Монголын анхны марк худалдаанд гарсны 90 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Монголын Филателийн холбоо, Монгол шуудан ТӨХК-тай хамтран “Монгол марк-90 жил” Үндэсний филателийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд Холбооны Ерөнхийлөгч, Монгол шуудангийн захирал болон Монголын хамгийн залуу марк цуглуулагчаас хамгийн ахмад настай нь хүртэл оролцсон юм. Үзэсгэлэн анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд тав хоногийн турш нээлттэй байх энэхүү үзэсгэлэнг сонирхон очсон үзэгчиддээ өдөр бүр сонин сайхан зүйлсээр бэлэг барина гэсэн юм. Нээлтийн ажиллагааны үеэр Филателийн холбоо, Монгол шуудан ТӨХК-тай хамтран бие биенээ дэмжин ажиллах санамж бичигт гарын үсэг зуралцлаа.
Үзэсгэлэнд "Эх үрс" нэртэй маркийн цуглуулгаараа оролцож буй хамгийн бяцхан цуглуулагч болох Билгүүнтэй уулзсан юм.
-Анх хэдэн настайгаасаа марк цуглуулж эхэлсэн бэ. Марк цуглуулах юугаараа гоё санагддаг вэ?
-Би найман настай. Нэг жилийн өмнөөс анх өвөөтэйгөө нийлж марк цуглуулж эхэлсэн. Марк цуглуулснаар юмыг цуглуулаад өөрөө бэлдээд дараа нь түүнийгээ харахад үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Мөн маркан дээр голдуу үндэсний түүхийг өгүүлсэн зураг байдаг болохоор маркнаас түүх соёлоо мэдэж авахад маш их хэрэгтэй.
-Цуглуулгаа яаж баяжуулдаг вэ?
-Марк олж авахад тийм хэцүү биш. Марк, хуучны эд зүйлс зэрэг ховор нандин цуглуулгатай хүмүүс хоббигоороо цуглаж бие биентэйгээ эд зүйлсээ солилцож, зардаг тийм цугларалт болдог. Тэндээс би амралтын өдөр бүр өвөөтэйгөө хамт марк худалдаж авдаг.
Мөн 11 настайдаа БНСУ-д болсон Дэлхийн маркийн үзэсгэлэнд оролцож мөнгөлсөн хүрэл медаль хүртснээс хойш нийт 24 үзэсгэлэнд оролцож, 40 гаруй медаль авсан Д.Мишээлийн хамгийн хайртай үнэ цэнэтэй марк нь Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа баатар өөрөө түүнд бэлэглэсэн марк бөгөөд энэхүү маркан дээр дарсан тамга нь зөвхөн сансрын бүхээг дотор буюу агаар мандалд дарагддаг тамгаар тамгалагдсанаараа онцлог, дэлхийд тэр бүр байхгүй ховор марк гэнэ.