m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.17 05:48
109
Сейду Думбия: Би хөлбөмбөгийг шашин шүтлэгтэй хольдоггүй

Нэрийн хуудас:

1987 оны арванхоёрдугаар сарын 31-нд Кот д’Ивуарын Ямусукро хотноо төрсөн. Довтлогч. Биеийн өндөр 178 см, жин 74 кг. Хоч нь “Хирс”.

Тоглож байсан багууд:

2003               Атлетик Ажаме (Кот д’Ивуар)

2004               АСЕК Мимозас (Кот д’Ивуар)

2005               Денгеле (Кот д’Ивуар)                    20 тоглолт (15 гоол)

2006-07         Кашива Рейсол (Япон)                     24 (3)

2008               Токүшима Уортис (Япон)               16 (7)

2008-10         Янг Бойз (Швейцарь)                       64 (50)

2010 оноос   ЦСКА (ОХУ)                                     32 (18)

Кот д’Ивуарын шигшээ багт 22 тоглож, гурван гоол оруулсан.

Оросын шилдэг багуудын нэг Армийн төв клуб “ЦСКА”-гийн сүүлийн үед гаргасан амжилтыг Зааны ясан эргийн шигшээ багийн довтлогч Сейду Думбиягаас салгаж ойлгохын аргагүй. Тэрбээр тус багт 2010 оноос хойш хүчин зүтгэхдээ 92 тоглолтод 60 бөмбөг оруулаад байгаа юм. Түүний нэгэн ярилцлагыг толилуулъя.

-Орост ямархуухан байна даа?

-“Зенит”-ийн хөгжөөн дэмжигчдийг эс тооцвол бүх зүйл зүгээр шүү.

-Тэд арьсны үзэл гаргасан учраас ингэж хэлсэн хэрэг үү?

-Тийм ээ. Гэхдээ би иймэрхүү зүйлд аль болох анхаарал тавихгүй байхыг хүсдэг. Ажлаа сайн хийж, гоолуудаараа хариу барих болно.

-Ямайкад хөлбөмбөгчид ойролцоогоор сарын 300 ам.долларын цалин авдаг гэсэн. Харин Кот д’Ивуарын ханш хэр зэрэг вэ?

-Мэдээж хашир туршлагатай тоглогчид залуучуудаас ихийг авна. Гэхдээ Оростой яаж зүйрлэх вэ.

-Таны анхны баг “Атлетик Ажаме”-гийн ерөнхийлөгч Оливье Кутуа нэгэн ярилцлагадаа “Сейду хичээлдээ тун дургүй хүүхэд байсан” гэж өгүүлсэн байна лээ...

-Тэр үнэн. Би хичээлдээ ямар ч сонирхолгүй байсан. Толгойд маань зөвхөн хөлбөмбөг л эргэлддэг байлаа. Хэдийгээр зургаахан ам метр талбайтай жижигхэн байшиндаа бид наймуулаа шахцалдан амьдардаг байсан ч өлсөхийн зовлонг үзээгүй. Өвөө, эмээ хоёрынхоо ачаар хүмүүжилтэй хүүхэд болон төлөвшсөн гэж боддог.

-Харин эцэг эх чинь?

-Тэд намайг төрөөд удаагүй байхад салсан юм билээ. Төрсөн эцгээ 18 настайдаа л анх харсан.

-Уулзах санаачилгыг хэн анх гаргасан бэ?

-Кутуа. Тэр “Амьдралд юу ч тохиолдож болно. Тэр чамайг өсгөөгүй ч төрсөн эцэг чинь. Тиймээс уулзах хэрэгтэй” гэж зөвлөсөн. Түүнээс хойш одоог болтол аавтайгаа байнга холбоотой байдаг шүү.

-Кутуа чамайг гадны багуудтай анх холбож өгсөн үү?

-Мэдээж.

-Ингэхэд Африкт шөнө хүртэл гудамжаар тайван зугаалахад хэцүү гэдэг үнэн үү?

-Хэрвээ чи адал явдалтай учрахыг тэгтлээ хүсээд байвал чамайг баярлуулах хүн захаас аваад олдоно. Гэхдээ миний амьдарч байсан Абижан дүүрэг манай хотын хамгийн тайван газруудын нэг л дээ.

-Африкийн хөлбөмбөгт шашин гүнзгий нэвтэрсэн гэлцэх юм?

-Би лав хөлбөмбөгийг сүсэг бишрэлтэй холбодоггүй.

-Зарим улсууд шигшээ багийнхаа албан ёсны бүрэлдэхүүнд илбэч зайрангуудыг багтаадаг гэж сонссон...

-Илбэч, зайрангууд хөлбөмбөгийн хувь заяаг шийддэг байсан бол Бениний баг аль хэдийнэ дэлхийн аварга болчих байсан байлгүй.

-Шигшээ багтаа очихоор Оросын тухай их асуух юм уу?

-Хамгийн түрүүнд Оросын их хүйтэн, арьсны үзлийн талаар асууж сонирхдог.

Илбэч, зайрангууд хөлбөмбөгийн хувь заяаг шийддэг байсан бол Бениний баг аль хэдийнэ дэлхийн аварга болчих байсан байлгүй

-Дидье Дрогбагийн тухай яриач?

-Бурхан л гэсэн үг. Бүх хүүхдүүд түүн шиг тамирчин болохыг хүсдэг. Бид хүртэл Дрогбагаас суралцаж байдаг.

-Та үснийхээ засалтыг байнга өөрчлөх юм. Москвад хувийн үсчинтэй болж амжаагүй байгаа хэрэг үү?

-Москвагийн их сургуульд суралцдаг найзынхаа дүүгээр үсээр засуулдаг. Нэг ёсондоо түүний туршилтын туулай нь болсон.

-Ингэхэд найз бүсгүй чинь яагаад одоо болтол Орост ирэхгүй байгаа юм бэ?

-Тэр их сургуулиа төгсөх гээд завгүй яваа.

-Тэр азтай бүсгүй бас л Зааны ясан эргийнх үү?

-Үгүй ээ, европ хүн. Хаанахынх гэдэг нь одоохондоо нууц.

-Оросоос явах болбол хаанахын лигт тоглох вэ?

-Английн Премьер-лигт тоглох нь миний мөрөөдөл. Москвад ирэхээс өмнө Лондоны нэг том баг намайг сонирхож байгааг сонссон л доо. Тэгээд үндсэн бүрэлдэхүүнд тоглох боломж, цалингаа харгалзан үзээд “ЦСКА”-г сонгосон.