m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.11 03:06
1825
Монголчуудын уламжлалт чулуун тоглоом

 

 

Аливаа үндэстэн ард түмний соёлын хөгжил, хувирал нь тэдний уламжлалт сэтгэлгээ,  ухамсар, оюун ухааны илрэл нь болж байдаг. Тэрхүү уламжлалт соёлын нэгэн хэсэг болсон элемент нь тоглоом наадгай юм. Монголчуудын уламжлалт тоглоом наадгайн соёл, түүнтэй холбогдсон ёс, горим, түүний нийгмийн үүрэг, ач холбогдол нь ард түмний ухамсар, сэтгэлгээнд шингэн нэвчсэн байдаг.

Монголчуудын уламжлалт тоглоом наадгай цаг үеийн онцлог шинж чанараасаа хамаарч хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдсээр өдгөөг хүрчээ. Хувьсан өөрчлөгдөхийн хэрээр зарим төрлийн тоглоом хуучирч мартагдах, зарим тоглоом сэргэн шинээр бий болсоор байна. Энэ удаад монголын өмнөд хэсэг, говь нутгийн уламжлалт тоглоомын талаар тодруулахыг зорилоо. Монголчуудын тоглоомын уламжлалын талаар дагнан судалсан эрдэмтэд цөөнгүй байна. Тэр дундаа угсаатны зүйн судалгааны хүрээнд судалсан судалгаанд эрдэмтэн С.Бадамхатангийн “Дарьгангын хүүхдийн тоглоом”, “Өөлдийн уламжлалт баяр цэнгэл, тоглоом” Х.Дарамбазарын “Монгол үндэсний тоглоомын системийн хөгжлөөс” гэх мэтээр судалгааны үр дүнгүүд гарсан байна.

Бид говь нутгийнханы нийгэм, соёлын судалгааг 2010 оноос хойш Өмнөговь аймгийн Ханбогд сумд хэд хэдэн удаа хийгээд байгаа бөгөөд судалгааны явцад энэ бүс нутгийнханы дунд тархаж, уламжлагдаж ирсэн тоглоомын талаар сонирхсон бөгөөд тухайн сэдвийн дагуу аман түүхийн материал цуглуулж, түүний зураг дүрсийг баримтжуулсан. Бидний судалгааны хүрээнд хамрагдсан дээрх сумын хувьд монгол улсын өмнөд зах дагуух бүсэд хамаарагддаг бөгөөд, энэ нь газар зүйн шинж төлөвийн хувьд говь цөлийн бүсэд хамаарагддаг.

Говь нутгийн уугуул иргэдийн дунд тоглоомын уламжлал, мэдлэг ухаан өвлөгдсөөр өнөө үед тодорхой хэмжээгээр уламжлагдан ирсэн нь судалгааны явцад ажиглагдаж байв. Бидний судалгаа хийсэн сумын уугуул иргэдийн ярианаас ажиглахад тоглоомын талаар нутгийнханы мэдлэг ухаан ихтэй, түүний талаар өмнөх үеийн аман түүх, баримтыг тээсээр ирсэн нь энэхүү уламжлалт соёлын нэгэн элементийг өдийг хүртэл тээж ирэх нэгэн шалтгаан, үндэс нь болсон ажээ. Энэ  илтгэлийн хүрээнд нутгийн уугуул иргэдийн дундах уламжлалт тоглоомын талаарх мэдээ материал, түүний онцлог шинжийн талаар тодруулах бөгөөд, ингэж тодруулсанаар тухайн соёлын уламжлал, соёлын элемент нь уугуул иргэдийн дунд хэр үнэ цэнэтэй, ач холбогдолтой болох, ингэснээр тэрхүү соёлыг хэн хэрхэн тээж уламжилж байдгийг тодруулах боломжтой болох юм.

Энэ бүс нутгийн хүмүүсийн нэгэн соёлын элемент, соёлын өв болох эрт үеэс тоглож, наадаж ирсэн тоглоомуудаас хамгийн өргөн дэлгэрсэн тоглоом бол “чулуун тоглоом” юм. Чулуу нь байгалийн шинж төрхөөсөө шалтгаалан өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй, хэлбэр төрхийн давтагдашгүй байдалтай байдаг. Түүний энэхүү онцлог төрх, байдал, шинжээр нь амьдрал ахуйн орчин дахь олон арван соёлын элементүүдээр төлөөлүүлэн, бага насны хүүхдүүдэд таниулах, хэрхэн яаж хэрэглэж, ашигладаг арга замыг нь заах зорилгоор чулуугаар гэр барьж тоглох, адгуулан, хариулах 5 хошуу малаар төлөөлүүлэх хэрхэн яаж хариулан ашигладаг зэргээр нь зааж сургах зорилгоор эрт үеэс нааш тоглож ирсэн нэгэн тоглоомын төрөл болгосоор иржээ. Хэдийгээр нийгмийн өөрчлөлт, түүний үр дүн болсон соёлын шинэ элементүүд хүч түрэн орж ирж, өмнөх хуучин элементүүдэд ихээр нөлөө үзүүлж байгаа хэдий боловч говь нутгийн тодорхой соёлын элемент тээгдэн ирж байгаагийн нэг нь чулуун тоглоом, түүнтэй холбогдсон бусад соёлууд юм.

