m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.28 04:04
206
Агаарын бохирдол халдварт өвчин үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг

Сүүлийн жилүүдэд агаарын дундаж температур, цаг агаарын цочир өөрчлөлтийн давтамж, хэмжээ, далайн түвшин ихсэх зэрэг нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны ажлууд багагүй хийгдэж байна. 2000 оны байдлаар дэлхий дахинд гарсан 150000-аас дээш тооны нас баралт нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэсэн тооцоо гарсан байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий дээр бүртгэгдсэн суулгалт өвчний нийт тохиолдлын 2.4 хувь нь агаарын хэм нэмэгдсэнтэй холбоотой нь ч тогтоогджээ. Нийгмийн эмзэг хэсэг болох хүүхэд, хөгшид, гэр оронгүй, ядуу хүмүүс уур амьсгалын өөрчлөлтөнд илүү өртөж, хоол хүнсний хомсдол ихсэх, ган гачиг, түймэр, хүчтэй салхи шуурга, үер, хэт халуун зэргээс өвчин, нас баралт, гэмтэл бэртэлт нэмэгдэх, суулгалт өвчин ихсэх, газар орчмын давхарга дахь озоны агууламж нэмэгдсэнээс болж зүрх судас, амьсгалын замын өвчний давтамж өсч байгаа аж.

Харин манай оронд сүүлийн 20 жилд хүчтэй салхи шуурга хамгийн олон удаа ажиглагджээ. Их халалтын улмаас бий болдог орон нутгийн чанартай аюултай үзэгдлүүд болох нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, хүчтэй ширүүн аадар борооны уруйн үер гэх мэт үзэгдлүүдийн давтамж ч сүүлийн 10 жилд нэлээдгүй ихэссэн байна.

Л. Нацагдорж, Г. Баясгалан, П. Гомболүүдэв нарын эрдэмтэд 2005 онд хийсэн судалгаандаа “Монгол орны уур амьсгалын ирээдүйн өөрчлөлтийг зуны температур Алтай нуруунд дунджаар 2010-2039 онд 1.90С, 2040-2069 онд 3.60С, 2070-2099 онд 6.50С градусаар тус тус өнөөгийнхөөс нэмэгдэх ба харин хур тунадас 38.3-80.9 мм хүртэл буурна” гэжээ.

Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хүний эрүүл мэндэд үзүүлэх дам нөлөөшууд нөлөөнөөсөө илүү хүчтэй аж. Энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурах, ариун цэврийн нөхцөл доройтох, ундны усны хомсдол, баталгаагүй ус болон бусад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эрсдлээр дамжин илэрч болно гэж эрдэмтэд үзэж байна.

Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав, Анагаах ухааны доктор П. Энхтуяа нарын удирдан хийсэн “Монгол орны уур амьсгалын өөрчлөлт-Хүн амын эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийн судалгаа”-гаар “Насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй халдварт өвчлөлд агаарын температур, даралт, чийг, тунадас зэрэг байгаль, цаг уурын хүчин зүйлс болон агаарын бохирдуулагч SO2, NO2 зэрэг нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа” нь тогтоогджээ. Эдгээр эрдэмтэд уур амьсгалын мужлалаар чийглэг, нэн сэрүүн, чийглэгдүү сэрүүн, хуурайдуу сэрүүн, нэн хуурай дулаан хэсэгт хамрагдах Завхан аймгийн Баянтэс, Тосонцэнгэл, Сэлэнгийн Зэлтэр, Зүүнхараа, Дорнодын Матад, Баян-Уул, Өмнөговийн Гурвантэс, Баяндалай, Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул дүүргийн насанд хүрэгч оршин суугчдын дундах өвчлөлт, нас баралтын шалтгааныг уур амьсгалын өөрчлөлтттэй холбон судалсан юм.

Судалгаагаар цусны эргэлтийн тогтолцооны өвчний шалтгаант нас баралт харьцангуй өндөр гарсан байна. Түүнчлэн нас баралтын бүртгэл мэдээгээр зүрхний шигдээс өвчний шалтгаант нас баралт дийлэнх хувийг эзэлж байгаа нь агаарын бохирдол, цаг уурын бусад (агаарын хэм, чийгшил, хур тунадас, салхины хурд зэрэг) үзүүлэлттэй харьцуулахад агаарын даралт, хур тунадастай холбоо хамааралтай байна гэж эрдэмтэд үзэж байна. Харин амьсгалын тогтолцооны өвчнийг насны бүлгээр авч үзэхэд 17-24 насанд томуу, хатгаа өвчний тохиолдол, 45-54 насанд багтраа өвчний тохиолдол өндөр бүртгэгдсэн байна.

Цусны эргэлтийн тогтолцооны өвчнөөс даралт ихсэх, зүрхний ишемит өвчин, тархины судасны өвчин нь нас ахих тутам их тохиолдож байна. Эдгээр аймгийн насанд хүрэгчдийн дунд бүртгэгдсэн   халдварт өвчлөлөөс вируст гепатит А (84.4 хувь) болон цусан суулга (14.7 хувь) ихэнхи хувийг эзэлж байжээ. Насанд хүрэгчдийн дундах цусан суулгын өвчлөл Завхан аймаг, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт их бүртгэгдсэн буюу чийглэг нэн сэрүүн бүсэд өвчлөл их тохиолдсон байна. Цусан суулгын өвчнөөр зонхилон 17-24 насны эмэгтэйчүүд (55 хувь) өвчилж байжээ. Вируст гепатит А төрлийн өвчлөл Дорнод, Завхан аймгуудийн уур амьсгалын мужлалын хувьд чийглэг нэн сэрүүн, хуурайдуу сэрүүвтэр бүсэд өвчлөл их тохиолдсон байна. Уг өвчнөөр зонхилон 17-24 насны эрэгтэйчүүд (56.8 хувь) өвчилсөн байна.

Нийгмийн эрүүл үндэсний мэндийн төв