Стандарт хэмжил зүйн газраас интернет кафе, цахим тоглоомын газрын стандартыг баталжээ. Ингэснээр анх удаа энэ чиглэлийн үйлчилгээнд мөрдөх стандарттай болж байна. Нийслэл хотын хэмжээнд бүртгэлтэй 500 гаруй интернет кафе, PC тоглоомын газар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Эдгээр газруудад стандарт тогтоож өгснөөр насанд хүрээгүй хүүхдүүд аллага хүчирхийлэлтэй тоглоомыг олон цагаар тоглож хичээл номоо таслах, архи тамхи хэрэглэхээс сэргийлэх аж. Өнгөрсөн онд Засгийн газраас интернет тоглоомын газруудад баримтлах журам гаргасан. Тухайн журамд орсон заалтуудыг тус стандартад уялдуулсан юм байна. Засгийн газрын заалтад интернет кафе, PC тоглоомын газар нь нэг дор үйл ажиллагаа явуулахгүй байх, байр орцны хонгил подвальд үйл ажиллагаагаа явуулахгүй байхаас гадна дотроо хяналтын камер суурилуулж бичлэгийг хадгалж байхыг шаардсан байдаг. Мөн 12 нас хүрээгүй хүүхдэд, согтуу, мансуурсан хүмүүст үйлчлэх, бичиг баримт барьцаалан үйлчлэхийг хориглож, мэдээлэл технологийн анхан шатны мэдлэгтэй 20-иос дээш насны хүнд үйлчлэхийг заасан юм. Энэ бүх заалтыг интернет кафе, PC тоглоомын газрын стандарт тусгаж өгсөн байна.