Чулуун тоглоом бол говь нутгийнханы уламжлалт тоглоомуудаас хамгийн түгээмэл тоглодог, хүүхдийн тоглоом юм. Тэр дундаа чулуун гэр барьж тоглох тоглоом, 5 хошуу малыг чулуугаар төлөөлүүлэн тоглох тоглоом нь хамгийн өргөн хэмжээгээр тоглож, нааддаг тоглоом байсаар ирсэн, орчин үед ч мөн наадсаар байна. Говь нутгийнханы дунд ийн чулуун тоглоом наадгай өргөн тархахад тус нутгийн байгалийн шинж чанар тодорхой хэмжээгээр нөлөөлсөн бололтой. Учир нь говийн хөрсний шинж чанар бусад бүс нутгийг бодвол илүү чулуурхаг, саарал хөрстэй байдаг. Энэ бүс нутгийн газрын хөрсөн дээрх чулууны олон төрлийн шинж чанар, хэлбэр төрхтэй байдаг нь тухайн нутгийн иргэдийн уламжлалт нэг тоглоом, чулуун тоглоомын уламжлалд ч нөлөө үзүүлж ирсэн байна. Ерөөс уламжлалт чулуун тоглоом нь монголчуудын чухал соёлын элемент байсаар ирсэн нь говь нутгийн хүмүүсийн түүнд өгч буй ач холбогдлоос харагддаг. Монголчуудын эртнээс нааш байгаль, дэлхийтэй хэрхэн харьцаж ирсэн, байгалийн бүтээгдэхүүнийг өөрийн амьдрал ахуй, орчин төрхдөө ашиглаж ирсэний нэгэн илрэл нь энэхүү чулуун тоглоомын уламжлал, түүний мэдлэг ухаан юм.

Чулуун тоглоом нь жилийн ямар ч улиралд тоглодог, түүгээр дамжуулан амьдрал ахуйн олон үйл ажиллагаа, гэр бүл, аж ахуй хөтлөлт зэрэг үйл ажиллагааг орлуулан тоглох боломжтой байдгаараа онцлогтой юм.

Бидний судалгаа хийсэн Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумуудын иргэдийн дунд чулуун тоглоомын уламжлал өнөөг хүртэл өвлөгдсөөр ирсэн нь бидний судалгааны явцад ажиглагдаж байв. Нутгийнханы ярьж байгаагаар энэ тоглоомоор хүүхэд ахуй үедээ ихэд тоглодог, чулуун тоглоомонд хэрэглэх чулууг цуглуулахын тулд хонь, малынхаа бэлчээрээс янз бүрийн хэлбэр дүрстэй чулууг олж гэртээ авчирдаг байсан тухай олон аман түүхийн мэдээ гарна.

Эртнээс нааш монголчуудын гэр ахуйн хэрэглээнд зориулагдсан эд зүйлс, соёлын бусад элементүүдэд байгалийн гаралтай материал, мод чулуу, ургамал зэргийг өргөнөөр хэрэглэж ирсэн уламжлалтайн нэгэн жишээ нь соёлын нэгэн том элемент болон уламжлагдан ирсэн энэхүү тоглоом наадгайг байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох чулуугаар орлуулан наадаж тоглож ирсэн түүхэн уламжлалын нэгэн илрэл юм. Чулууг соёлын элемент болгож байгаагийн өөр нэгэн илрэл нь түүнтэй холбогдсон шүтлэгийн хэлбэр болох хорио цээр юм. Чулуун тоглоомыг хаях, айл гэр өөрийн байраа сэлгэж, нүүх болвол хүүхдийнхээ тоглодог чулуун тоглоомыг заавал авч явах, ингэхдээ тусад нь түүнд зориулж ачлагын тэмээ гаргадаг ёс өнөө үед хүртэл хэрэглэгдсээр байна.

