m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.03 03:11
85
Бурхан Халдунд аялах журам байгаль орчныг сүйдэлж байна

Эдүгээ цагт Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган дархан цаазат, төрийн тахилгат их хайрхан болгосон нь их хааны захиас зарлиг болон хэрэгжиж буй нэг хэлбэр. Харин тэнд оршиж буй  Монголын алтан ургийн хаадын алтан шарил  оршиж буй “Их Хориг” – ийн газар руу  буюу “Босго тэнгэрийн даваанаас цааш бусдыг бүү алхуул”  гэсэн их хааны захиас  тэр нь түүхийн явцад журам болж, журам нь жудаг болж монголчууд үеийн үедээ ёсчлон биелүүлж ирсэн нь цааш хэрхэх нь бүрхэг байх шиг. Түүнийг хойно өгүүлэх тул түр  хойш тавин БОНХЯ-наас гаргасан Бурхан Халдун хайрханд аялах болон уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журам” чухамдаа Бурхан Халдунд хэрхэн халдаж, байгаль орчныг сүйтгэж байгааг онцлоё.

Бурхан Халдун ууланд хэнбугай ч морилж болох боловч бас хэн ч халдашгүй байх “Их хориг” байх л учиртай

 Гадаадын иргэн өөрийн зургийг хийсэн шилэн гүнгэрвааг  Бурхан Халдуны оройд нуусныг хайрханы хог  цэвэрлэж байсан нутгийн иргэд олж “Биднийг доромжиллоо, шүтээн, тахилгыг сэвтүүллээ” хэмээн мэдэгдэж байсан 2011 оны үйл явдлыг энд орхиё.  Бас Америкийн иргэн, хятад гаралтай  Альберт Лин Бурхан Халдуны оройд гарч баримтат киноны зураг авч, улмаар тэнд Чингисийн онгон байгаа тухай судалгааны нээлтээ зарлах гэж байна хэмээн манай Засгийн газрыг сандаргасан баримтыг бид өнгөрсөн жил гаргаж тавьсан учраас дахин   дурдахаа азная. Харин хамгийн сүүлийн үеийн, монголчууд өөрсдийн гараар, дээр дурдсан журмыг хэрэгжүүлж байна хэмээн   тэр хавийн байгаль орчныг сүйтгэсэн  таагүй  мэдээг дуулгахад өнгөрсөн зургадугаар сард Бурхан Халдуны  Цагаан арал гэдэг газарт төвд маягийн чулуун овоо босгожээ. Ингэхдээ ойн цэвэрлэгээ гэх нэрээр хуш мод огтлон хот руу татаж байгаа машинуудаар  ойролцоогоор 40-өөд км-ээс чулуу  зөөлгөж, дээр нь багагүй мөнгө зарж тэрхүү овоог барьсан байна.  Нэгдүгээрт, төрийн тусгай хамгаалалттай дархан цаазат газар дахь хамгаалалтын горим яав. Хоёрт, нэгэнт овоо байгаагүй газар   чулуу зөөж  шинээр  төвд маягийн овоо сүндэрлүүлэх нь  зөв үү. Уг нь төр  мөнгөө зөв зүйлд зарцуулмаар.  40 гаруй км-ээс чулуу татаж овоо босгоход хүний  хөдөлмөр, хөлс хүч  багагүй зарсан байх. Монголчууд овоо босгохдоо чулуун дээр нь хөлсөө дусаах, хараалын үг хэлэхийг цээрлэдэг, тэгж чадсан болов уу. Нөгөөтэйгүүр, чулууг байрнаас нь ховхолж, машинаар зөөхөд байгаль орчин талхлагдаагүй гэж үү.

БУРХАН ХАЛДУНД “ТАВТАЙ МОРИЛ” БИШ “ҮҮНЭЭС ЦААШ БҮҮ НЭВТЭР” ГЭСЭН ХОРИГ ХЭРЭГТЭЙ

Өнгөрсөн жил ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл  мориор Бурхан Халдунд аялж,  газар үзэж яваа гэнэ. “ТАВТАЙ МОРИЛНО УУ” гэсэн бичигтэй хаалга  хийж,  Аялал жуулчлалын бааз байгуулах  гэнэ.  Нутгийн иргэдийн морийг өндөр үнээр хөлслүүлж хэнтийчүүдийг  “Ажилтай, орлоготой Монгол хүн” болгох юм гэнэ гэсэн яриа багагүй шуугиан тарьсан. Гэтэл саяхнаас тэнд үнэхээр “Тавтай морил” гэсэн хаалга босгож, аялагчдын бааз, түр байр  гэх нэрээр байшин барьсан сураг чих дэлсэх болов. Гэтэл нөгөө  тэнд оршиж буй  Монголын алтан ургийн хаадын алтан шарил  оршиж буй “Их Хориг” – ийн газар руу  буюу “Босго тэнгэрийн даваанаас цааш бусдыг бүү алхуул”  гэсэн их хааны захиас  яах болж байна. Байшин, сав барихад байгаль орчин хэрхэн сүйдэв. Угтаа тэнд “Тавтай морил” биш “Босго тэнгэрийн даваанаас цааш бүү алх” гэсэн хоригийг бичиж өлгөх учиртай  биш үү. Өөрөөр хэлбэл, тэнд хэнбугай ч морилж болох боловч бас хэн ч халдашгүй байх “Их хориг” байх л учиртай.

Хуш моддыг огтолж, төвд маягийн чулуун овоо босгожээ

Бид мөнгө олохын тулд элдэв ажил санаачилж болно. Ихэсийг тавьсан “Их хориг”, хаадын булш бунхан, эцэг өвгөдийгөө тавьсан газрыг амар тайван байлгах ёстой гэсэн монгол ёс уламжлал маань Ц.Оюунгэрэл сайдын үед ийнхүү нүд аних учиртай гэж үү. Ингэж хэлэхийн учир нь эрхэм сайд өнгөрсөн зун Хан Хэнтийд очихдоо Бурхан Халдуныг ЮНЕСКО-д бүртгүүлэхийн тулд тэндээс ирсэн хүмүүст “Бурхан Халдунд эмэгтэй хүн гарч болдоггүй гэж бүү хэл”, “Их хоригоос цааш харийн  хүн нэвтэрч болохгүй гэж ярьж болохгүй. Учир нь жендерийн асуудал үүснэ”  гэсэн зөвлөгөө өгч явсан байх юм. Тэр нь бас “Та Америкийн даалгаврыг биелүүлээд байна уу” гэх эсэргүүцэлтэй ч учирсан гэх. Тэгэхээр Чингис хааны үеэс тэгж зарлигдсан байхад бид ЮНЕСКО-д бүртгүүлэхийн тулд тэгж жүжиглэх гэж үү гэсэн асуулт гарна.