УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хоёр дүүгээ, харин УИХ-ын гишүүн Х.Болорчулаан охиноо ИНЕГ-т ажилд оруулсан гэдэг мэдээллийг өчигдөр тус байгууллагын Захиргаа, хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Т.Батжаргал хийсэн.
Харин УИХ-ын гишүүд уг мэдээллийн няцаан, хуурамч мэдээллийг улс төрийн зорилгоор тараасан хэмээн ярилаа. Тодруулбал, Төсвийн байнгын хорооны шугмаар хоёр удаа ИНЕГ-т шалгалт хийх үеэр Т.Батжаргал нь ойр дотнын 4-5 хүнийг байгууллагын зардлаар гадаадад сургах нэрийдлээр 2.6 сая ам.доллар буюу 3.7 тэрбум төгрөг хувьдаа завшсаныг тогтоон ажлаас нь халсан. Гэвч тодорхой хугацааны дараа ажилдаа эргэн орж, шалгалт хийсэн хүмүүст хандсан гүтгэлэлгийн чанартай мэдээлэл тарааж байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хоёр дүү өдгөө Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо ажиллаж амьдарч байгаа. Гэтэл Улаанбаатар хотод амьдарч, ахынхаа нэрээр ИНЕГ-т албан тушаал хашиж байгаа мэтээр ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байгаа гэнэ. Тиймээс худал мэдээлэл түгээсэн ИНЕГ-ын ажилтныг хууль хяналтын байгууллагат шалгуулахаар болсноо дуулгалаа.