Нутгийнханы ярианд хүүхдийнхээ тоглоомыг нүүхдээ хаяж явсанаас болж гэр бүлд нь муу зүйл тохиолдсон тухай яриаг багагүй ажиглагдана. Жишээ нь хүүхдийнхээ чулуун тоглоомыг буйран дээрээ орхиж явсаны дараа хонь мал нь ихээр хорогдсон, гэр бүл, үр хүүхдэд нь ямар нэгэн муу зүйл тохиосон тухай  аман мэдээ байна.

Бидний хээрийн шинжилгээ хийсэн бүс нутагт чулуун тоглоомоор тоглодог уламжлал өнөөг хүртэл дамжигдан ирсэн нь зарим айлуудаас харагдаж байна. Гэхдээ чулуун тоглоом, тэр дундаа “чулуун гэр” тоглоомд өөр бусад эд зүйл болох төмөр, мод гэх мэтийн олон янзын эд хэрэглэлүүд мөн хамт хэрэглэгдэж байна.  

ШАГАЙН ТОГЛООМ

Энэ нутагт монголчуудын уламжлалт тоглоом наадгайн нэг төрөл болох шагайн тоглоом наадгай ч мөн адил уламжлагдан ирсэн байна. Бусад нутгуудад тархсан шагайн тоглоомын дийлэнх нь энэ нутагт ч мөн адил нийтлэг ажиглагдана. Жишээ нь бөгцөг няслах, шагай хамах/Өөр нэр нь Хандарга хэмээх нэр юм. Энэ нь хэлхсэн төмөр гинжээ дээш нь шийдээд, гартаа шагай хамж, хамсан шагайн дээрээ төмөр гинжээ буулгана./, морь уралдуулах, шагай няслах зэрэг тоглоомууд байна. Дээр өгүүлсэн хандарга хэмээх нэртэй тоглоомын үндсэн дүрэм, тоглох хүмүүсийн тоо зэрэг нь бусад бүс нутагт тоглодог шагай шүүрэх тоглоомтой адил. Гэхдээ үүнийг хоёр янзаар тоглох нь олонтаа. Энэ нь төмөр гинжээ дээш нь шийдээд шууд тараасан шагайгаа нэг гараараа хамж, төмөр гинжээ гар дээрээ авч тоглодог хувилбар байна. Харин нөгөө хувилбар нь төмөр гинжээ дээш нь шидээд тэр хооронд эхний удаад тараасан шагайнаас тодорхой тооны шагайг бөөгнөрүүлж бэлдээд хоосон гартаа төмөр гинжээ авч, ахин дээш нь түүнийг шийдэж, тэр хооронд бөөгнүүлсэн шагайгаа нэгийг нь ч үлдээлгүй авч, төмөр гинжээ шагай авсан гартаа авч тоглодог тоглоомын хувилбар байна. Шагайн тоглоомоос Хомборой хаях тоглоом байна. Энэ тоглоомыг 32-оор тоглодог. Хэдэн ч хүн тоглож болно. Хоёр, хоёр хосоороо буувал ГОД ХОЁР, 4-н ижил буувал НАЛАЙ ДӨРӨВ, 4-н бэрх буувал АЛАГ НАЙМ гэж нэрлэж, буусан нэрийнхээ тоотой адил оноо авна. Харин дээрхи 3-н буултаас өөрөөр буусан тохиолдолд түүнийг тоонд тооцохгүй. Хэрэв бүх оноо нийлээд 32-оос их болвол шатна. Шатсан тохиолдолд ахиж эхнээсээ тоолж эхэлнэ. Заавал 32-н тоог давхцуулж байж хожно. Хэрэв нийт авсан оноо 30 болоод, дараагийн авсан оноо налай дөрөв буусан тохиолдолд нийт оноо 34 болж тэр хүн шатна. Өөрөөр хэлбэл ахиж эхнээсээ тоолно гэсэн үг юм.

 Шагайн тоглоомын өөр нэг төрөл бол алаг мэлхий өрөх тоглоом юм. Энэ тоглоомыг хэдэн ч хүн тоглож болох бөгөөд нийт өрсөн шагайн нийлбэр нь ихэнхдээ 81 ширхэгтэй байна. 81 шагайгаараа алаг мэлхий өрөх бөгөөд их бие урт өргөнөөрөө 6, 6 шагай, сүүл 2, 4-н хөл зэрэгцээ 2 хос, 4-н сарвуу нь 5, 5-н шагай, толгой нь 1 шагай, бөөр нь хоёр талдаа 3, 3-н шагай, нийтдээ 81 шагай болно. Хүн бүр ээлжлэн шоо орхих бөгөөд буусан нүдний тоотой мэлхийн аль хэсэгт байрлуулсан адилхан тоотой шагайг авна. Өөрөөр хэлбэл 2 нүд буувал алаг мэлхийн 2 нүдийг авна, 4 нүд буувал 4-н хөлний аль нэгийг авна гэсэн үг. Харин бүх хөлийг авсаны дараа шоо 4 нүд буувал алийг нь ч авахгүй, дараагийн хүн нь орхино гэсэн үг юм. Ингэж авсаар алаг мэлхийн бүх шагайг авсаны дараа хүн бүр өөр өөртөө байгаа шагайгаа тоолж, хэн хамгийн их шагай авсан хүн нь тэр ээлжийн тоглоомонд хождог байна. Энэ тоглоомыг бидний судалгаа хийсэн бүс нутгийн хүмүүс жилийн аль нэг улиралд тоглохгүй байх, цээрлэх явдал тэр бүр байдаггүй тухай нутгийнхан ярьж байна.  

