Өнөөгийн хүчирхэг Америкийн хүчирхэг буйн, 200 гаран жил мандан бадарч ирсний нэгэн тулгуур нь чухам Америкийн Эрх чөлөөний тунхаг болно. Гэтэл нэн сонирхолтой нь энэхүү Эрх чөлөөний тунхаг-т Чингис хааны үзэл санаа нэн тодорхой туссан, тодруулж хэлбэл тухайн үеийн /1770-аад он/ Америкийн лидер удирдагчид Чингис хааны үзэл санааг зориуд анхааран судалж, тунхаг бичигтээ авч тусгасан явдал юм.
АНУ-ын анхны Ерөнхийлөгч Ж.Вашингтоны гэр музейн номын санд өнөө ч Чингис хааны тухай нэгэн ном буй аж. Чингис хааны тухай Европ дахинд анхлан гарсан энэ ном нь XVII зууны сүүл хагаст хэвлэгдсэн бөгөөд эхнэр Мартагаас нь түүнд иржээ.
Мөн Томас Жефферсоноос Конгрессийн номын санд хандивласан номууд дотор ч Чингис хааны намтар бий. Энэ ном нь мөн Францад хэвлэгдсэн, гэхдээ Вашингтоны номын санд байдгаас өөр зохиогчтой ном аж. Жефферсон энэ номоос хэд хэдэн хувийг олж аваад нэг бус хүнд өгч уншуулж байснаас гадна Виржиниагийн их сургууль болон Конгресст ч мөн нэжгээд хувийг өгч байжээ.
Түүнээс гадна АНУ-ыг үндэслэгч эцгүүд доторх хамгийн нэр нөлөөтэй эрхэм болох Б.Франклин ч Чингис хааны намтрыг хэрэг болгон олж авсан байжээ. АНУ-ыг үндэслэгч эцгүүд болсон долоон хүн дотор энэ гурав нь хамгийн нэр нөлөөтэй нь билээ.
Төр улсаа дөнгөж цогцлоон эхэлж байсан тэр цаг наргүй үед, эрх чөлөөнийхөө төлөө эрслэн тэмцэж байсан тэр бэрх хэцүү цагт тэдгээр америкчууд чухам яагаад Чингис хааныг тэгтлээ их сонирхдог билээ? Ж.Вашингтон, Т.Жефферсон, Б.Франклин нарт тэр цаг үед ном уншаад суух тийм цаг зав байсан гэж үү?
Энэ асуултын хариулт ихээхэн сонирхолтой юм. АНУ-ын үндэслэгч эцгүүд шинээр цогцлоон босгож буй улс орноо урт удаан тогтнож, хөгжих мандахын эх үндэс, мөн чанарыг олохыг эрмэлзэж байсан хийгээд тэр цаг үеийг хүртэл дэлхий ертөнцөд хамгийн үр дүнтэй бөгөөд урт удаан хугацаанд оршиж ирсэн эзэнт гүрнүүдийн түүхийг нарийвчлан судалж, тэндээс тэрхүү мөн чанарыг эрж хайж байсан байна. Тэгэхэд мэдээж хэрэг XIII-XV зууныг хүртэл дэлхий ертөнцийн эзэнт гүрэн байж, хүн төрөлхтний түүхэнд онцгой ул мөрөө үлдээсэн Монголын их эзэнт гүрний түүх тэдгээр үндэслэгч эцгүүдийн анхаарлыг зүй ёсоор татжээ. Тиймээс л тэд тийнхүү Чингис хааны намтар, түүхийг судлан сонирхож, их хааны улс гүрнээ байгуулж, бат суурьтай бүтээсэн өвөөс суралцахыг эрмэлзэж байжээ. Тухайлбал, Хятадын Шар тэнгисээс Европын Атираат тэнгис хүртэлх есөн зүйл таван өнгийн олон арван улс үндэстэн овог аймаг бүр бусдаас хараат бусаар, бусдадаа дарамтгүйгээр шашин шүтлэгтээ чөлөөтэй сүсэглэн явсан тэр гайхам үзэгдлийг судлан үзсэн байна.
Энэ тухай “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан”, “Монголын Их Хатдын Нууц товчоо” зэрэг номуудын зохиогч, Америкийн нэрт эрдэмтэн Ж.Уэтерфорд бас нэгэн ном бичсэн бөгөөд энэ сарын 12-ны 17:25 цагаас Улсын Дуурь бүжгийн Эрдмийн Театрт “ЧИНГИС ХААН БА ШАШИН ШҮТЭХ ЭРХ ЧӨЛӨӨ” сэдвээр монголын түүх судраа сонирхогч залуус, өргөн олон нийтэд зориулан лекц унших юм.
Мөн “Эрдэм ханхалсан Монгол” сэдвээр доктор, профессор Б.Сумьяабаатар лекц уншина. Энэ арга хэмжээний хүрээнд жил бүр уламжлал болгон зохиогддог Монголын түүхийн салбарын оны шилдэг бүтээл шалгаруулах “Жак Уэтерфордын нэрэмжит шагнал” гардуулах ёслолын арга хэмжээ болно.