"Бадам дэлгэр" ХХК-ийн захирал А.Бадам 2010 онд хувийн эмнэлэг, эм бөөний төвийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө сунгуулахаар тэр үеийн Эрүүл мэндийн сайд Ж.Цолмонд хандсан боловч асуудлыг нь шийдвэрлэж өгөөгүй аж. Улмаар түүний тусгай зөвшөөрлийг хувьдаа завшиж залилан, тусгай зөвшөөрлийг нь өдийг хүртэл өгөөгүй байгаа гэнэ. Ингээд хууль хяналтын байгууллагад хандсан боловч түүний хэргийг шийдээгүй байна. 2012 онд Эрүүл мэндийн сайдаар томилогдсон Н.Удвалтай уулзаж өөрийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн бөгөөд шийдвэрлэж болно гэсэн хариуг авчээ. Ингээд 3-4 удаа өргөдлөө гаргаж өгсөн ч албан ёсны хариу ирээгүй байгаа аж.
-Анх юу болсон тухай тайлбарлахгүй юу?
-1987 онд Анагаахын сургуулийг төгсөөд эрүүл мэндийн бүх салбарт ажиллаж байгаад 1995 оноос хойш эмийн бөөний төв, эмийн гадаад худалдаа, хувийн эмнэлэг ажиллуулж эхэлсэн. Манай тусгай зөвшөөрөл Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалыг Цолмон хашиж байх үед хугацаа нь дууссан. Эмнэлэг эм ханган нийлүүлэх төвийнхөө тусгай зөвшөөрлийг сунгуулъя гээд орж уулзахад өргөдлөө өгөөд бичиг хэрэгтэй үлдээ гэсэн. Түүнээс хойш огт хариу байдаггүй тэгээд уулзах гэхээр хуралтай, гадагшаа явсан гээд уулзаж чадахгүй байсан.
Тэгээд хариу ирэхгүй болохоор нь архив ороод ухаад үзэхэд гарын үсэггүй, тамаггүй хуурамч бичиг баримт үйлдээд манайхыг хаасан гэсэн зүйл биччихсэн байсан. Биднээс шалтгаалах зүйл дээр ямар нэгэн зөрчилгүй байсан.
-Хэзээ сунгуулах гэж өгсөн бэ?
-2010 оны 12 дугаар сарны 20-ны өдөр бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн. Тэгээд уулзах боломж гарахгүй байсан учраас үүдэнд нь сахиж хүлээж байгаад гараад явж байхад нь сайдтай уулзсан. Учир байдлаа хэлэхэд “Наадхыг чинь сунгалгүй яахав тусгай зөвшөөрлөө эхээр нь өргөдөлтэйгээ авчраад өг” гэсэн. Хоёр хоногийн дараа ирээд уулзаарай гэж хэлсэн. Эргэж ирээд уулзтал “Би хурааж ашиглая. Ахиад эрүүл мэндийн комиссын хурлаар ороод хувийн эмнэлгийнхээ зөвшөөрлийг авчих. Манай мэргэжилтэн н.Энхцэцэгтэй буруу харьцаад байна гэж хэлсэн. Эрүүл мэндийн комиссоор орох үед нь би утасдаад хэлээд өгчихөе” гэсэн. Би юу гэж тусгай зөвшөөрлөө юу гэж хураалгадаг юм бэ гэтэл н.Энхцэцэг нь “Төрийн сайдын өрөөнд чанга дуугараад байгаа юм бэ. Цагдаад өгөөд хориулчихаж чадна шүү. Шүүхэд өгчих би даваад гарна. Танай байгууллагыг шалгаад хаалгачихаж чадна шүү” гэж хэлсэн. Эх бичиг баримтаа авья гэтэл хурааж аваад архивладаг гэж хэлсэн. Гэтэл манай тусгай зөвшөөрлийг ашиглан улсын хилээр эмийн бүтээгдэхүүн нэвтрүүлсэн тохиолдлууд байсан.
-Өөр ямар байгууллагад хандсан бэ?
-Тухайн үед үүрэг гүйцэтгэгч н.Хүрэлбаатартай уулзаад нэмэргүй гээд байсан учраас Авлигатай тэмцэх газарт хандсан. Гэтэл миний хэргийг авч хэлэлцэхгүй байсан. Намайг дуудаж 4-5 удаа мэдүүлэг авсан. Тэгээд миний хажууд утасдаад “Цолмон сайд гэртээ байгаа юу мэдүүлэг авах гэсэн юм” гэж яриад байсан. Тухайн үед эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Хүрэлбаатарын бичиг баримтууд овоолгоостой байсан. Үндэслэлгүй гээд энэ хэргийг шийдэж өгөөгүй.
Наймдугаар сард Н.Удвал сайд ажилд орсон. Н.Удвал сайдтай уулзаад учир байдлаа тайлбарлахад “Шууд л сунгаад өгөх ёстой юм байна. Өргөдлөө бичээд өгчих” гэсэн. Өргөдлөө 3-4 өгсөн ч хариу ирээгүй. Мөн дэд сайд Ж.Амарсанаад нэг удаа өргөдөл өгч уулзаж байсан. Хамгийн сүүлд энэ оны есдүгээр сард өргөдөл өгсөн. Түүнийхээ хариуг нэхэж байж авсан.
-Ямар хариу ирсэн бэ?
-Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга А. Эрдэнэтуяа Хувийн эмнэлгийн үйл ажиллагаа нь дууссан юм байна шүү дээ. Сунгах талаар ямар ч хариу ирээгүй. Нийслэлийн эрүүл мэндийн газарт хандаад шинэ эмнэлэг байгуулах зөвшөөрөл ав гэсэн хариу ирсэн. Эм ханган нийлүүлэх тал дээр юу ч дурдаагүй байсан.
-Цаашдаа ямар бодолтой байна вэ?
-Төрийн сайд хүн байж ямар ч ёс суртахуунгүй, шунахайн сэтгэлтэй байгаад харамсаж байна. Уг хэргийг шийдэж чадах хууль хяналтын байгууллага байдаг бол шийдэж өгөөсэй гэж хүсэж байна.