m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.28 08:00
768
Түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж буй 032 дугаар анги

Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 032 дугаар анги түүхт 90 жилийнхээ ойн баярын хүрээнд өнөөдөр ахмад настнуудаа хүлээн авч, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан юм. Энд ирсэн хүндэт зочдын нэг бол тус ангийн анхны дайчин, Монгол улсын 71 дэх хошууч генерал Тавхайн Баатар  байлаа.

-Танд ойн баярын мэнд хүргье. Олон жилийн түүхтэй энэ ангитай анх хэрхэн холбогдож байсан талаараа дурсахгүй юу?

-Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 1955 онд хүндэт харуулын анхны ротын цэргүүдийн нэг болон ирж байлаа. Эндээс офицер болж, ЗХУ-д курст сурснаар цэргийн амьдралд хөл тавих анхны гараагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд салаан захирагч, ротын захирагч, коминдатын туслах, штабын дарга гэх зэрэг ажлуудыг хийж, төр нийгмийн ёслол хүндэтгэлийн олон арга хэмжээнүүдэд оролцож явлаа. 

Манай хорооны гурван дарга 1979 онд нэгэн зэрэг генерал цол хүртэж байсны нэг нь би болж байсан юм. Энэмэтчилэн дурсаад байвал энэ ангитай миний амьдрал салшгүй холбоотой түүх надад маш их бий.

Мөн батлан хамгаалахын нийт бие бүрэлдэхүүн, хамт ажиллаж байсан ахмадууддаа 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна. 

Тус ангийн захирагч хурандаа Л.Батболдоос Нээлттэй хаалганы өдөрлөгийн талаар тодрууллаа.

Монгол Улсын төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцох, хэв журам сахиулах, харуул хамгаалалтын гурамсан үндсэн үүрэг бүхий Зэвсэгт хүчний 032 дугаар анги 90 жилийн ой тохиож байна. Ойн баярын арга хэмжээний хүрээнд ангиа сурталчилах, иргэн цэргийн харьцааг бэхжүүлэх зорилгоор өнөөдөр энэхүү нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж энд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа урьж авчран хүндэтгэл үзүүлж байна. 

Өдөрлөгийн үеэр жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, дунд сургуулийн сурагчдад ангиа сурталчлах, зэвсэг техникийн үзэсгэлэн, хүндэт харуулын үе үеийн хувцас хэрэглэлийг танилцуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.