 1873 төгрөгт хүрсэн бөгөөд цаашдаа үүнээс буух таамаглал бий.
-Оны эцсээр ам.долларын ханш хэдэн төгрөгт хүрэх бол?
-Бидний есдүгээр сард таамаглаж байснаар оны эцсээр ам.долларын ханш 1800-д хүрээд дуусах байх гэж бодож байсан. Харин одоо бол түүнээс арай дээгүүр 1820 төгрөгт хүрээд тогтох байх гэж таамаглаж байна. Би яг арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хаалтын ханшаар ярьж байна л даа. Тэрнээс өмнө 1840-1850 төгрөгт ч хүрээд буурч магадгүй. Ер нь оны эцсээр валютын хашны эрэлт хэрэгцээ багасаад тодорхой хэмжээгээр буурдаг.
-Монголбанк валютын ханшийн өсөлтийг тогтоох зорилгоор долдугаар сард мөнгөний бодлогын хүүг чангатгасан. Гэтэл хоёр сар гаруй хугацаанд тогтворжоод буцаад өссөн. Иргэд Монголбанкны валютын ханшийн өсөлтийг тогтоох рга үр дүнгээ өгсөнгүй гэж ярьж байна. Тэгвэл таны хувьд хэр үр дүнтэй арга байсан бэ?
-Хатуу бодлого баримталж байгаагийн нэг илрэл нь мөнгөний бодлогын хүүг чангатгах байдаг. Энэ хугацаанд ажиглагдсан зүйл нь гэвэл Засгийн газрын үнэт цаасны хүү мөн адил нэмэгдсэн. Энэ зах зээл дээр байгаа мөнгөний нийлүүлэлтийг бууруулж байгаа хэлбэр юм. Ингээд буураад ирэхээр валютын ханш чангарахгүй, харин ч буурах хандлагатай байдаг. Тоон баримтаас үзэхэд мөнгөний нийлүүлэлт 10.1 их наядаас 10 их наяд руу буурсан байсан. Мөнгөний нийлүүлэлт хумигдахаар зах зээл дээр валют худалдаж авах төгрөг нь багасахаар ханш тогтворждог. Үүнээс гадна инфляци түр хугацаанд тогтворждог. Тэгэхээр оны сүүлээр инфляци ч мөн адил буурна гэсэн хүлээлттэй байна.
-Тэгвэл инфляци буураад хэдэн хувь дээр тогтох вэ?
-Статистик хороонуудаас гаргаж байгаа мэдээллүүдийг харахад импортын барааны үнийн өсөлтөөс үүдсэн инфляци жин дараад байна гэсэн хандлага бий. Импортын барааны үнэ нэмэгдэж байгаа нь үнэн боловч хэрэглэгчид, иргэд худалдан авалтаа нэлээд танасан байдал ажиглагдаж байна. Тэгэхээр хэрэглэгч худалдаж авахгүй байхад барааны үнэ өсөхгүй. Гэхдээ инфляци Монголбанкны төсөөлөл шиг нэг оронтой тоонд байх боломж байхгүй гэж харж байна.
-Манай улсын гадаад валютын албан нөөц нэмэгдэнэ гэсэн. Тэгвэл нөөц хэр их нэмэгдэх вэ?
-Өнгөрсөн есдүгээр сарын эцсээр 1.5 тэрбум ам.долларын нөөцтэй гэсэн тоо баримтыг Монголбанкнаас гаргасан. Энэ сард алт тушаалт нэлээд өндөр байдаг. Учир нь яг энэ үед манай дотоодын алт олборлогч нар алтаа тушаадаг. Тэгэхээр валютын нөөц маань алтны тушаалтаар нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Нэг тонн алт тутамд гадаад валютын нөөц 40 орчим сая ам.доллараар нэмэгддэг. Ингээд бодоод үзэхээр нийт 800-900 сая ам.долларын нөөцөөр нэмэгдэх байх.