m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.14 02:57
236
“Төгсгөлгүй” залуусыг сонгодог урлагт уруу татна

УДБЭТ-ын зүгээс ирэх сарын 6,7-нд балетыг танго бүжигтэй хослуулсан “Төгсгөлгүй” хэмээх шинэ уран бүтээлээр бэлэг барих гэж байна.

Орчин үеийн залуучуудын хайр дурлалаар дамжуулж өнөө үеийн нийгмийг харуулахыг зорьсон бүтээлийг балетчин Э.Эрдэнэжаргал дэглэж буй. ХБК-ийн багш Х.Алтангэрэл хөгжмийг, УДБЭТ-ын захирал Б.Мөнхзул либреттог бичжээ. М.Од, Б.Саруул, А.Бэлгүдэ, А.Эрдэнэболд, У.Анужин Б.Пүрэв- Очир нарын гол дүрд нь тоглох бүжгэн жүжигт театрын балетчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. УДБЭТ-ын ерөнхий балетмейстр Д.Дашлхагва зөвлөхөөр, Г.Ганбаатар тайзны зураачаар ажиллаж байна.

Өмнө нь манайд балетыг танготой хослуулж тоглож байгаагүй бөгөөд өнгөрөгч долдугаар сард Австриас мэргэжлийн хоёр багш ирж стандарт, аргентин танго бүжгийн гурван долоо хоногийн сургалт зохион байгуулж, туршлага солилцжээ.

Гэхдээ 2000-аад оны дунд үеэс манай бүжиг дэглээчид шинийг санаачлах болсон ба бүжиг дэглээч Х.Гансүрэн “Чингис” рок балет тавьж байсан.

Сонгодог урлагийг тусгай хүрээнийхэнд л зориулагдсан гэж олон нийт ойлгодог. Дэлхийн сонгодог бүтээлүүд олон зуун жил хатуу тогтсон дэгтэй. Харин “Төгсгөлгүй” бол илүү цоглог, залуучуудыг сонгодог урлагт уруу татах гэсэн оролдлого хэмээн театрын бүжигчид онцоллоо.