
Өмнөговь аймгийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл мэндийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхэд, ихэр хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг хүүхдийн хоол тэжээлийг дэмжих зорилготой “Сүү тараг” орон нутгийн хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн үйл ажиллагааг 14 сум болон аймгийн төвд амжилттай хэрэгжүүлж, 5041 хүүхэд хамрагдсанаас хоёр хүртлэх насны ихэр хүүхэд 51, хөгжлийн бэрхшээлтэй 109 хүүхэд хамрагдаж, жингийн алдагдлаас 92 хүүхэд гарч байжээ.

Харин энэ оны “Сүү-тараг” хөтөлбөрт Өмнөговь аймгийн 14 сумаас 5660 хүүхэд, Даланзадгад сумаас 4510 хүүхэд, нийт 10170 хүүхэд хамрагдах бөгөөд үүнээс ихэр хүүхэд 46, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 121 тус тус орон нутгийн засаг захиргааны ивээл дор эрүүл ахуйн шаардлага хангасан чанарлаг, сүү сүүн бүтээгдэхүүн, таргаар өдөр бүр хангагдаж байхаар төлөвлөгдөөд байна. Хөтөлбөрийн нээлтийг орон нутгийн удирдлага болох НХХэлтсийн дарга Н.Жамъянхорол, мэргэжилтэн М.Цэндсүрэн, Даланзадгад сумын Засаг дарга н.Баттулга болон аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд оролцож, ард, иргэдэд сүү тарагны амталгааг хийснээр ёслол төгөлдөр эхэлжээ.
