m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 02:51
294
Г.Бадам:Би хүүгийнхээ хөгжмийн анхны багш нь

Энэ удаагийн “Ижий” булангийнхаа эрхэм хүндтэй зочноор “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайханы ээж Монгол Улсын гавьяат багш Г.Бадам гуайг урьж оролцууллаа.

- Сайн байна уу. Та сайхан өвөлжиж байна уу. Юуны түрүүнд та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайн,сайн байна уу. Намайг Гаадангийн Бадам гэдэг. Би Увс аймгийн Тэс суманд төрсөн. Бага насандаа эх эцгийн гар дээр өсч торниод бага, дунд сургуулийг дүүргэж дараа ньдуу хөгжмийн багшийн мэргэжлийг эзэмшсэн. Миний аав Д.Гаадан гэж лам хүн байлаа. Тухайн үед лам хүмүүсийг болон бурхан шашныг хүлээн зөвшөөрдөггүй, дэмждэггүй байсан үе дээ. Би өөрөө айлын зургаан хүүхдийн дээрээсээ хоёр дахь нь. Биднийг бага байхад аавыг минь баривчилж, бурхан номыг нь хураан авч, зургаан жил шоронд хорьсон. Хоригдож байх хугацаандаа хоригдлуудын талх ачиж байсан түүхтэй. Ээж маань З.Жавзан гэж сайхан эмэгтэй байлаа. Миний ээжийг нутаг усных нь өндөр ээж гэж нэрлэдэг байв. Ундтай устай, сайхан ааш зантай эмэгтэй байж билээ.

Г.Бадам багшийн оюутан нас (1955 он)

- Та хүүхдийн байгууллагад амьдралынхаа олон жилийг өнгөрүүлсэн. Энэ талаараа бидэнд дурсаач?

-Би боловсрол, хүүхдийн байгууллагад 50 жил ажиллаж байна. Дуу хөгжмийн багш мэргэжлээрээ тав зургаан жил ажиллаад дараа нь Улсын тэргүүний 13 дугаар сургуульд пеонерын удирдагчаар ажиллаж байсан. Тэр үеийн пеонерын байгууллага одоогийн хүүхдийн байгууллага гэсэн үг.  Манай сургуулийн захирал Д.Сүхээ гэж сайн зохион байгуулагч, удирдагч байсан. Ингээд 18 хоног тэтгэвэртээ суусны дараа Хөгжим бүжгийн коллежийн дотуур байрны багшаар  20 гаруй жил ажиллаа. Дотуур байранд байсан хүүхдүүдийг хүний өөрийн гэж ялгалгүй хайрлаж асарч явлаа. Тэтгэвэртээ суусан 18 хоног миний хувьд маш удаан өнгөрсөн шүү. Харин одоо 1000 оюутны байрны “Оюутны өргөө”-нд зөвлөх багшаар ажиллаж байна.  Оюутнуудтай ажиллана гэдэг алхам тутамдаа хариуцлага хүлээж байдаг ажил. Тиймээс ч хүмүүжлийн зөв суурь,  халуун дотно харилцаа, хүнлэг сайхан сэтгэлийг хослуулан манай багш нар энэ ажлыг хийцгээж байна. Одоо бол оюутны дотуур байрыг замбараагүй гэсэн үг чихэнд нилээн хол сонсогдох болж. Хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр бага зэрэг зөрчил гардаг ч байрандаа шийдэгдээд өнгөрдөг.

 

- Таны ажил амьдралын замнал хүүхэдтэй холбоотой байжээ. Та хэдэн онд Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн бэ?

- Хөгжим бүжгийн коллежид ажиллаж байх хугацаанд буюу 2009 онд хүртсэн.

 

- Та хэдэн хүүхдийн ээж вэ?

- Би нэг охин дөрвөн хүүтэй. Д.Жаргалсайхан миний хоёр дахь хүү. Миний хүү одоо нийтийн жишгээр л амьдарч явна. Гэхдээ мэдээж юм хийх гэж нилээн оролдож байна. Олон түмэн хүүгийн минь уран бүтээлийг хүлээж авдагт баярлаж явдаг юм. Хүү маань ижий аав, ах дүү, элгэн садандаа тустай, түшигтэй, ачлалтай хүү. Бүгдийн төлөө зовж байдаг хүн дээ. Бидний төлөө бүхнээ зориулдаг, зохион байгуулдаг хамгийн их хүртээлтэй хүн нь хүү минь байгаа юм.

 

- Багадаа ямар хүүхэд байсан бэ?

