m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.01 05:23
49
Ардчилсан хувьсгалд түүхэн гавьяатайгаар оролцсон хүмүүсийн хөргийг дэлгэжээ

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Монголд ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойд зориулсан “Түүчээ цаг” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Тэрбээр үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “Ардчилсан хувьсгалын ойг энэ жилийн арванхоёрдугаар дугаар сарын 20-ноос ирэх жилийн арванхоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэлх нэг жилийн хугацаанд тэмдэглэн өнгөрүүлнэ. Өмнө нь Ардчилсан намын ой, Монголын ардчилсан холбооны ой гэж хоёр тусдаа болдог байсан бол энэ жилээс нэг л ой тэмдэглэдэг болсон. Энэ бол ардчилалд элэгтэй хүн бүхний баяр” хэмээн онцлов.

Зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын энэхүү үзэсгэлэн Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа аж.  Зураач Л.Хадбаатар нь  ардчилсан хувьсгалд оролцож явсан учраас 1989-1990 онд социалист нийгмийг өөрчлөн Монгол Улсыг ардчилсан орон болгохоор тэмцэж байсан журмын нөхдөө, тухай үеийн бүх үйл явдлыг уран зурагт буулгахаар дөрвөн жил ажилласан хэмээн "Түүчээ цаг" хөрөг зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэллээ.

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэсэн “Түүчээ цаг” үзэсгэлэнд ардчилсан хувьсгалд түүхэн гавьяатайгаар оролцсон С.Зориг, Э.Бат-Үүл, С.Цогтсайхан, Баабар, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж тэргүүтэй 404 хүний хөргийг бүтээснээ дэлгэн үзүүлжээ.  Мөн “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан, Н.Энхбаяр нар “Хонхны дуу”-гаар ард түмнийг ардчилалд уриалж буйг, 1990 оны  арвандугаар сарын 10-ны анхны цуглаан, МУГЖ Д.Сосорбарамын илтгэл тавьж буй хаврын жагсаал, анхдагчид МАХН-ын Төв хороонд өргөх бичиг барихаар явж байгаа зэрэг түүхэн үйл явдлуудыг дүрсэлсэн байна.