Энэ нутагт тоглож ирсэн хүүхдийн тоглоомоос гадна томчуудын тоглодог тоглоомын талаар асууж, сураглаж байв. Өндөр настай зарим хүмүүсийн ярьж байгаагаар хөлөгт тоглоо болох “буга”, эсвэл “жиргэ”-ийг тоглож байсан тухай цухас мэдээ байна. Харин орчин үед энэ тоглоомуудаар тоглодог, түүнийг мэддэг хүмүүс бараг үгүй болсон бололтой, түүний талаар мэдээлэл өгөх, тоглох арга зүй, учир холбогдлын талаар мэдээлэл дорвитой олдсонгүй.

Тоглоом наадгайтай холбогдох бэлгэдэл, хорио цээр

Монголчуудын дунд ахуй байдал, аж төрөх ёстой холбогдох үе дамжигдсаар ирсэн олон арван хорио цээр, дом бэлгүүд бий. Аливаа юмс үзэгдэл, үйл байдалд утга учир өгч түүнийгээ амьдрал ахуйтайгаа холбон тайлбарлах нь тухайн ард түмний ертөнцийг үзэх үзлийн нэгэн илрэл юм. Монголчуудын хувьд мал аж ахуй болоод түүнтэй холбогдсон мэдлэг ухаан нь шүтлэг бишрэл, хорио цээр, дом шившлэг, ертөнцийг үзэх үзлийн олон талт ойлголт, ухамсрын уулзвар цэг нь болсоор иржээ. Түүний нэгэн илрэл, үзэгдэл нь монголчуудын уламжлалт тоглоом наадгай юм. Бидний судалгаа хийсэн монгол улсын өмнөд бүс болох говь нутагт ч мөн адил энэ байдал, илрэл давтагдах нь олонтаа тохионо.

Шагайг гэрийнхээ буйран дээр хаяж явахыг ихэд цээрлэдэг. Хэрвээ шагайгаа хаяж явбал шагай араас нь хардаг, тэр гэрийн хүмүүст тоглох шагайгүй, шагайгаар тоглох үр хүүхэдгүй байг гэж хараадаг гэж тайлбарладаг учраас шагайг хаяж, орхихыг ихэд цээрлэж ирсэн ажээ. Айл өөр газарт буухаар нүүдэллэхдээ хүүхдийнхээ цуглуулж авчирсан янз бүрийн хэлбэр дүрс бүхий чулуун тоглоомуудыг ачлагын тэмээнээс тусад нь тэмээ гаргаж тэр чулуун тоглоомыг нь ачиж авч явдаг уламжлал өнөөдөр ч гэсэн мэр сэр ажиглагддаг. Энэ нь нэг талаасаа тухайн хүүхдэд өөрийн гэсэн өмч байдаг гэсэн утга, нөгөө талаасаа тоглоомыг хаяж нүүдэггүй гэсэн хорио цээрийн илрэл гэж хэлж болох юм. Эдгээр жишээ, баримтуудаас ажиглахул тоглоом, түүнтэй холбогдох ёс горимууд гэдэг ямар нэгэн байдлаар эртний дом шившлэг, шүтлэг бишрэлийн нэгэн хэлбэр, агуулгыг өөртөө хадгалсан соёлын өвөрмөц элемент байж болох юм.  Өөрөөр хэлбэл тоглоом наадгай гэдэг нэг утгаараа тухайн хүмүүсийн зугаа цэнгэлийн үйлийг илтгэж байгаа боловч нөгөө талаараа давхар цээрлэж хориглох, домнож, шүтэх үндсэн шинжийг илтгэж байгаа мэт харагдана. Өөрөөр хэлбэл тоглоомын эх үүтгэл, язгуур үндэс нь ард түмний эртний дом шүтлэг, хорио цээрийн бэлгэдэл байсан гэлтэй.