m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.28 01:56
322
Цахилгааны төлбөрийг хэрхэн тооцдогийг хараарай

Цахилгааны төлбөрийн нэхэмжлэх нь тухайн хэрэглэгчийн цахилгааны сарын хэрэглээ, төлбөрийн хэмжээ, хэрэглэгчийн хамаарах борлуулалтын цикл, тооцооны хамрах хугацаа зэрэг УБЦТС компани болон хэрэглэгч хоорондын гэрээний хэрэгжилтийг хангахад шаардлагатай анхан шатны мэдээллийг агуулж байдаг.

Хэрэглэгч таны цахилгаан эрчим хүчний төлбөрийг ямар  зарчмаар тооцдог болохыг нэхэмжлэхийн мэдээлэлд үндэслэн харуулъя.

Ахуйн хэрэглэгчийн нэхэмжлэл

Төлбөрийн нэхэмжлэлд тусгагдсан дараах мэдээлэлд үндэслэн төлбөр тооцоологддог. (Зурагт тэмдэглэгдсэн дугаараар мэдээллийг дугаарлав.)

 

  1. Тоолуурын өмнөх болон одоо заалтын зөрүүгээр гарсан цахилгаан эрчим хүчний тухайн сарын хэрэглээ
  2. Тариф /төгрөг/ - Тухайн хэрэглэгчийн болон тарифын ангилалд хамаарах Эрчим хүчний зохицуулах хорооноос  баталсан үнэ тариф
  3. Цахилгаан эрчим хүчний төлбөрт тооцсон НӨАТ
  4. ЦЭХ-ний суурь хураамж - ЭХЗХ-ны 2014 оны 116 дугаар  тогтоол
  5. Телевизийн хураамж – РТХЭГ-ын даргын 2001 оны 403 тоот тушаалаар тогтоосон телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний төлбөр
  6. Хогны хураамж – НЗД-ын 2011 оны 472 тоот захирамжийн дагуу таны  гаргасан хогийг тээвэрлэсний төлбөр, хог хаягдлын татвар

 

Аж ахуйн нэгжийн хэрэглэгчийн нэхэмжлэл

Төлбөрийн нэхэмжлэлд тусгагдсан дараах мэдээлэлд үндэслэн төлбөр тооцоологддог. (Зурагт тэмдэглэгдсэн дугаараар мэдээллийг дугаарлав.)

 

  1. Тоолуурын өмнөх болон одоо заалтын зөрүү
  2. Коэффициент – тухайн хэрэглэгчид суурилагдсан хэмжүүрийн трансформаторын хүчин чадлаас хамааран өөр өөр байна.
  3. Хэрэглээ – Тоолуурын заалтын зөрүүг коэффициентээр үржүүлэн цахилгаан эрчим хүчний тухайн сарын хэрэглээг гаргана.
  4. Кос p - Хэрэглэгчийн хуурмаг хэрэглээнээс чадлын итгэлцүүр cos φ хамааруулж төлбөрийг өсгөх хувь. ЭХЗХ-оос баталсан 2010 оны 109 дүгээр тогтоол, УБЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2010 оны 567 тоот тушаалын дагуу төлбөрийг  5-20 хувь нэмэгдүүлж тооцдог.  Харин хуурмаг хэрэглээг тооцдог тоолуургүй тохиолдолд хэмжих багажаар хэмжсэн хэмжилтийн дүнгээс хамааруулан өсгөн тооцно.
  5. Тариф /төгрөг/ - Тухайн хэрэглэгчийн болон тарифын ангилалд хамаарах ЭХЗХ-оос баталсан үнэ тариф
  6. Хоосон явалт – Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 36 дугаар заалтын дагуу хувийн эзэмшлийн дэд станцтай хэрэглэгчид тавигдсан  хүчний трансформаторын төрөл, хүчин чадлаас хамаарсан үйлдвэрийн паспорт дээрх алдагдлыг трансформаторын ажилласан цаг өдрөөр үржүүлэн трансформаторын хоосон явалтыг  тооцдог.
  7. НӨАТ, НӨАТ(үйлч) - Цахилгаан эрчим хүчний төлбөрийн дүнд тооцоологдсон НӨАТ болон баримтын үнийн  НӨАТ
  8. Баримтын үнэ - Таны төлсөн төлбөрийг эрчим хүчний төлбөрийн нэгдсэн дансанд бүртгэх, цахилгаан үйлдвэрлэгч, түгээх байгууллагуудад хуваарилах зэрэг гүйлгээнд холбогдох банкны үйлчилгээний хураамж, хэрэглэгчид цахим болон цаасан хэлбэрээр нэхэмжлэх хүргэх, хэрэглэгчийн хэрэглээ төлбөрийн мэдээллийг банк, Татварын байгууллага зэрэгт мэдээлэхтэй холбоотой бүх зардал багтдаг.

Хэрэглэгч та цахилгаан эрчим хүчний хүчдэлийг салгуулж залгуулах, тоолуур холбуулах гэх мэт төлбөрт үйлчилгээ нэмэлтээр авсан, дуудлага өгсөн тохиолдолд үйлчилгээний төлбөр мөн нэмэгдэж нэхэмжлэгддэг.