Монгол улсын Хөдөлмөрийн яамны харьяа Орхон аймаг дахь МСҮТ-ийн багш оюутнууд өнгөрсөн өдрүүдэд нэгэн сайн үйлсийг бүтээжээ.
“Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын санаачилгаар Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн дотрын тасгийг иж бүрэн засварлах сайн үйлсийн аян зарласан. 1982 оноос хойш нэг ч удаа засвар хийж байгаагүй тус тасагт сайн санаат хүмүүс, компани, аж ахуйн нэгжүүдийн тусламжтайгаар 45 сая төгрөгийн өртөг бүхий засвар хийж хүлээлгэн өглөө. Энэхүү аянд “Зуун айл худалдааны төв”, “Барс-2” барилгын материалын худалдааны төв, “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК, “АПУ трейдинг” гэх мэт олон аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн түрээслэгчид хандив тусламж үзүүлсэн юм.
Орхон аймгийн БОЭТ-ийн дотрын тасгийн засварын ажлыг хийлгэхээр өмнө нь 2-3 удаа тендер зарлаж байсан ч “Маш их засварын ажил шаардлагатай, төсөв нь бага” гэсэн үндэслэлээр хувийн компаниуд тендерт нь оролцохос татгалздаг байжээ. Харин энэ удаа “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын тэргүүн н.Улаанхүү зориг гарган сайн үйлсийн аян эхлүүлсэн бөгөөд Д.Хүрэлбаатар захиралтай Орхон аймаг дахь МСҮТ-ийн Барилгын өргөн мэргэжил, сантехник, цахилгаанчны ангийн оюутнууд багш нарын хамт 10 хоногийн турш засварын ажил гүйцэтгэснээр иж бүрэн засвар хийж хүлээлгэн өгөв. Зөвхөн Орхон аймаг төдийгүй хангайн бүсийн Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ зэрэг аймгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Орхон аймаг дахь БОЭТ-ийн хамгийн том тасаг болох Дотрын тасаг шинэ орчинд дахин өвчтөнүүдээ хүлээн авч эмчилж эхлэв.
Цахилгааны монтаж, сантехникийн шугам хоолойг шинэчлэн, сувилагчийн постыг хүртэл шинээр байгуулан тохижуулж өгсөн.
Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн дотрын тасгийг иж бүрэн засварлажээ
Хөдөлмөрийн яамны харьяа Орхон аймаг дахь МСҮТ-ийн багш оюутнууд өмнө нь ОУХМ, самбо бөхийн 1987 оны дэлхийн аваргын хүрэл медальт Б.Тэрбиш багшид тусалж байшинг нь мөн иж бүрэн засварлаж байсан бол тус сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан ахмад багш Балжинням багшийн гэр орон нь шатахад зуны байшинг нь өвлийн болгон засварлаж өгсөн билээ. Түүнчлэн өвлийн халтиргаа гулгаатай үед хамгийн их замын хөдөлгөөний нягтралтай, халтиргаа гулгаа их үүсдэг зам талбайг сайн дурын үндсэн дээр цэвэрлэх зэрэг сайн үйлсийн аяныг байнга өрнүүлдэг гэнэ.