- Миний хүү багаасаа л бүх зүйлд чамбай хүүхэд байсан. Цүнхтэй хичээлээ өөрөөсөө холдуулахгүй шүү. Математик, фикикийн хичээлдээ сайн. Надаас үргэлж тэмдэглэлийн дэвтэр нэхнэ. Дэвтэртээ хүний хэлсэн үг, шүлэг өдрийн тэмдэглэлээ бичнэ. Багын төрх нь одоо хэр нь үлдсэн байдаг.

 

- Д.Жаргалсайхан ахын урлагийн авьяас нь яг хэзээ илэрсэн бэ?

-  Би анх хүүдээ 250 төгрөгөөр гармон хөгжим авч өгсөн юм. Цэцэрлэгт байхаасаа л гармон хөгжмөө тоглодог байсан. Хөгжмийнхөө араас харагдахгүй тийм л жаахан байж дээ. Нот мэддэггүй байсан учир сонсголоороо л хөгжмөө тоглоно.  Ер нь бол мэдрэмжээрээ урлагийн замд орсон, зааж сургах багш тэр үед байсангүй. Харин анхных нь нотыг заасан хүн нь би өөрөө.Түүнээс биш хөгжмийн онол зэрэг бусад зүйлсээ өөрөө л мэдэж авсан даа.

 

- Арван жилийн сурагч байхаасаа л дуу зохиодог байсан гэсэн үг үү?

- Тэгэлгүй яахав. Арван жилээ төгсөөд Эрхүүд сурч байхдаа найзынхаа төрсөн өдрөөр бэлэг болгож “Төрсөн өдрийн дуу” зохиож өгч байсан юм. Одоо хүн бүрийн төрсөн өдрийн баяраараа аялдаг дуунуудыг нэг шүү дээ.

 

- Д.Жаргалсайхан ахын дуунууд дээр таныг цайны дээж өргөж байгаагаар олонтоо харсан. Эмэгтэй хүний бас нэгэн ариун ажил цайны дээж өргөх юм болов уу?

- Тэгэлгүй яахав. Аавын минь бурханы ном нөлөөлсөн үү эх болсон зургаан зүйл,хамаг амьтны тусын тулд ургах нарандаа, хүйн холбоот байгаль эхдээ залбирал үйлдэж, чанасан цайныхаа дээжийг өргөдөг нь миний өглөө бүрийн ариун ажил байсаар ирлээ. Цайныхаа дээжийг өргөдөг найман тахилт цацлын халбагыг уран гарт өвгөн минь хийж өгсөн. Би цайныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөхдөө 20 минутыг зарцуулдаг. Дээж өргөхөд тэр өдрййн ажил үйлс бүтдэг юм. Мөн орой болгон зул барина. Энэ бол монгол ижийн л хийх ажил.

 

- Таны ханийг бас гавьяат хүн гэж дуулсан. Нэг гэр бүлээс гурван гавьяат төрнө гэдэг ховор тохиолдол. Тэр дундаа аав, ээж, хүү гурав. Ханийнхаа талаар дурсаач?

- Миний ханийг Ч.Дашзэвэг гэдэг. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн,уран барималч хүн. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул. Холын хоёр аймгийн хүмүүс анх танилцаад гэр бүл болж үр хүүхэд төрүүлээд сайхан амьдарсан. Хань минь ертөнцийн мөнх бусыг үзүүлээд таван жил боллоо. Амьд байхад нь уран бүтээлийнх нь гэр музейг төрсөн нутагт нь байгуулж, өөрт нь зориулж хүүхдүүд нь бодь суварга бүтээлгэсэн. Талийгаач маань их холын хараатай хүн байж дээ гэж боддог. Хүүхдүүдээ бага балчираас нь малын дөртэй болгож, хөдөөний ахуй амьдралыг үзүүлж, амьдралд сургасан хүн. Тиймээс миний үр хүүхэд, ач зээ нар зундаа хөдөө мал дээр гарч аавынхаа, өвөөгийнхөө зааж сургасан амьдралаар амьдарч байгаа. Хүүхдүүд ач зээ нар маань тус тусдаа болцгоож л байна.

 

- Та хүүхдүүддээ ямар сургамжтай үгийг хайрлаж, амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж боддог вэ?

- Хүнийг хайрлаж, дээд зэргээр хүндэлж бай гэж захидаг. Гол нь бусдын төлөө амиа өгч чадахгүй ч хүний төлөө санаа тавьж сур гэж хэлдэг дээ.

- Бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өгсөн танд баярллаа. Эрүүл энхийг хүсье?

- Баярлалаа танай хамт олонд ч мөн ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.